Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ТРАМП, ТТА-НЫ ТЭРГҮҮН АСАН БРЕННАНД НУУЦ МЭДЭЭЛЭЛД НЭВТРЭХ ЭРХИЙГ НЬ ХААЖЭЭ

  TV5 News 2018-08-16 835

БЭЛТГЭСЭН: Б.ОЮУН

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп улсынхаа Тагнуулын төв албаны тэргүүн асан, Цагаан ордны одоогийн бодлого, байр суурийг хүчтэй шүүмжлэгч Жон Бреннанд улсын нууцтай холбоотой мэдээллийн эх сурвалжид нэвтрэх эрхийг нь хаах шийдвэр гаргажээ. Энэ талаар Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс мэдэгдсэн байна.

 Сара Сандерс Цагаан ордноос хийдэг өдөр тутмын албан мэдээллийн үеэр сэтгүүлчдэд ерөнхийлөгч Дональд Трампын гаргасан тушаалын талаар мэдээлсэн байна. Түүний мэдээлснээр Цагаан ордны тэргүүн экс хамтрагчаа хэт биеэ тоосон, шүүмжлэл, хоосон амнаас цаашгүй амьтан гэж үзэж, нэгэнт төрийн албанаас буусан учраас түүнд улс орны аюулгүй байдал, нууцлалтай холбоотой мэдээлэлд нэвтрэх эрх байхгүй гэж үзсэн учраас ийм шийдвэр гаргасан гэж тайлбарлажээ.

ТТА-ны даргаар ажиллаж байсан Жон Бреннан болон ерөнхийлөгч Трамп нарын харилцаа сүүлийн үед илтэд муудаад байсныг ажиглагчид болон хэвлэлийнхэн сайн мэдэж байсан. Тухайлбал өнгөрсөн 7-р сард Хельсинкид болсон АНУ болон ОХУ-ын тэргүүлэгчдийн дээд уулзалтын дараа Бреннан Трампыг төр засгаасаа урвасанд буруутгаж, хүчтэй шүүмжилж байжээ. Түүнчлэн өнгөрсөн жил Бреннан мөн л хатуухан мэдэгдэл хийж, 2016 онд Трампын сонгуулийн штаб болон ОХУ-ын хооронд ямарваа нууц харилцаа байсан эсэхийг нягтлан шалгах нь зүйтэй хэрэг гэж байсан юм.  

Тэгвэл ерөнхийлөгч Трамп Бреннаны энэ мэтчилэн хатуу шүүмжлэл, байр суурийн эсрэг түүнийг “шуламын ангууч” гэж нэрлэж байжээ. Бреннан энэ сарын 14-нд өөрийн твиттер хуудсан дээрээ ерөнхийлөгч Дональд Трампад хандан: -Улс орны тэргүүн хүний хувиар ерөнхийлөгч Трамп аливаа үйл ажиллагаа, арга хэмжээн дээр хамгийн наад захын соёлтой боловсон зан гаргаж чадахгүй байгааг ихэд гайхаж байна. Харамсалтай нь та ерөнхийлөгч хүн гэж ямар хүн байхад хэзээ ч суралцахгүй нь бололтой. Таны энэ бодлогогүй үйлдэл улс орны нэр хүнд, аюулгүй байдалд хичнээн их хохирол учруулж болохыг ойлгож ухаарах хэрэгтэй гэж бичсэн байна.

ТРАМПЫН МЭДЭГДЭЛ

Тэгвэл Бреннаны энэ шүүмжлэлийн дараахан Цагаан ордны тэргүүн Жон Бреннаныг төрийн нууц мэдээлэлд нэвтрэхийг хориглосон шийдвэр гаргажээ. АНУ-ын ерөнхийлөгчийн энэ талаарх тушаалд: -Улс орныхоо гүйцэтгэх засаглал болоод зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувиар би үндсэн хуулиар олгогдсон эрх үүргийнхээ хүрээнд улс орны аюулгүй байдалтай холбоотой нууц мэдээллийг хамгаалах үүднээс Тагнуулын төв албаны даргаар ажиллаж байсан Жон Бреннаныг улсын нууцын зэрэглэлийн мэдээлэлд нэвтрэх эрхийг хориглож байсан гэжээ.

Тэгвэл АНУ-д өмнө нь улсын тагнуулын болон хууль сахиулах байгууллагын тэргүүнээр ажиллаж байсан албан хаагчдад төрийн албаа хааж дуусгасны дараа мэргэжлийн ур чадвар, улс орныхоо өмнө хийж бүтээсэн ажил, байгуулсан гавъяа зүтгэлийг нь үнэлж, улс орны нууцын зэрэглэлийн баримт материал, эх сурвалжид нэвтрэх эрхийг нь тодорхой хугацаагаар хэвээр үлдээдэг байжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө