Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

БНХАУ, АНЭУ эдийн засгийн хамтарсан бүс байгуулна

  TV5 News 2018-07-20 558

БЭЛТГЭСЭН: М.ДАВААДУЛАМ

БНХАУ, АНЭУ эдийн засгийн хамтарсан бүс байгуулахаар зөвшилцлөө. БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ оны гуравдугаар сард төрийн тэргүүний суудалдаа улиран суусны дараах анхны гадаад айлчлалаа пүрэв гарагт АНЭУ-аас эхлүүлсэн. Урд хөршийн төрийн тэргүүн ийнхүү 29 жилийн дараагаар Абу Дабид хөл тавьж байгаа юм. АНЭУ төдийгүй Ойрхи Дорнодын санхүү, худалдааны төв Дубай хотод хоёр улс шинэ эдийн засгийн бүс байгуулах шийдвэрийг айлчлалын өмнө олонд мэдээллээ. 

АНЭУ-ын томоохон боомтын оператор компани DP World Хятадын Zhejiang China Commodities City Group компанитай Дубайн “Жебель-Али” чөлөөт худалдааны бүсэд “худалдааны зах” байгуулахаар зөвшилцжээ.

Энэ төсөл нь нэг их наяд ам.долларын өртөг бүхий “Нэг бүс, нэг зам” дэд бүтцийн санаачилгын нэг хэсэг болж байгаа юм. Тус санаачилга нь Их торгоны замыг сэргээх. Ингэснээр Европ-Азийн эдийн засгийн нэгдсэн орон зай бий болгоно. Ингэхдээ олон улсыг хэрсэн далайн боомт, автомашин, төмөр замын гээд тээвэр логистикийн сүлжээ байгуулах юм.

АНЭУ – БНХАУ-ын шинэ худалдааны эдийн засгийн бүс гурван хавтгай дөрвөлжин километр талбайд байрлах юм байна. Хүнсний бүтээгдэхүүнээс гоо сайхны бараа бүтээгдэхүүн, барилгын материалаас техник технологи хүртэл өргөн хүрээний бараа, бүтээгдэхүүн энд худалдаална.

Дэлхийн 40 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг DP World компани Хятадын компанитай байгуулсан гэрээний өртгийг нууцалж байна. Мөн хэдий хэр хугацаанд шинэ эдийн засгийн бүс байгуулах талаар ч тодорхой мэдээлэл одоогоор өгөхгүй байгаа юм.

Хятад улс бол АНЭУ-ын худалдааны “түлхүүр” түнш орны нэг. Өнгөрсөн онд газрын тос болон газрын тосны бүтээгдэхүүнээс гаднах худалдаа эргэлт хоёр улс хооронд 15% өсөлт үзүүлж, 53 тэрбум ам.долларт хүрсэн байна. АНЭУ нь БНХАУ-д газрын тос нийлүүлэгч үндсэн 15 орны нэг. Өнгөрсөн онд Абу Даби Бээжинд 4 тэрбум ам.долларын өртөг бүхий газрын тос нийлүүлжээ.

Хоёр улс хооронд 1984 онд дипломат харилцаа тогтоосон. Сүүлийн жилүүдэд АНЭУ, БНХАУ хоорондын харилцаа, хамтын ажиллагаа худалдаа эдийн засгийн салбарт тэлж байгаагийн нэгэн илрэл нь Эмиратын Emaar Properties үл хөдлөх хөрөнгийн компани Ойрхи Дорнодод хамгийн томд тооцогдох Хятадын хорооллыг АНЭУ-д байгуулахаар болсон явдал. Энэ шийдвэрээ мөн л ноён Ши Жиньпиний Абу Дабид хийх айлчлалын өмнөх өдөр олонд зарласан юм.

Шинээр байгуулах “чайнатаун” нь Дубайн олон улсын нисэх буудал болон алдарт Бурж Халифа барилгаас 10 минутын зайд, худалдааны “Дубай-Крик Харбор” дүүрэгт байрлана. Мөн тансаг зэрэглэлийн барилга, орон сууцаараа алдартай Emaar Properties компани Хятадын Бээжин, Шанхай, Гуанжоу хотуудад өөрийн тусгай төлөөлөгчийн газар байгуулахаа ч зарлалаа. Эдгээр гурван хот Дубай хоттой шууд нислэгээр холбогддог байна. Эдгээр гурван төлөөлөгчийн газар хоёр улс хоорондын аялал жуулчлал, боловсрол, худалдаа, хөрөнгө оруулалтын салбарт хамтын ажиллагааг тэлнэ гэж харж байна.

АНЭУ-ыг зорих жуулчид дунд Хятадын иргэд 4-рт бичигдэж байна. 2017 онд АНЭУ-д Хятадын 1 сая иргэн аялжээ. АНЭУ нь БНХАУ-тай харилцан визгүй зорчих гэрээ байгуулсан Ойрхи Дорнодын анхны улс юм.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин өчигдөр Абу Дабид газардсан. Түүнийг АНЭУ-ын дэд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд Шейх Мохаммед бин Рашид аль Мактоум Абу Дабигийн олон улсын нисэх буудалд угтан авсан юм. Хоёр улс 34 жилийн өмнө дипломат харилцаа тогтоосон. БНХАУ-ын дарга 29 жилийн дараагаар АНЭУ-д төрийн айлчлал хийж байгаагаараа энэ удаагийн айлчлал стратегийн чухал ач холбогдолтой юм.

 АНЭУ БНХАУ-ын дарга Ши Жиньпины айлчлалд өндөр ач холбогдол өгч байна. Нийслэл Абу Даби хотноо Хятад улсын төрийн тэргүүнд зориулж “угтах хаалга” байгуулжээ. Мөн хурдны замын дээрх самбарууд дээр ч “тавтай морил” гэсэн бичиг байрлуулсан байна. 150 метр өндөртэй Dubai Frame байгууламжийг ч Хятадын төрийн далбааны улаан өнгөөр гэрэлтүүлжээ. Дэлхийн хамгийн өндөр байгууламж, 828 метр өндөртэй Бурж Халифа тансаг зэрэглэлийн зочид буудлын гадна тал дээр БНХАУ-ын төрийн далбааг гэрлийн технологиор тусган харуулжээ. Абу Дабигийн Үндэсний газрын тосны компанийн төв байрны гадна талд ч БНХАУ-ын төрийн далбааг дүрслэн харуулсан байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан