Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ЯПОН УЛС ОХУ-ТАЙ НАЙРАМДЛЫН ГЭРЭЭ БАЙГУУЛАХААС ТАТГАЛЗАВ

  М.Даваадулам 2018-09-13 1344

 Дорнын эдийн засгийн чуулганы хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзсан. Уулзалтын хүрээнд Япон улстай  энэ ондоо багтаан найрамдлын гэрээ байгуулах хүсэлтийг Ерөнхийлөгч Путин илэрхийлсэн. Тэгвэл хоёр улс хоорондын газар нутгийн маргааныг шийдвэрлэх хүртэл найрамдлын гэрээ байгуулахгүй гэсэн Япон улсын хатуу байр суурийг өчигдөр энэ улсын Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ёшихидэ Суга мэдэгдлээ.

 “Хойд бүс нутгийг эргүүлэн авах асуудлыг шийдсэний дараа найрамдлын гэрээ байгуулна” гэж Ёшихидэ Суга мэдэгдсэн. Хойд бүс нутагт Курилын бүлэг арлуудын Итуруп, Кунашир, Шикотан болон Хабомаи арлууд багтдаг юм.

  Мөн ОХУ-ын Ерөнхийлөгчийн аливаа урьдчилсан нөхцөл тохиролцолгүй 2018 ондоо багтаан найрамдлын гэрээ байгуулах саналын талаарх мэдэгдэлд Япон улсын Засгийн газар албан ёсны тайлбар өгөхгүй гэдгийг ч тэрээр хэллээ.

  Дорнын эдийн засгийн чуулганы талбарт Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ харин “Москва болон Токио хооронд найрамдлын гэрээ байгуулаагүй байгаа нь хэвийн бус нөхцөл байдал” гэж тодорхойлсон юм.

  ОХУ болон Япон улс хооронд найрамдлын гэрээ байгуулах асуудал 70 жилийн туршид хүлээгдэж байна. Токио өмнө дурдсан Курилын бүлэг арлуудын дөрвөн арлыг эргүүлэн өгсөн нөхцөлд найрамдлын гэрээ үзэглэнэ гэсэн байр сууриндаа баттай зогсож байгаа юм. Харин Москвагийн хувьд эдгээр Өмнөд Курилын арлууд нь Дэлхийн хоёрдугаарын дайны дүнд ЗХУ-ын харъяалалд шилжсэн, тиймээс эдгээр арлыг эзэмших эрхийн талаар маргах шаардлагагүй гэж үздэг.

   Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ өнөөдөр Японы аж үйлдвэр эрхлэгчидтэй Владивосток хотноо уулзахдаа, найрамдлын гэрээний асуудлаар Япон болон Оросын ард иргэдийн хувьд харилцан ойлголцол бий болгох хэрэгтэй гэж хэллээ. Курилын арлуудын өмнөд хэсэгт хамтарсан эдийн засгийн үйл ажиллагаа явуулж, харилцан итгэлцэл дээр тулгуурласан харилцааг хөгжүүлснээр найрамдлын гэрээ байгуулах нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийллээ.

 Газар нутгийн маргааны хувьд Япон болон ОХУ хоорондын үл итгэлцлийг арилгах нь зүйтэй гэж Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ мэдэгдэж байна. Ингэснээр найрамдлын гэрээ байгуулахад нэг алхам ойртоно гэж тэрээр үзэж байна. Япон улсын Засгийн газрын тэргүүний хувьд Владивосток хотноо хийж байгаа ажлын айлчлал нь өнөөдөр өндөрлөж, Токиог зорих юм байна.

  Япон улсын Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ёшихидэ Суга мөн өнөөдөр өглөө Токио хотноо хэвлэлийн хурал хийсэн. Хурал дээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Япон улстай найрамдлын гэрээ байгуулах саналыг хоёр улс хоорондын харилцааг хөгжүүлэх явцыг хурдасгахыг Москва эрмэлзэж байгаагийн илрэл гэж дүгнэлээ. Гэхдээ газар нутгийн маргааныг шийдвэрлэсний дараа найрамдлын гэрээ байгуулна гэсэн хатуу байр суурьнаасаа Япон улс ухрахгүй гэдгийг Токио дахин мэдэгдлээ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө