Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

АМЕРИКТ НЭГ САЯ АЖЛЫН БАЙР БИЙ БОЛГОХ ТӨЛӨВЛӨГӨӨНӨӨСӨӨ ЖЕК МА ТАТГАЛЗАВ

  М.Даваадулам 2018-09-25 1963

Дэлхийн баян эрхмүүдийн нэг, Alibaba Group – ийг үндэслэгч Жек Ма Америкийн нутаг дэвсгэрт нэг сая ажлын байр шинээр бий болгох төлөвлөгөөнөөсөө татгалзлаа. Хятадын тэрбумтан ийнхүү АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампад өгсөн амлалтаасаа буцаж байна.

Шийдвэрээ АНУ болон БНХАУ хооронд гадаад худалдааны салбарт үүсээд байгаа хурцадмал байдалтай холболоо. Мөн хоёр улс хооронд дахин хорин жилийн хугацаанд худалдааны дайн үргэлжилнэ гэж Хятадын тэрбумтан таамаглаж байна.

Alibaba Group – ийн Америкт нэг сая ажлын байр шинээр бий болгох амлалт БНХАУ, АНУ хоорондын хамтын ажиллагаа, зүй зохистой худалдааны харилцаан дээр тулгуурлах байсан. “Гэвч анхан шатны нөхцөл үгүй болсон учир, амлалтаа биелүүлэх боломж үгүй боллоо” гэж Жек Ма хэлснийг Xinhua агентлаг иш татаж байна.

Одоогоос хоёр жилийн өмнө Хятадын тэрбумтан Жек Ма АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай уулзахдаа онлайн платформдоо нэг сая хүртэлх Америкийн аж ахуй эрхлэгчийг татан оролцуулж, тэдэнд Хятадын хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ худалдах боломж олгох төлөвлөгөө танилцуулсан. Энэ төлөвлөгөөг таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх байсан. Бизнесийн салбарын төлөөлөл бүр, ноён Магийн үзэж байгаагаар, худалдаа наймаа эрхлэхийн тулд багадаа нэг хүнийг хөлслөх байсан юм.

Жек Магийн санаачилгыг Hitachi компанийг үндэслэгч Намихэи Одаирагийн дөчин жилийн өмнөх санаачилгатай шинжээч мэргэжилтнүүд зүйрлэсэн. Японы бизнес эрхлэгч Америкаас тэргүүлэх технологийг нь “зээлдэж”, хариуд нь хөрөнгө оруулж, ажлын байр шинээр бий болгохоор төлөвлөсөн юм. Энэ нь Япон, Америк улс хоорондын харилцаа хамтын ажиллагааг тэлж, бусад орнууд Америкаас зөвхөн авдаг, хариуд нь юу ч өгдөггүй гэх ойлголтод “цэг тавихыг” тэрээр хүсчээ. Alibaba Group – ийг үндэслэгч энэ туршлагыг хэрэгжүүлэх гэсэн ч, худалдааны дайн саад хийлээ гэж шинжээчид дүгнэж байна.

Жек Ма: Хятад – Америкийн худалдааны дайн дахин 20 жил үргэлжилнэ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын шийдвэрээр өчигдрөөс эхлэн Хятадын 200 тэрбум ам.долларын үнэ бүхий бараа бүтээгдэхүүнд 10% татвар оногдуулж эхэлсэн. Харин ирэх оноос дараагийн шатны арга хэмжээ хэрэгжиж, татварын хэмжээг 25% болгон нэмэгдүүлнэ. Хятад улс мөн адил хариу арга хэмжээ авсан тохиолдолд дахин Хятадын 267 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд оногдуулах татварыг нэмэхээ Вашингтон мэдэгдсэн. Харин Хятад улс өнөөдрийн байдлаар Америкаас импортлох 50 тэрбум ам.долларт оногдуулах татвараа нэмээд байна.

Дэлхийн хүчирхэг эдийн засагтай хоёр гүрний худалдааны салбар дахь хурцадмал байдал дахин 20 жил үргэлжилж, Бээжинд ч, Вашингтонд ч олон асуудал араасаа дагуулна гэж ноён Жэк Ма үзэж байна. Хятадын болон гадаадын компаниудад сөрөг нөлөө үзүүлнэ. Америкийн татварын цохилтыг “зөөлрүүлэхийн” тулд Хятадын бизнес эрхлэгчид дунд зайн хугацаанд өөрсдийн үйлдвэрлэлээ бусад орнуудад шилжүүлэх шаардлага тулгарна.

Өнгөрсөн долоо хоногт Хятадын Ханжоу хотноо болсон хөрөнгө оруулагчдын чуулган дээр ноён Ма ийнхүү мэдэгдсэн юм. “Та нар тулаанд ялж болно, харин дайнд бол хожигдоно” гэж тэрээр онцолсон.

Мөн шинэ дүрэм журам бэхжиж, Доналд Трамп Ерөнхийлөгчийн суудлаасаа буусан ч, түүнийг залгамжлагч тухайн худалдааны бодлогыг үргэлжлүүлэх болно. Тиймээс дэлхий дахинд худалдааны шинэ дүрэм журам хэрэгтэй байна, үүний тулд Дэлхийн худалдааны байгууллагыг ч шинэчлэх шаардлагатай байна гэж Хятадын тэрбумтан үзэж байна.

Дэлхийн эдийн засгийн өсөлт “саарч” магадгүй

АНУ болон БНХАУ хооронд татварын маргаан дэгдэж эхэлсэн даруй 2019 онд дэлхийн эдийн засгийн өсөлтийн талаарх таамгаа бууруулсан. Өмнө нь 3.2% өсөлт үзүүлнэ гэж байсан бол, энэ оны 7-р сард урьдчилсан тооцоогоо эргэн харж, 2.8% өсөлт үзүүлнэ гэсэн таамаг дэвшүүлсэн.

Мөн юуны түрүүнд худадааны дайнаас АНУ, Канад болон Мексик улс хохирол амсана гэж Fitch агентлаг тооцоолжээ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө