Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ГАЗРЫН ТОС СҮҮЛИЙН 4 ЖИЛИЙН ХУГАЦААН ДАХЬ ДЭЭД ҮНЭД ХҮРЛЭЭ

  М.Даваадулам 2018-09-25 698

Brent маркийн газрын тосны ханш баррель тутам нь 80 ам.доллар давж, сүүлийн дөрвөн жилийн хугацаан дахь дээд үнэд хүрлээ. Ирэх 11-р сарын фьючерс ханш даваа гарагийн арилжаагаар 2.3% өсч 80.60 ам.доллар боллоо. Ингэснээр энэ оны өмнөх дээд амжилт болох 80.50 ам.долларын дээд ханшийг давлаа.

ОПЕК буюу газрын тос олборлогч орнуудын нийгэмлэг олборлолтоо нэмэгдүүлэх төлөвлөгөөгүй байгаагийн дээр АНУ-ын Ираны эсрэг хориг олон улсын зах зээлд газрын тосны хомсдолд хүргэж болзошгүй гэх болгоомжлол үүссэнээр газрын тосны үнэ өсч байна.

ОПЕК+ бүлэг буюу ОПЕК+ОХУ өнгөрсөн амралтын өдрүүдэд сайд нарын түвшний уулзалт хэлэлцээр хийж, уулзалтын дүнд энэ оны 6-р сард хүрсэн тохиролцоогоо биелүүлэхээр шийдвэрлэсэн.

Өмнөх уулзалтаар ОПЕК+ газрын тосны олборлолтоо хоногийн 1 сая баррель болгон нэмэгдүүлэхээр тохиролцсон юм. 2017 оноос газрын тус нийгэмлэг газрын тосны үнийг өндөр хэвээр барихын тулд олборлолтоо хязгаарлаж байгаа.

Энэ оны 6-р сарыг хүртэл томоохон газрын тос олборлогчид дунд олборлолтоо танах зөвшилцөл үйлчилж байсан юм.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ОПЕК+ бүлгийн орнуудад хандан газрын тосны үнэ бууруулахыг шаардсан. “Бид Ойрхи Дорнодын орнуудыг хамгаалж байгаа. Бидэнгүйгээр тэд богино хугацаанд ч аюулгүй байдлаа хадгалж чадахгүй. Гэсэн ч тэд газрын тосны үнэ өсгөсөөр, нэмсээр байна. Бид үүнийг нь мартахгүй” гэж Доналд Трамп твиттер хуудсандаа жиргэсэн юм.

АНУ-ын Ерөнхийлөгчийн шаардлагын хариуд Саудын Арабын Эрчим хүчний сайд Халид аль-Фалих: “Бид үнэд нөлөөлөөгүй” гэж мэдэгдсэн юм.

ОПЕК юу тохиров?

ОПЕК-ийн гишүүн орнууд болон өөр бусад 11 улс 2016 оны 11-р сард хоногийн олборлолтоо 1.8 сая баррелиэр бууруулах тохиролцоонд хүрсэн. Олон улсын зах зээл дээр газрын тосны үнэ 100 ам.доллараас 50 ам.доллар болтлоо буурсан учир, хар алтны үнийг барихын тулд ийнхүү олборлолтоо танах тохиролцоонд экспортлогчид хүрэхээс аргагүйд хүрсэн. 

2017 оноос олборлолтоо танах тохиролцоо хэрэгжиж эхэлснээр, газрын тосны үнэ баррель тутам нь 15-20 ам.доллараар өссөн.

JPMorgan: Ирэх хагас жилд газрын тосны үнэ баррель тутам нь 90 ам.доллар давна

JPMorgan банкны шинжээчид ирэх 11-р сарын 4-ний өдрөөс хэрэгжиж эхлэх Ираны эсрэг Америкийн хоригийн улмаас олон улсын зах зээл дээрх хоногийн газрын тосны нийлүүлэлт 1.5 сая баррелиэр танагдана гэж тооцоолжээ. Тиймээс ирэх хагас жилийн хугацаанд газрын тосны үнэ баррель тутам нь 85 ам.доллар давна гэсэн тооцооллоо эргэн харж, 90 ам.доллар давж магадгүй гэж үзэж байна.

Мөн Bank of America – гийн шинжээчид 2019 онд Brent маркийн газрын тосны үнэ дунджаар 80 ам.доллар байна гэж тооцоолж байна. Өмнө нь 75 ам.доллар байна гэсэн урьдчилсан тооцоо гаргаад байсан юм. Хэрэв газрын тосны үнэ баррель тутам нь 120 ам.доллараас давбал, хөгжиж байгаа орнуудын хувьд газрын тосны эрэлт хэрэгцээ нь буурна гэж Америкийн банкны шинжээчид тооцоолж байна.

Харин BNP Paribas компанийн стратегичид: “Газрын тос олборлогч орнууд олборлолтоо нэмэгдүүлэх сонирхолгүй байгаа учир ирэх 3-6 сарын хугацаанд зах зээлд газрын тосны нийлүүлэлттэй холбоотой асуудал үүсэх бөгөөд үүнийг газрын тосны үнийг нэмсэнээр шийдвэрлэх болно” гэж үзэж байна.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө