Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Япон улс Европын холбоотой чөлөөт худалдааны гэрээ байгуулав

  TV5 News 2018-07-18 1157

БЭЛТГЭСЭН: М.ДАВААДУЛАМ

Япон улс, Европын холбоо долоон жилийн турш хэлэлцсэний эцэст чөлөөт худалдааны гэрээ байгууллаа. Япон улс ЕХ-ноос импортлох бараа бүтээгдэхүүний 94%-ийг хил гаалийн татвараас чөлөөлнө. Ингэснээр Японы зах зээл дээр худалдаалагдах Европын бүтээгдэхүүний үнэ ч буурна. Харин ЕХ Япон улсаас импортлох бараа бүтээгдэхүүний 99%-ийг татвараас чөлөөлөх юм байна. Япон – ЕХ-ны чөлөөт худалдааны бүс дэлхийн хүн амын арав орчим хувийг, мөн дэлхийн эдийн засгийн гуравны нэгийг хамарна.

Япон – ЕХ-ны дээд хэмжээний уулзалт өнгөрсөн долоо хоногт болохоор товлогдсон. Арлын улсад нүүрлэсэн үерийн гамшгийн улмаас долоо хоногоор хойшлуулсан юм. Японы нийслэл Токио хотноо Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ, Европын зөвлөлийн тэргүүн Доналд Туск, Еврокомиссийн тэргүүн Жан Клод Юнкер нар уулзаж, чөлөөт худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

Шинээр баталсан баримтын дагуу Япон улс Европоос импортлох  хүнсний бүтээгдэхүүнд оногдуулах татварыг юуны түрүүнд тэглэнэ. Харин Европчууд Японоос импортлох автомашин, ахуйн цахилгаан хэрэгсэл зэрэгт оногдуулах татвараа тэглэх гэнэ. Мэдээж, энэ бүхэн гэрээ хэрэгжиж эхэлснээс 6-8 жилийн дараа жигдэрнэ гэж эдийн засагчид харж байна. Харин чөлөөт худалдааны гэрээ ирэх оны 3-р сараас буюу Их Британи улс ЕХ-ны бүрэлдэхүүнээс гарсны дараа хэрэгжиж эхлэх болов уу гэж үзэж байна.

Япон – ЕХ хооронд чөлөөт худалдааны гэрээ байгуулах асуудлыг 2011 онд Японы тухайн үеийн Ерөнхий сайд Наото Кан, Европын холбооны тухайн үеийн тэргүүн Херман Ван Ромпёй нар эхлүүлжээ. Улмаар 2013 оны 4-р сард энэ асуудлаарх анхны хэлэлцээрийг Брюссель, Токио зохион байгуулсан байна. Токиогийн хувьд юуны түрүүнд харьцангуй өндөрт тооцогдох автомашин, цахилгаан хэрэгслийн татвараа хөнгөлүүлэхийг эрмэлзэж байсан юм. Японы автомашинд 10%, цахилгаан хэрэгсэлд ЕХ 14%-ийн импортын татвар оноодог байна.

Чөлөөт худалдааны гэрээнээс Брюссель ч хожно. Гэрээ хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээр Япон руу экспортлох Европын бараа бүтээгдэхүүн 30% нэмэгдэнэ. Тэр дундаа бяслаг, дарс, гахайн мах, гоймон зэрэг хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлт өснө.

Япон, ЕХ-ны худалдааны тэнцэл бараг л адил тэнцүү. Экспорт, импорт тус бүр 8 их наяд иен буюу 27 тэрбум ам.доллартай тэнцэнэ.

Япон улс ЕХ-ноос дийлэнхдээ химийн болон эмийн бүтээгдэхүүн, мөн хүнсний бүтээгдэхүүн худалдан авдаг бол, буурал тив рүү автомашин, автомашины эд хэрэгсэл, цахилгаан хэрэгсэл экспортолдог байна.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө