Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Европын орнууд Ирантай харилцаагаа хадгалж үлдэх хүсэлтэй байна

  Б.Оюун 2018-05-25 706

Тэгвэл Ираны цөмийн хөтөлбөрийг аврах, авч үлдэх асуудлыг Германы Холбооны канцлер Ангела Меркель мөн санаа тавин хэлэлцжээ. Ангела Меркель пүрэв гарагт манай урд хөрш Хятад улсад ажлын айлчлал хийхээр очиж, Ираны цөмийн асуудлаарх олон улсын гэрээнд нэгдэгч тал болох Хятадын талтай Америк гэрээнээс нэг талт байдлаар гарах шийдвэр гаргаж, Тегераны эсрэг хоригоо чангатгахаар болсныг хэлэлцсэн байна. 

Германы Холбооны канцлер Хятадад хоёр улсын харилцааны талаар хэлэлцэх зорилгоор айлчлал хийхээр ирсэн хэдий ч уулзалтын анхаарал татсан гол сэдэв нь олон улсад өрнөж байгаа сүүлийн үеийн үйл явдлаас шалтгаалан Ираны асуудал 1-рт тавигджээ.

АНУ-ын ерөнхийлөгч улсынхаа өмнөх төрийн тэргүүн Барак Обамагийн үед баталж, нэгдсэн олон улсын томоохон гэрээ хэлцэл болох Ираны цөмийн асуудлаарх гэрээнээс гарахаар шийдвэрлэсэн нь олон улсын анхаарлыг татаж, гэрээний цаашдын хувь заяаг тодорхойгүй болгосон юм.

АНУ, Ирантай байгуулсан гэрээнээс гарч, эдийн засгийн хоригоо сэргээн, чангатгахаар болсон нь Ирантай ажил хэрэг явуулж байгаа Европын компаниудын эрх ашигт сөргөөр нөлөөлж болзошгүй гэж Ангела Меркель болгоомжилж байна.

Меркель Бээжин хотноо энэ талаар хийсэн мэдэгдэлдээ: -Бид Иран улстай байгуулсан аливаа гэрээ, ажил хэрэгч хамтын ажиллагааг орхихыг хүсэхгүй байна. Ираны талтай байгуулсан олон улсын гэрээ төгс төгөлдөр болоогүй байж болох ч Иран болон энхийн зургаагийн олон жилийн хүчин чармайлт гаргаж байгуулсан гэрээг орлох илүү санал бидэнд одоогоор байхгүй байна. Тиймээс бидний хувьд өнөөдөр Ирантай 2015 онд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр байлгаж, цаашид дагаж мөрдөх нь хамгийн зөв зүйтэй алхам байх нь дамжиггүй гэсэн байна.

Тэгвэл энэ бүхэн ямар цэнээр олдож, ямар үнэ цэнээр гэрээг хадгалж үлдэж чадах вэ? гэсэн асуулт урган гарч ирж байна.

Ираны эрх баригчид Европчуудаас энэ үг, энэ байр сууриндаа амлалт өгч, баталгаа гаргаж чадах эсэхийг нь асууж байгаа юм.

Ираны шашны тэргүүн аятолла Али Хаменеи энэ талаар мэдэгдэл хийж, Ирантай байгуулсан гэрээг хадгалж үлдэхийн төлөө байр суурьтай байгаа Европын орнуудыг дэмжиж байгаа ч цаашид урваж шарвахгүй гэсэн баталгаа гаргаж өгөхийг шаардаж байна.

Ираны тал ЕХ-ны улс орнуудад хандан хэд хэдэн нөхцөл шаардлага тавьж, Америкийн гаргасан шийдвэр, хоригоос үл хамааран цаашид Тегерантай харилцаагаа хадгалж үлдэнэ гэсэн баталгаа хүсч байгаа нь зүйн хэрэг юм.

Тиймээс Ираны тал Европын орнуудад хандан Ираны нефтийг Европ руу ямар ч саадгүй асуудалгүй нийлүүлэх, мөн Европ болон Ираны банкуудын хооронд шууд мөнгөн гуйвуулгыг чөлөөтэй, аюулгүй хийх баталгаа гаргаж өгөхийг хүсч байна.

Хаменеи эдгээр шаардлагуудыг тавихдаа ЕХ, ажил дээрээ, амьдрал дээрээ өөрсдийн байр суурийг нотлон харуулж, баталгаа гаргаж өгөх нь чухал байгааг тэмдэглэжээ.

2015 онд Иран улс болон олон улсын энхийн зургаагийн хооронд байгуулсан гэрээний дараа 2016 оноос эхлэн дэлхийн улс орнууд Ираны эсрэг хоригоо сулруулж, цуцалж эхэлснээс хойш Исламын улс орон нефтийн олборлолтоо хоногт 1 сая баррелиар нэмэгдүүлж, Европын компаниуд Иранд үйл ажиллагаагаа нээж, хамтын ажиллагаагаа тэлж эхэлсэн юм. Гэвч АНУ, олон улсын гэрээнээс нэг талт байдлаар гарахаа мэдэгдэж, эдийн засгийн хоригоо сэргээхээр шийдвэрлэсэн нь Ираны нефтийн дэлхийн зах зээлд эзлэх хувь хэмжээг эргээд бууруулж болзошгүй байна.   

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын 8-нд шийдвэр гаргаж, Ираны цөмийн хөтөлбөрийн дагуух олон улсын гэрээнээс гарах шийдвэр гаргасан юм. Тэгвэл гэрээнд нэгдэгч бусад улс орнууд болох Европын гурвал, мөн Хятад Оросын талууд гэрээг цаашид хүчин төгөлдөр хэвээр мөрдөх болно гэдгээ мэдэгдэж байгаа юм. Гэхдээ Европын гурвал буюу Их Британи, Франц, Германы хувьд талууд гэрээнд нэгдсэн хэвээр байж, цаашид Ираны талтай хамтарна гэсэн амлалтаасаа хэзээ ч татгалзаж болзошгүй гэж Тегераны тал болгоомжилж байгаагаа нуухгүй байна. Учир нь Америкийн талын нөлөө Европын орнуудыг байр сууринаас нь ганхуулж болзошгүй гэж үзэж байгаа юм.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан