Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Ким Жөн Ун Бээжинд айлчилж байна

  М.Даваадулам 2018-06-19 1061

БНАСАУ-ЫН УДИРДАГЧ КИМ ЖӨН УН ӨНӨӨДӨР БЭЭЖИНД АЙЛЧИЛЖ БАЙНА

Орон нутгийн цагаар өглөөний 10 цагийн үед Бээжинд хөл тавьж, БНХАУ-ын Засгийн газрын ордныг шууд зорьжээ.

   Японы NHK телевизийн мэдээлснээр, Ким Жөн Ун удирдагчийн сууж явсан Air Koryo агаарын тээврийн компанийн онгоц Бээжингийн нисэх буудалд газарджээ. Ким Жөн Уны хувийн нисэх онгоц болох ИЛ-62 онгоцны тухай ярьж байгаа юм. Өнөөдөр мөн БНАСАУ-ын албаны төлөөлөгчдийн сууж явсан АН-148 онгоц, мөн Сингапурын уулзалтад зориулан Ким Жөн Ун удирдагчийн автомашиныг тээвэрлэн хүргэсэн ИЛ-76 онгоц ч Бээжингийн нисэх буудалд газарджээ.

   БНАСАУ-ын лидер БНХАУ-д ээлжит айлчлал хийж байгаа мэдээлэлтэй холбогдуулан Японы Засгийн газраас мэдээлэл хийлээ. Япон улсын Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга: “Бид Умард Солонгосыг тойрсон үйл явдлыг сайтар ажиглаж байгаа, шаардлагатай бүх л мэдээллийг цуглуулж байгаа” гэв.

  БНХАУ-ын Төв телевиз Ким Жөн Ун удирдагчийн айлчлал энэ сарын 19-20-ны өдрүүдэд үргэлжилнэ гэж мэдээлсэн. Айлчлалын хүрээнд БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж, Солонгосын хойгийн нөхцөл байдал, хэд хоногийн өмнө болсон АНУ, БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалтын талаар хэлэлцэх хүлээлттэй байна. БНХАУ, БНАСАУ-ын лидерүүд 2018 он гарсаар гурав дахь удаагаа ийнхүү уулзаж байна.

3-р сарын 25-28-ны өдрүүдэд Ким Жөн Ун удирдагч гэргийн хамт Бээжинд албан бус айлчлал хийсэн. Энэ нь 2011 онд эцгийгээ таалал төгссөний дараа Умард Солонгосын удирдагчийн суудалд суусан Ким Жөн Уны хувьд анхны гадаад айлчлал болсон. Мөн 5-р сарын 7-8-ы өдрүүдэд Ким Жөн Ун удирдагч Хятад улсад айлчилж, Ши Жиньпин даргатай уулзсан юм.

Энэ сарын 12-ны өдөр Сингапурт АНУ, БНАСАУ-ын анхны дээд хэмжээний уулзалт болсон. Уулзалтын дүнд хоёр улсын төрийн тэргүүнүүд хамтарсан баримт бичигт гарын үсэг зурсан. Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох үүргийг Пхеньян хүлээсэн бол Вашингтоны зүгээс хариуд нь аюулгүй байдлын баталгаа өгөхөөр тохиролцсон юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө