Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Мария Бутина 15 жилийн хорих ял сонсож магадгүй

  TV5 News 2018-07-19 3980

БЭЛТГЭСЭН: М.ДАВААДУЛАМ

Тагнуулын үйл ажиллагаа эрхэлсэн хэргээр Америкт баривчлагдаад байгаа Оросын иргэн Мария Бутинад 15 жилийн хорих ял оноож магадгүй нь. Тагнуулын ажиллагаа эрхэлсэн хэргээр 10 жил, гэмт хэргийн сэдэлтэй үгсэн хуйвалдаанд оролцсон хэргээр 5 жилийн ял Колумбийн тойргийн прокурор төлөвлөжээ.

Гадны улс орны тагнуулын ажилтан үйл ажиллагаа явуулж буй улсын Хууль зүйн яаманд бүртгэлтэй байх ёстой. Энэ заалтыг зөрчсөний төлөө 10 жилийн хорих ял. Мөн гадны улсын эрх ашгийн төлөө хуйвалдаанд оролцсон. Энэ хэргийн төлөө 5 жилийн хорих ял төлөвлөж байна гэсэн тойргийн прокурор Жесси Льюгийн шийдвэрийг Колумбийн тойргийн шүүхийн мэдээллийн цахим санд байрлуулжээ.

Мария Бутинаг баривчилсан тухай мэдээлэл даваа гарагт олонд ил болсон. Тодруулбал, Финляндын нийслэл Хельсинки хотноо АНУ, ОХУ-ын лидерүүдийн дээд хэмжээний уулзалттай энэ мэдээлэл давхацсан.

АНУ-ын Хууль зүйн яам:  “Мария Бутина нь ОХУ-ын Төв банканд хожим өндөр албан тушаал хаших болсон Оросын Засгийн газрын өндөр албан тушаалтны ашиг сонирхолд нийцүүлэн үйл ажиллагаа явуулж байсан” гэсэн тайлбар хийсэн. Мөн Мария Бутинагийн холбоотой гэх эрхмийг 2018 оны 4-р сард Америкийн Сангийн яам хар жагсаалтандаа багтаасан байна. Тэр нөлөө бүхий эрхэм нь ОХУ-ын Төв банкны дэд захирал Александр Торшин гэх мэдээлэл хожим ил болсон.

Мария Бутинаг шүүх эхний хурал өчигдөр болсон. Богино завсарлагатайгаар хоёр цаг үргэлжилсэн юм. Вашингтоны тойргийн шүүх лхагва гарагт Мария Бутинаг хэргийн мөрдлөг эхлэх хүртэл баривчлах шийдвэр гаргасан. Мөн дараагийн шүүх хурлыг энэ сарын 24-нд товложээ. АНУ дахь ОХУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчид өнөөдөр Мария Бутинатай уулзахаар болсон байна. “Уулзалт, шаардлагатай дэмжлэг туслалцаа үзүүлнэ” гэж албан ёсны твиттер хуудсандаа жиргэжээ.

Бутинагийн хувьд шүүхийн өмнө өөрийгөө гэм буруугүй гэж мэдүүлсэн юм. ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова Бутинаг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын төрийн тэргүүн Доналд Трамп нарын уулзалтын өмнө баривчилсан. Дээд хэмжээний уулзалтын эерэг үр дүнг маш богино хугацаанд сааруулах гэсэн оролдлого гэж харж байгаагаа илэрхийлсэн. Энэ үйл явдлыг харахад Холбооны мөрдөх товчоо улс төрийн захиалгын дагуу ажиллаж байна гэдсэн юм.

Мария Бутина гэж хэн бэ? Тэрээр ОХУ-ын Алтайн хязгаарын төв Барнаул хотод мэндэлсэн, 29 настай. Барнаулын 22-р гимназийг төгссөн. Алтайн хязгаарын улсын их сургуулийн Улс төр судлалын тэнхимийг онц дүнтэйгээр төгссөн. Их сургуульд суралцаж байхдаа Алтайн хязгаарын залуучуудын байгууллагын хэвлэл хариуцсан нарийн бичгээр ажиллаж байсан. 2005-2008 онуудад Барнаулын хотын Думын сонгуулийн кампанит ажилд оролцож байжээ. 2011 онд их сургуулийнхаа докторын сургалтад элссэн байна.

2016 оноос АНУ-д F-1 оюутны визээр амьдарч байгаа. Докторын зэргээ хамгаалсны дараа Вашингтон хот дахь Америкийн их сургуульд элсэж, АНУ дахь нийгэм, улс төрийн хөдөлгөөн сэдвээр олон улсын харилцааны магистрын зэрэг хамгаалжээ.

Мария Бутинагийн хувьд 2015 оны зун Америкийн National Interest сэтгүүлд “Баавгай ба заан” гэсэн Бүгд Найрамдах намын Ерөнхийлөгч Оростой хэрхэн харилцаагаа сэргээх боломжийн талаар нийтлэл хэвлүүлсэн. Үүнийг Оросын хэвлэлүүд ихээхэн иш татах дуртай юм.

Америкийн хэвлэлүүд түүнчлэн Мария Бутинаг Америкийн бууны нийгэмлэгтэй харилцаа холбоо тогтоохыг завдаж байсан ч гэж бичиж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан