Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Трамп, Ким нарын уулзалт АМЖИЛТТАЙ БОЛОВ

  М.Даваадулам 2018-06-12 1871

   АНУ, БНАСАУ-ЫН ТҮҮХЭН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ ТОВЛОСОН ЁСООР ӨНӨӨДӨР ӨГЛӨӨ 9 ЦАГТ ЭХЭЛЛЭЭ

     Хоёр орны лидер уулзалтад 45 минут товлосон. Уулзалт 38 минут орчим үргэлжилсэн юм. Түүхэн дээд хэмжээний уулзалтаар Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох асуудлыг хэлэлцэх товтой байсан. Уулзалтын үр дүн урьдчилсан хүлээлтэнд хүрсэн гэж хэлж болно. Учир нь уулзалтын дүнд хоёр улсын лидер үр дүнгийн хамтарсан баримт бичигт гарын үсэг зурсан. Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгож, хариуд нь аюулгүй байдлыг хангах үүргийг АНУ-ын тал хүлээлээ.

УУЛЗАЛТЫН ЭХЭНД ХОЁР ЛИДЕР ГАР БАРЬЖ, МЭНДЧИЛСЭН ЮМ

    12 секундын туршид харилцан гар барьж, инээмсэглэн, дараагаар нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ким Жөн Уны мөрөн дээр хэдэнтээ цохисон юм. Хоёр орны лидер уулзалтаас өмнө хэвлэлийнхэнд хандан мэдэгдэл хийж, уулзалт амжилттай болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

    Уулзалтын эхний хором мөчөөс л Ким Жөн Уны санаа тодорхой болж, уулзалт амжилтад хүрэх эсэх хамаарна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нэг бус удаа мэдэгдсэн. Хоёр лидер уулзаж, дараа нь өргөтгөсөн хуралдаанд шилжсэнээс харахад уулзалт хүссэн үр дүнд хүрч магадгүй, одоогоор санал зөрөлдсөн зүйл гараагүй нь тодорхой байна гэж шинжээчид уулзалтын үеэр дүгнэж байсан.

АНУ, БНАСАУ-ЫН ЛИДЕРИЙН УУЛЗАЛТ 09 ЦАГ 05 МИНУТАД ЭХЭЛСЭН

    Хаалттай хаалганы цаана явагдсан. Зөвхөн орчуулагчид байлцсан.

  ОНЫ ӨМНӨ ХАРИЛЦАН ХАТУУ ҮГ ШИДЭЛЦЭЖ БАЙСАН ХОЁР ЛИДЕР ӨНӨӨДӨР ИНЭЭМСЭГЛЭН УУЛЗАЖ, ГАР БАРИН, ХАМТАРСАН БАРИМТ БИЧИГ ҮЗЭГЛЭЛЭЭ

   Олон удаагийн дипломат уулзалт хэлэлцээр, БНСУ болон БНХАУ зэрэг гуравдагч орны зуучлал зэргийн дүнд АНУ, БНАСАУ түүхэндээ анх удаа дээд хэмжээний уулзалт хийхээр болсон юм. Гэхдээ БНАСАУ зарим нэгэн шалгуурыг хангасны үндсэн дээр өнөөдрийн уулзалт болсон. Тагнуулын үйл ажиллагаа явуулсан хэргээр хорьж байсан Америкийн иргэдийг суллаж, Пунгери дахь цөмийн полигоноо ч хаасан.

АНУ-ын хувьд Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох нь Вашингтоны зорилго, мөн БНСУ, АНУ-ын зэвсэгт хүчний хамтарсан сургалт явуулахыг Пхеньянаар зөвшөөрүүлэх зорилготой байсан. Эдгээрийг зөвшөөрсөн нөхцөлд БНАСАУ-тай уулзалт хэлэлцээр эхлүүлэхэд бэлэн гэсэн нөхцөл тавьсан.

Хариуд нь Пхеньян АНУ-ын зүгээс хориг арга хэмжээгээ “зөөлрүүлэх”, цаашид бүрэн цуцлах, мөн аюулгүй байдлын баталгаа “хүлээж” байгаа юм. Олон улсын хориг арга хэмжээний улмаас БНАСАУ-ын эдийн засгийн хүндхэн сорилтуудтай нүүр тулж байгаа юм.

Яагаад Сингапурыг уулзалтын цэгээрээ сонгосон бэ?

Тус хот-улс төвийг баримтлагч. Өрнийн ч, Дорнын ч орнуудтай ажил хэрэгч харилцаатай. Ким Жөн Уны хувьд “найрсаг, сөргөлдөгч бус газар нутаг” гэж шинжээчид онцолсон.

  Мөн Америкийн цэргийн хүчний ачаар Сингапур Трампын аюулгүй байдлыг хангах бүрэн боломж бүрдсэн юм.

ХАРИН УУЛЗАЛТ ТАНСАГ ЗЭРЭГЛЭЛИЙН ЗОЧИД БУУДАЛ, НАРАН ШАРЛАГЫН ГАЗАР, ТОГЛООМЫН ТӨВҮҮДЭЭРЭЭ АЛДАРТАЙ СИНГАПУРЫН СЕНТОЗА АРЛЫН CAPELLA ЗОЧИД БУУДАЛД БОЛСОН ЮМ

  Уулзалт үнэхээр “түүхэн” чухал ач холбогдол бүхий үйл явдал болсон бөгөөд таамаглаж байснаас ч амжилттай боллоо гэдгийг уулзалтын дараа хоёр орны лидер тэмдэглэлээ. Уулзалтын дүнд хамтарсан баримт бичиг үзэглэж, түүнийгээ бүрэн дүүрэн, цаг алдалгүй хэрэгжүүлэх үүргийг хоёр улс хүлээж байгааг тодотгосон юм.

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп амласан ёсоор үдээс хойш 16 цагт уулзалтын үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ. Тэрээр хоёр улсын түүхэн дээд хэмжээний уулзалт маш үр дүнтэй болсон гэдгийг тэмдэглэсэн юм. Үүнээс гадна АНУ-аас Умард Солонгос улсад тавьсан хоригийг хэвээр үлдээсэн гэлээ. Гэхдээ Умард Солонгос улс Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулсан цагт хоригоо цуцлах боломжтой тэмдэглэлээ. Үүнээс гадна, Трамп, Ким нар хүний эрхийн асуудлыг хэлэлцсэн байна.

  Хоёр талын уулзалт үр дүнтэй, ажил хэрэгч болсныг тэмдэглээд бүс нутгийн удирдагчид тэр дундаа БНХАУ-д талархаж байгаагаа Доналд Трамп Ерөнхийлөгч тэмдэглэсэн юм.

АНУ, ХОЙД СОЛОНГОСЫН ТҮҮХЭН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТЫН ҮР ДҮНД ХОЁР ТАЛ ХАМТАРСАН БАРИМТ БИЧИГТ ДӨРВӨН ЗҮЙЛИЙГ ТОДОТГОЖЭЭ

Үүнд:

  • Хоёр улсын ард түмний хүсэл, сонирхолтой холбогдуулан АНУ – БНАСАУ шинэ харилцаа бий болгоно.
  • Солонгосын хойгт БНАСАУ болон АНУ энх тайван замаар тогтвортой байдал цогцлооно
  • Энэ оны 4-р сарын 27-нд Панмунжомд баталсан тогтоолын дагуу Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгоно.
  • 1950-1953 оны Солонгосын дайнд үрэгдсэн, сураггүй алга болсон АНУ-ын цэргүүдийг хайх ажиллагааг эхлүүлнэ гэжээ.

Үүнээс гадна, тэрбээр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Интэй өнөөдрийн түүхэн уулзалтын үр дүнг ойрын хугацаанд хэлэлцэнэ гэсэн юм. Мөн АНУ болон Умард Солонгос улс харилцан элчин сайдуудаа тун удахгүй солилцоно гэж Цагаан ордны тэргүүн уулзалтын дараа хийлгэсэн хэвлэлийн хурал дээр тэмдэглэлээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан