Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Пуужин эсэргүүцэх төхөөрөмжөө хураахыг Вьетнам Хятад улсаас шаардав

  М.Даваадулам 2018-06-16 2082

   БНХАУ, ВЬЕТНАМ УЛСЫН ДАЛАЙ ТЭНГИСИЙН БҮС НУТГИЙН МАРГААН ДАХИН ХУРЦАДЛАА

   Өмнөд Хятадын тэнгис дэх хоёр улсын маргаантай газар нутагт хиймэл арал байгуулж, цэргийн тоног төхөөрөмж барьж байгааг Ханой эсэргүүцэж байна. Энэ удаад маргаантай арлаас пуужин эсэргүүцэх төхөөрөмжүүдээ хураах шаардлагыг Вьетнам улс Хятадын талд хүргүүллээ.

   Өмнөд Хятадын тэнгис буюу Вьетнамчуудын нэрлэдгээр Дорнын тэнгист байрлах Параселийн арлууд дээр байрлуулсан цэрэг, батлан хамгаалахын зориулалт бүхий тоног төхөөрөмжөө хураах шаардлагыг Вьетнам улс Бээжинд хүргүүлж байна. Мөн Параселийн арлуудад нэг талт аливаа үйл ажиллагаа явуулахгүй байхыг хүсэв. Энэ асуудлаар баасан гарагт Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын Гадаад хэргийн яамны Хэвлэл мэдээлэл хариуцсан дарга Ле Тхи Тху Ханг мэдэгдлээ.

   Параселийн буюу Вьетнамчуудын нэрлэдгээр “Хоангша” бүлэг арлуудад багтдаг Вуди арал дээр БНХАУ пуужин эсэргүүцэх төхөөрөмж байрлуулж байгаа болохыг баталсан сансрын хиймэл дагуулын зургуудыг энэ долоо хоногийн эхээр CNN агентлаг дэлгэсэн юм.

   Хоангша бүлэг арлаас яаралтай пуужин эсэргүүцэх төхөөрөмжүүдээ хураах, цаашлаад Вьетнам улсын тусгаар тогтносон байдлыг “ганхуулах” алхам хийхгүй байхыг Вьетнамын Гадаад хэргийн яамнаас мэдэгдлээ. Хоангша бүлэг арал болон зэргэлдээ байрлах Чыонгша буюу олон улсад “Спратли” гэж нэрлэдэг арлууд нь Вьетнамынх  мөн, түүхийн баримт нотолгоо, хууль эрхзүйн хангалттай үндэслэл бий гэдгийг Вьетнамын дипломатч онцолсон юм.

           БНХАУ: ӨМНӨД ХЯТАДЫН ТЭНГИС 230 ТЭРБУМ БАРРЕЛЬ ГАЗРЫН ТОСНЫ НӨӨЦТЭЙ

 Байгалийн дундаршгүй их баялагтай Өмнөд Хятадын тэнгис нь Зүүн Өмнөд Ази дахь стратегийн чухал ач холбогдол бүхий газар. Энд байгалийн хий, газрын тосны ашиглагдаагүй асар их нөөц бий гэж үздэг. Мөн загас агнуур эрхлэгчдийн “диваажин” гэж нэрлэгддэг хэд хэдэн бүс энд бий. Өмнөд Хятадын тэнгис дэх хүн аж төрдөггүй, хад асга ихтэй хэдэн жижиг арлыг байгалийн баялгаас нь болж Хятад, Вьетнам, Филиппин, Малайз, Бруней зэрэг улс орнууд эдгээр арлыг булаалддаг.

   Олон улсын далай тэнгисийн хуулийн дагуу Хятад улс Өмнөд Хятадын тэнгисийн өмнөд хэсгийг эзэмшдэг. Тодруулбал, дотор нь зааглан хуваасан тэнгисийн таван бүс Хятадын эзэмшил юм. Харин өөр бусад 30 орчим бүс Вьетнамын эзэмшил гэж олон улс үздэг байна. Харин Хятадын Засгийн газар тэнгисийн газар нутгийн хойд хэсгийг өөрийн эзэмшлийнх гэж үздэг нь 1974 онд Хятад болон тухайн үеийн Өмнөд Вьетнам улсын дунд болсон далай тэнгисийн мөргөлдөөнэй холбоотой. Багахан хэмжээний энэ дайнд Вьетнамчууд ялагдал хүлээсэн ч, тэнгисийн хойд хэсгийн газар нутгийг өнөөдрийг хүртэл өөрийн улсын эзэмшлийнх гэж үзсээр байна. Вьетнам улс энэ маргааныг дипломат аргаар шийдвэрлэхээр,  хэд хэдэн удаа Хятадын талтай хэлэлцээр эхлүүлж байжээ. 2011 онд  болон өнгөрсөн оны сүүлчээр Хятадтай зөвшилцөлд, харилцан гал нээхгүй гэрээ хүртэл байгуулжээ.  

Өмнөд Хятадын тэнгис нь Индостаны хойг, Тайванийн арал, Филиппины Лусон, Палаван болон Калимантан арлуудын хооронд байрладаг. Тус тэнгист нийт дөрвөн бүлэг арал бий. Үүнд:

- Пратас буюу Хятадын нэрлэж заншсанаар Дунша Цюньдао арал,

- Параселийн бүлэг арал буюу Хятадуудын нэрлэдгээр Сиша цюньдао, Вьетнамуудын нэрлэдгээр Хоангша,

- Спратли бүлэг арал буюу Хятадуудын нэрлэдгээр Наньша цюньдао, Филиппинээр Каяана, Вьетнамаар Чыонгша гэх арлууд,

- мөн Мэкклсфилд болон Скарборо шүрэн арал буюу Хятадуудын нэрлэж заншсанаар Хуанъянь арал тус тус багтдаг байна.

   Өмнөд Хятадын тэнгисийн далайн усаар, мөн Малаккагийн хоолойгоор хийх худалдаа дэлхийн худалдааны 40 хувийг эзэлдэг. Мөн Хятад улсын импортын газрын тос, байгалийн хийн 80 хувийг энэ далайн усаар тээвэрлэдэг байна. 1970-аад оны эхээр Өмнөд Хятадын тэнгисийн арлуудын эргэн тойронд далайн уснаа нүүрс ус төрөгчийн асар их нөөц бий гэж тогтоожээ. АНУ-ын Геологийн алба 11 тэрбум баррель газрын тос, 5,9 их наяд шоо метр байгалийн хийн нөөцтэй гэж урьдчилан тооцоолсон байна. Харин Хятадын эрдэмтэд 230 тэрбум газрын тос, 16 их наяд шоо метр байгалийн хийн нөөцтэй гэж тогтоосон байдаг.

China building on disputed Spratly Islands reefs зурган илэрцүүд

          ХЯТАД, ВЬЕТНАМЫН ГАЗАР НУТГИЙН МАРГААН 1974 ОНД ЭХЭЛЖЭЭ

   Хятад, Вьетнамын газар нутгийн маргаан 1974 онд эхэлжээ. Хятадууд Параселийн арлуудыг булаан эзлэхээр цэргийн ажиллагаа явуулж, улмаар Вьетнамын 70 цэргийн аминд хүрчээ. 1988 онд дахин талуудын хооронд мөргөлдөөн болж, энэ удаад Вьетнам улс 60 далайчнаа алджээ. Үүнээс хойш нам жим байсан хоёр талын газар нутгийн маргаан 10 гаруй жилийн дараа дахин хурцадсан юм.

   Хятад, Вьетнамын газар нутгийн маргаанаас үүдсэн мөргөлдөөнд Филиппин болон Малайзийн зэвсэгт хүчин ч оролцож байжээ. Филиппины эрх баригчид Спратли арлуудад цэргийн хүчнээ төвлөрүүлж байгаад Хятадын эрх баригчдыг буруутгаж байсан удаатай. 2012 оны эхээр Филиппин болон Хятад улсууд Скарборо Шол арлууд руу халдсанд харилцан бие биенээ буруутгаж байсан юм. 2012 оны 7-р сард Хятад улс Параселийн арлууд дахь өөрийн эзэмшлийн газар нутгийг хянах зорилгоор Санша хотыг байгуулсан нь Вьетнам болон Филиппины дургүйцлийг хүргэсэн. Түүнчлэн Хятад улс Өмнөд Хятадын тэнгис дэх газар нутгийн маргаантай бүс нутгийг өөрийн улсынх гэж газрын зураг дээр тэмдэглэн, улмаар энэ газрын зургаа гадаад паспортон дээрээ хэвлэснээр, энэхүү паспорттой иргэдийг Вьетнам улс өөрийн газар нутаг руу оруулахаас татгалзаж байсан удаатай. 2013 оны 1-р сард Манила Бээжинг НҮБ-ын Далай тэнгисийн эрх зүйн асуудлаарх конвенцийг дагаж мөрдөхийг шаардаж, газар нутгийн маргаантай арлууд руу халдахгүй байхыг хүсчээ. Хамгийн сүүлд 2014 оны 5-р сард буюу энэ сарын эхээр Параселийн арлуудын эрэг дагуу Хятадын нефтийн компани олборлолт явуулснаар, Вьетнам болон Хятадын хөлөг онгоцнууд мөргөлдөж, талууд эсэргүүцлээ илэрхийлсэн юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө