Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Путин, Трамп нарын уулзалт 1.5 цаг үргэлжилнэ

  TV5 News 2018-07-16 1057

БЭЛТГЭСЭН: М.ДАВААДУЛАМ

Өнөөдөр Финляндын нийслэл Хельсинки хотод АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нар уулзана. Гурав дахь удаагийн хоёр лидерийн дээд хэмжээний уулзалт нэг цаг хагас үргэлжилнэ гэж Цагаан ордон мэдээллээ. Орон нутгийн цагаар нүүр тулсан уулзалт 13 цаг 20 минутад буюу Монголын цагаар 18 цаг 20 минутад эхлэх юм.

Харин хоёр улсын лидер 16 цаг 50 минутад буюу Монголын цагаар 21 цаг 50 минутад хамтарсан мэдэгдэл хийнэ. Гэхдээ Цагаан ордноос өгсөн цагийн хуваарийн талаарх мэдээлэл ойролцоо, тогтсон мэдээлэл өгөх боломжгүй гэнэ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины туслах Юрий Ушаковын мэдэгдсэнээр, Оросын талаас уулзалтын үргэлжлэх хугацаанд ямар нэгэн хязгаар тогтоогоогүй. Тиймээс хоёр лидерийн уулзалт хэдий хэр хугацаанд үргэлжлэхийг тодорхой хэлэх боломжгүй гэлээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нарын энэ удаагийн уулзалт гурав дахь удаагийнх. Анх 2017 оны 7-р сарын 7-нд ХБНГУ-ын Хамбург хотод “Их20” бүлгийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд хоёр лидер уулзсан. Мөн оны 11-р сард Вьетнамд болсон АПЕК-ийн дээд уулзалтаар хоёр дахиа уулзсан юм.

Мөн Доналд Трамп Цагаан ордны тэргүүний суудалд сууснаас хойшхи нэг жил хагасын хугацаанд Доналд Трамп, Владимир Путин нар хэд хэдэн удаа утсаар ярилцжээ.

Хэдий хоёр улсын төрийн тэргүүн өмнө нь хоёр уулзсан ч, энэ удаагийнх хоёр улсын дээд хэмжээний уулзалт. Тиймээс “түүхэн” гэх тодотгол зүүж байна. Өмнө нь Владимир Путин, Доналд Трамп нар ийм форматаар уулзаж байгаагүй. Вашингтон дээд хэмжээний уулзалт зохион байгуулах санаачилга гаргасныг шинжээчид онцолж байгаагаас гадна хоёр улс харилцан хүндлэл дээр тулгуурлан, зарим асуудлаар харилцан ойлголцолд хүрч магадгүй гэсэн хүлээлт тээж байна.

 Финляндын нийслэл Хельсинки хотын Ерөнхийлөгчийн ордонд хоёр улсын лидерийн уулзалт болно. Ерөнхийлөгчийн ордон нь 1917 оныг хүртэл Оросын хаадын эзэмшил байсан, харин эдүгээ Финляндын Ерөнхийлөгчийн ажлын өргөө юм.

Финлянд улсын нийслэлийг дээд хэмжээний уулзалтын цэгээр шууд сонгоогүй. Австрийн нийслэл Вена хотод Трамп, Путин нар уулзана гэсэн мэдээлэл цацагдаад байсан юм. Харин өнгөрсөн сарын 27-нд АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх Жон Болтон Москвад ажилласны дараа, дээд хэмжээний уулзалтыг Хельсинки хотноо зохион байгуулахаар болсон тухай олонд зарласан.

Энэ шийдвэрийг логистикийн шалтгаантай холбон тайлбарласан. 7-р сарын 15-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нийслэл Москва хотноо Хөлбөмбөгийн ДАШТ-ийн хаалтын ажиллагаанд оролцоно. Москвагаас Хельсинки хүртэл богино хугацаанд очих боломжтой. Мөн Доналд Трамп Ерөнхийлөгчийн хувьд Их Британи дахь айлчлалаа дуусгаад, Хельсинки хүртэл нисэх дөт байна гэсэн тайлбарласан юм.

Энэ удаагийн уулзалт нүүр тулсан уулзалт гэдгээрээ онцлогтой. Зөвлөх, сайд наргүйгээр хоёр лидер уулзана. Мэдээж хоёр лидерийн нүүр тулсан уулзалтын дараа зөвлөх, сайд нарын хамтаар өргөтгөсөн уулзалт хийнэ.

Төвийг сахигч Финлянд улс Зөвлөлтийн болон Оросын, мөн Америкийн лидерүүдийг дээд хэмжээний уулзалт зохион байгуулж байсан туршлагатай. 1975 онд ЗХУ-ын удирдагч Леонид Брежнев, Цагаан ордны тухайн үеийн тэргүүн Жераль Фордтой, 1990 онд Михаил Горбачёв, эцэг Жорж Буш нар, мөн 1997 онд Борис Ельцин, Билл Клинтон нар Финляндад уулзаж байжээ.

 АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нар стратегийн тогтвортой байдлын асуудал хэлэлцэнэ гэж хоёр долоо хоногийн өмнө Цагаан ордон мэдэгдсэн. Сири, Украины асуудлыг ч орхигдуулахгүй гэдгээ Цагаан ордны тэргүүн Доналд Трамп энэ сарын 12-нд Брюссель хотноо НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын төгсгөлд хийлгэсэн хэвлэлийн хурал дээр тэмдэглэсэн.

 Цэргийн зэвсгийн хяналт, тэр дундаа дунд болон ойрын зайн тусгалтай пуужин устгах 1987 оны гэрээг Орос улс нэг бус удаа зөрчиж байгаа талаарх асуудлыг хөндөж магадгүй гэж таамаглаж байна. Цэрэг батлан хамгаалах салбараас гадна эдийн засгийн хоёр талт болон олон талт харилцаа хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэнэ гэж АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Майк Пенс мэдэгдсэн.

Иран улсын цөмийн хөтөлбөрийн асуудлыг ч хөндөж магадгүй. Учир нь дөрөв хоногийн өмнө Иран улсын шашны тэргүүний зөвлөх Али Акбар Велаяти Москвад ажилласан. Тэрээр Исламын улсын удирдлагын захиасыг Оросын Ерөнхийлөгчид дамжуулж, Орос, Иран, Турк гурван улсын тэргүүний уулзалтыг ойрын хугацаанд Тегеран хотноо зохион байгуулах тухай зарласан юм.

Мөн “Хойд урсгал – 2” байгалийн хийн хоолойн асуудлыг ч АНУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай ярилцаж магадгүй гэж шинжээчид харж байна. Учир нь энэ сарын 11-12-ны өдрүүдэд Брюссельд болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтаар Трамп Европчуудыг шүүмжилсэн. Оросын байгалийн хийг худалдан авсаар байгаа мөртлөө, Москвагаас хамгаалахыг Вашингтоноос хүсч байгаа нь уйваагүй үйлдэл гэж тэмдэглэсэн юм.

 Финляндчууд харин Трамп, Путин нарын уулзалтыг эсэргүүцэж байна. Өчигдөр нийслэл Хельсинки хотод олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал боллоо. Хотын төвд болсон жагсаалд 1,500 – 2,500 хүн оролцжээ. Жагсагчдын тал хувийг гадны жуулчид эзэлж байгаа гэсэн мэдээллийг хотын цагдаагийн газар Твиттер хуудсаараа жиргэжээ.

 “Хельсинки дуудаж байна” нэртэй жагсаал хувь хүний эрх эрх чөлөө, ардчилал, даяан дэлхийн энхтайван байдал, цаг уурын өөрчлөлт зэрэгт олны анхаарлыг хандуулах зорилготой юм байна. Жагсаал Кайсаниеми цэцэрлэгт хүрээлэн, Сенатын талбайд болжээ.

Өнөөдрийн дээд хэмжээний уулзалтын үеэр нийслэл Хельсинки хотын төвийн гудамж талбайг хаах юм байна. Мөн айлчлалын цуваа явж өнгөрөх гудамжинд амьдардаг хүмүүсийг цуваа өнгөрөх үеэр гэрийнхээ цонхонд дөхөж очихгүй байхыг анхааруулжээ. Аюулгүйн үүднээс ийм анхааруулга гаргасан байна.

Өнөөдөр мөн Хельсинки хотноо хэд хэдэн эсэргүүцлийн арга хэмжээ болохоор товлогдсон байна. Үндэсний эвслийн залуучуудын жигүүр, Финлянд-Оросын найрамдлын нийгэмлэг, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах байгууллага, Афганистан болон Өмнөд Камеруны иргэдийн эрх ашгийг дээдлэхийг уриалсан гээд 15 тайван жагсаал болох мэдээ байна. Орос-Америкийн дээд хэмжээний уулзалт болж байгаа Хельсинки хотод өнөөдөр нартай, Цельсийн 28 хэмийн дулаан байна.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө