Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Тайландад агуйд гацсан дөрвөн хүүхдийг эсэн мэнд аварлаа

  М.Даваадулам 2018-07-09 938

Тайландад агуйд гацсан хүүхдүүдийг аврах ажил ням гарагт эхэллээ. Ням гарагт дөрвөн хүүхдийг эсэн мэнд агуйн гадна гаргасан. Тэдгээр хүүхдүүд одоо эмнэлэгт, эмчийн хяналтад байгаа. Ядарч сульдсан байдалтай байгаа гэлээ. Харин үлдсэн хүүхдүүд болон өсвөрийн хөлбөмбөгийн багийн дасгалжуулагчийг агуйгаас гаргахаар бэлтгэж байна. Нөхцөл байдалтай Тайландын Ерөнхий сайд Прают Чан Оча танилцаж, аврах ажиллагааны үеэр биечлэн байлцах талаар орон нутгийн хэвлэлүүд дамжууллаа.

Агуйд үлдсэн 8 хөвгүүн, дасгалжуулагчийг аврах ажлыг өнөөдөр орон нутгийн цагаар 17:00 цагт эхлүүлнэ. Өнөөдөр хэдэн хүнийг агуйгаас гаргах төлөвлөгөөг одоогоор нууцалж байна. Энэ долоо хоногийн лхагва болон пүрэв гарагт бүс нутагт их хэмжээний бороо орох цаг уурын урьдчилсан төлөв гарчээ. Тиймээс аврах ажиллагааг яаравчилж байна гэж шинжээчид дүгнэлээ.

Өнөөдөр мөн Тайландын Ерөнхий сайд Прают Чан Оча ч аврах ажиллагаатай биечлэн очиж танилцах гэнэ. Тайландын Дотоод хэргийн сайд Анупонг Паочиндын хэлснээр, өнөөдөр өглөө аврагчид хуралдаж, цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөө гаргажээ. Аврах ажиллагаа явуулах хугацааны хувьд бие даан шийдвэр гаргах бүрэн эрхийг аврах багт шилжүүлэн өгсөн байна.

Ням гарагт агуйгаас дөрвөн хүүхдийг гаргах ажиллагаанд нийт 90 гүний шумбагч оролцсон. Агуйн 4 км гүнд байгаа хүүхдүүдэд хүрэх зам саад бартаа ихтэй, мушгирсан нарийн орц гарцтай, хэсэгчлэн усаар дүүрсэн гээд ихээхэн хүндрэлтэйг мэргэжилтнүүд хэлж байгаа. Аварсан дөрвөн хүүхдийн биеийн байдал одоо тогтвортой байгаа гэлээ. Нэг хүүхдийн биеийн байдал хүнд байсан ч, яаралтай эмчилгээ хийсний дүнд, биеийн байдал нь дээрджээ.

Зарим хэвлэлээр аврагдсан 4 хүний нэг нь багийн дасгалжуулагч, 25 настай залуу байгаа гэсэн мэдээлэл цацагдсан. Гэвч энэ мэдээллийг албаны хүмүүс батлаагүй байна. The Nation сонинд нийтэлснээр, агуйгаас аварсан хүүхдүүдийн мэдээллийг ч нууцалж байгаа гэнэ. Агуйн гадна хүлээж байгаа гэр бүлийнхэнд нь энэ талаар мэдээлэл өгөөгүй байна.

6-р сарын 23-ны өдөр Тайландын Үндэсний хүрээлэнгийн ажилтнууд агуйн гадна мотоцикл, унадаг дугуй болон спортын бусад хэрэгсэл байхыг олжээ. Олдсон эд зүйл нь орон нутгийн өсвөрийн хөлбөмбөгийн багийнхны эд зүйлс болох нь тогтоогдсон байна. 11-16 насны 12 хөвгүүн, 25 настай дасгалжуулагчийн хамт алга болсныг өнгөрсөн даваа гарагт Британийн хоёр шумбагч олсон юм. Тэдний алга болсон агуй нь 10 км урттай, орц, гарц олонтой, их борооны үед агуй усаар дүүрдэг байна.  

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө