Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ЙЕМЕНД ГЭМ ЗЭМГҮЙ ИРГЭДИЙН АМИНД ХАЛДЖЭЭ

  TV5 News 2018-08-10 687

БЭЛТГЭСЭН: Б.ОЮУН

Йеменд Саудын Арабын агаарын хүчний явуулсан цэргийн ажиллагааны дүнд гэм зэмгүй иргэд амиа алдсан ноцтой явдал болжээ.

Босогчдын хяналтанд байдаг Йемений хойд хэсгийн Саад хотод Саудын Арабын агаарын хүчний явуулсан ажиллагааны үеэр Олон улсын Улаан загалмайн нийгэмлэгийн мэдээлж байгаагаар 29 хүүхэд амиа алдаж, 30-аад хүн шархадсан байна.

Агаарын хүчнийхэн Саад хотын Дахьян захын дэргэдүүр явж байсан автобус руу агаараас цэгэн цохилт өгсөн ч тэрхүү автобусанд энгийн номхон иргэд сууж явжээ.

Агаарын хүчний халдлагад өртсөн автобусан дотор хүүхдүүд голдуу явж байжээ. Халдлагын улмаас амиа алдсан хүүхдүүдийн дундаж нас нь 15 байгаа юм. Нутгийн хоуситуудын хяналтан дорх орон нутгийн эрх баригчдынх нь мэдээлж байгаагаар халдлагын улмаас 43 хүн амиа алдаж, 61 хүн шархаджээ. Олон улсын Улаан загалмайн нийгэмлэгийн мэдээлж байгаагаар халдлагын дараа Саад хотын эмнэлэгт гэмтэж шархадсан хэдэн арван хүн хүргэгдэн иржээ. Хоуситын албаны төлөөлөгч Мохаммед Абдула Салам Йемений засгийн газар болоод Холбоотны хүчнийг гэм зэмгүй иргэдийн эсрэг балмад халдлага дайралт үйлдсэнд буруутгасан байна. Түүнчлэн өмнө нь олон улсын хүний эрхийн байгууллагууд нэг бус удаа Холбоотны хүчнийг зах, эмнэлэг, сургууль, орон сууцны дүүргүүдийг агаараас бөмбөгдөж, гэм зэмгүй энгийн номхон иргэдийн амь насыг аюулд оруулж байгаад буруутгаж байжээ.  Тэгвэл Йемены засгийн газрын дэмжлэгэн дорх Холбоотны хүчин нутгийн хоуситын босогчдын бүлэглэлийн эсрэг явуулж байгаа тэмцэлд хэзээ ч зориудаар энгийн иргэдийг аюулд оруулахыг завдаж байгаагүй, тэдний явуулж байгаа цэргийн ажиллагаа хууль ёсны гэж мэдэгдэж байгаа юм.

Одоогоор автобус агаарын дайралтад санамсаргүй өртсөн үү, эсвэл анхнаасаа агаарын дайралтын бай байсан уу гэдэг нь тодорхойгүй байна. 

Йеменд 2015 оны эхээр дотоодын нөхцөл байдал хурцдаж, эрх баригчид болон босогчдын хоорондын тэмцэл газар авсан юм. Йемений хоуситууд улсынхаа баруун хэсгийн дийлэнх газар нутгийг хяналтандаа авч, ерөнхийлөгч Абд-Раббу Мансур Хадиг эх орноосоо дүрвэн зугтахад хүргэсэн юм. Йеменд ийнхүү дотоодын нөхцөл байдал хурцдахтай зэрэгцэн Эмират, Саудын Араб болон Арабын ертөнцийн өөр 7 улс орон нэгдэн, Йеменд энхийг сахиулах үүднээс Холбоотны хүчний цэрэг дайчдаа энэ улсад оруулсан юм. НҮБ-ын мэдээлж байгаагаар өнгөрсөн хугацаанд Йеменд 10 мянга гаруй хүн дотоодын хямрал зөрчил, дайн тулааны улмаас амиа алдаад байна.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө