Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Каспийн байгалийн хий “Европт” дөхөж байна

  М.Даваадулам 2018-06-13 1105

КАСПИЙН ТЭНГИСИЙН БАЙГАЛИЙН ХИЙ ЕВРОПТ “ДӨХӨЖ” БАЙНА.

 Азербайжан, Турк улсын байгуулж байгаа байгалийн хийн хоолой ашиглалтад ороход дөхжээ. Нийт 40 тэрбум ам.долларын өртөг бүхий “Өмнөд байгалийн хийн коридор” төслийн хүрээнд барьж байгаа байгалийн хийн хоолойн төвийн хэсгийг өчигдөр ашиглалтад орууллаа. Одоо Итали хүртэл 1,000 км орчим урттай байгалийн хий үргэлжлүүлэн барих үлдэж байна. 2020 он гэхэд байгалийн хийн хоолой Азербайжанаас Италид хүрэх гэнэ. Өчигдөр ашиглалтад оруулсан Транс-Анатолийн байгалийн хийн хоолойгоор ирэх оноос эхлэн байгалийн хий тээвэрлэнэ гэдгийг Туркийн Ерөнхий сайд Режеп Таийп Эрдоган мэдэгдлээ.

  Оросын “Газпром” компани ЕХ-ны гишүүн 28-нд орны байгалийн хийн хэрэглээний 40%-ийг дангаар нийлүүлдэг. “Өмнөд байгалийн хийн коридор” гэх төсөл “Газпром” компанийн хувьд гол өрсөлдөгч болох нь мэдээж. Тэгвэл Транс-Анатолийн байгалийн хийн хоолойг 6-р сарын 12-нд буюу Оросын Үндсэн хууль баталсан өдрөөр ашиглалтад оруулж байгааг ч шинжээчид онцолж байна. ЕХ Оросын байгалийн хийн нийлүүлэлтээс хамааралтай байдлыг бууруулах энэ төслийг буурал тив бүх л талаар, зээл, хөнгөлөлт олгож, харин АНУ улс төрийн түвшинд лоббидож байна гэж Оросын хэвлэлүүд ч дамжуулж байгаа юм.

2017 ОНЫ БАЙДЛААР ЕХ:

  • 490 тэрбум куб метр байгалийн хий – хэрэглэжээ
  • 130 тэрбум куб метр байгалийн хий – олборложээ
  • 360 тэрбум куб метр байгалийн хий – импортолжээ.

Нийт байгалийн хийн импортын 43%-ийг ОХУ, 34%-ийг Норвеги, 10%-ийг Алжир, Ливи улс нийлүүлсэн байна.

Тэгвэл тун удахгүй нийлүүлэгчдийн жагсаалтад шинэ тоглогч орж ирнэ.

 Үүний эхлэлийг өчигдөр Туркийн Эскишехир хотод тавилаа. Турк улсын Ерөнхийлөгч Режеп Таиип Эрдоган, Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев, Украины төрийн тэргүүн Петр Порошенко нар оролцлоо.

Азербайжан улс Турк улсаар дамжуулан Болгар, Румынд байгалийн хий нийлүүлэх цагт Украин улс ч Оросоос “царай алдалгүй” Азербайжаны байгалийн хий “авна” гэдэгтээ найдаж байна.

Транс-Анатолийн байгалийн хийн хоолой буюу ТАНАП-ийг Оросын үндэсний өдрөөр нээсэн нь учиртай. Шинэ байгалийн хийн хоолойн өрсөлдөгч орон ОХУ. Энэ үеэр Оросын “Газпром” компани ч мөн Европ руу 25 сая ам.долларын өртөг бүхий хоёр ч байгалийн хийн хоолой барьж байна. Ингэснээр Украиныг дамжуулан буурал тив рүү нийлүүлэх байгалийн хийн хэмжээг бууруулах юм.

 “Газпром” компани “Умард урсгал – 2” болон “Туркийн урсгал” гэсэн нийт жилд 70 тэрбум куб метр байгалийн хий нийлүүлэх хүчин чадал бүхий хоёр ч байгалийн хийн хоолой барьж байгаа. Одоо Украинаар жилдээ 90 тэрбум куб метр  байгалийн хийн дамжуулан Европ руу нийлүүлж байгаа. Шинэ хоёр хоолой ашиглалтад орсноор энэ тоо жилд 10-15 тэрбум куб метрээр буурна.

ТАНАП буюу Транс-Анатолийн байгалийн хийн хоолой нь Азербайжаны байгалийн хийг Европ руу тээвэрлэх “Өмнөд байгалийн хийн коридор”-ын бүрэлдэхүүн хэсэг. Нийт 1 мянга 850 км урттай. Гүрж, Туркийн хилээс Турк, Грекийн хилийн бүс хүртэл Туркийн газар нутгаар үргэлжилнэ.

TANAP gas pipeline зурган илэрцүүд

Эхний жилд Турк улсад 2 тэрбум куб метр байгалийн хий, хоёр дахь жилд – 4 тэрбум, гурав дахь жилд – 6 тэрбум куб метр байгалийн хий нийлүүлнэ.

Байгалийн хийн хоолой жилдээ 16 тэрбум куб метр байгалийн хий дамжуулах хүчин чадалтай байх бөгөөд үүнээс 6 тэрбум куб метрийг Турк улсад, үлдсэн 10 тэрбум куб метрийг цааш Европын өмнөд хэсгийн улсууд руу Транс-Адриатын байгалийн хийн хоолойгоор тээвэрлэн хүргэнэ. Европ руу 2020 оноос эхлэн байгалийн хий нийлүүлэхээр товлоод байна.

“Өмнөд байгалийн хийн коридор” төсөл Өмнөд Кавказын байгалийн хийн хоолой, Транс-Анатолийн хоолой болон Транс-Адриатын хоолойг нэгтгэж байгаа. Нийт 42 тэрбум ам.долларын өртөг бүхий төсөл юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө