Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

КУРИЛЫН АРЛУУДАД ЦЭРГИЙН СУРГУУЛИЛТ ХИЙХ ОРОСЫН ТӨЛӨВЛӨГӨӨГ ЯПОН УЛС ЭСЭРГҮҮЦЭВ

  М.Даваадулам 2018-10-10 879

Курилын арлуудад цэргийн сургуулилт хийх Оросын төлөвлөгөөг Япон улс эсэргүүцлээ. Энэ тухай өнөөдөр өглөө Япон улсын Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга мэдэгдлээ. Сургуулилт хийснээр хоёр улс хоорондын маргаантай бүс нутагт Оросын цэрэг армийн идэвхжил нэмэгдэнэ, энэ нь Япон улсын байр суурьтай харшилж байгаа болохыг ноён Суга хэллээ.

Оросын нэрлэдгээр Курилын бүлэг арлын хойд арлууд буюу Япончуудын нэрлэдгээр Кунашир, Итуруп, Шикотан, Хабомаи арлуудын ойролцоо Оросын зэвсэгт хүчин цэргийн сургуулилт хийхээр төлөвлөжээ. Сургуулилтын буудлага явуулах тухай Москва Токио албан ёсоор мэдэгдэл хүргүүлсэн байна. Гэвч энэ мэдэгдлийн хариуд эсэргүүцлийн бичгийг Москва дахь Япон улсын ЭСЯ-аар дамжуулан Токио ОХУ-ын Гадаад хэргийн яаманд мягмар гарагт хүргүүлжээ.

ОХУ, Япон улс хооронд энхийн хэлэлцээр үгүйгээс далай тэнгисийн газар нутгийн маргаан намждаггүй. Япон улс 1855 оны Худалдаа, хил гаалийн тухай гэрээний дагуу Курилын бүлэг арлын дөрвөн арлыг өөрийн эзэмшлийн бүс гэж үздэг.

1956 онд ЗХУ болон Япон улс хамтарсан тунхаг баталж, Хабомаи болон Шикотан арлыг Японы мэдэлд шилжүүлэн өгөх боломжийг судлахаар тохиролцсон байна. Харин Кунашир болон Итуруп арлыг энд дурьдаагүй байдаг байна. ЗХУ-ын энэ тунхаг хоёр улс хоорондын газар нутгийн маргаанд цэг тавина гэж тооцоолсон ч, Япон улс өнөөг хир эдгээр арлуудын төлөө тэмцсээр байгаа юм.

Өнгөрсөн сард Дорнын эдийн засгийн чуулганы хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзсан. Уулзалтын хүрээнд Япон улстай  энэ ондоо багтаан найрамдлын гэрээ байгуулах хүсэлтийг Ерөнхийлөгч Путин илэрхийлсэн. Гэвч хоёр улс хоорондын газар нутгийн маргааныг шийдвэрлэх хүртэл найрамдлын гэрээ байгуулахгүй гэсэн Япон улсын хатуу байр суурийг Япон улсын Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ёшихидэ Суга илэрхийлсэн юм. “Хойд бүс нутгийг эргүүлэн авах асуудлыг шийдсэний дараа найрамдлын гэрээ байгуулна” гэж Ёшихидэ Суга мэдэгдсэн. Хойд бүс нутагт Курилын бүлэг арлуудын Итуруп, Кунашир, Шикотан болон Хабомаи арлууд багтдаг юм.

Харин  Ерөнхий сайд Шинзо Абэ найрамдлын гэрээний асуудлаар Япон болон Оросын ард иргэдийн хувьд харилцан ойлголцол бий болгох хэрэгтэй гэж хэлсэн. Курилын арлуудын өмнөд хэсэгт хамтарсан эдийн засгийн үйл ажиллагаа явуулж, харилцан итгэлцэл дээр тулгуурласан харилцааг хөгжүүлснээр найрамдлын гэрээ байгуулах нь зүйтэй гэсэн байр суурийг Владивосток хотноо ажиллахдаа илэрхийлсэн юм.

ОХУ болон Япон улс хооронд найрамдлын гэрээ байгуулах асуудал 70 жилийн туршид хүлээгдэж байна. Токио өмнө дурдсан Курилын бүлэг арлуудын дөрвөн арлыг эргүүлэн өгсөн нөхцөлд найрамдлын гэрээ үзэглэнэ гэсэн байр сууриндаа баттай зогсож байгаа юм. Харин Москвагийн хувьд эдгээр Өмнөд Курилын арлууд нь Дэлхийн хоёрдугаарын дайны дүнд ЗХУ-ын харъяалалд шилжсэн, тиймээс эдгээр арлыг эзэмших эрхийн талаар маргах шаардлагагүй гэж үздэг.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө