Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Т. ЧИНГИС: “УРАН ЗУРАГ ЗОДОГ ТАЙЛАХ ЭРХГҮЙ МӨНХИЙН ТУЛААН”

  Г.Бадамлянхуа 2018-10-11 645

Зурсан зураг нь фото зурагнаас ялгагдахгүй шахам хэмээн иргэд, олон нийт хөрөг зураач Т. Чингисийн тухай ярьсаар байна. Чингис хоёрхон настайгаасаа эхлэн ах, өвөө хоёрыгоо дагаж цаас, харандаа нийлүүлж эхэлсэн. Багаасаа л хүн, морь зурах дуртай байснаа бидэнд ярьж байлаа. Дүрслэх урлагийн дээд сургуулийг 2008 онд төгссөн тэрбээр одоогийн байдлаар 700 гаруй хүний хөргийг зуржээ.

  Түүний зураач болох эхлэлийг тавьсан хүн бол өвөө  нь хэмээн бидэнд ярьж байлаа. “2003 онд Дүрслэх урлагийн дээд сургуулийн хаалгыг татсан  тэр мөч одоо ч тодоос тод харагддаг. Амьдралд минь тохиосон баярт үйл явдлуудын нэг байсан” хэмээн Чингис ярьсан юм.

Түүний урын санд 800 гаруй бүтээл байгаагийн 90 хувь нь хөрөг зураг байна.

  Энгийн иргэнээс эхлээд урлаг, спортын одод, олны танил эрхмүүд, улс орны төрийн тэргүүн гээд 700 орчим хүний хөрөг зургийг тэр зурахдаа фото зурагнаас төдийлөн ялгагдахааргүй зуржээ. Чингис 2013 онд өөрийнхөө хөрөг зургийг зурсан байна. Энэ зураг бол түүний өөртөө зориулж зурсан цөөхөн уран бүтээлийнх нь нэг юм. Дөрөвхөн дүрээс бүтсэн энэ зураг 5 жилийн өмнөх зураач Чингисийн амьдралыг бүрэн илэрхийлжээ.

Түүний гэр бүлийн хүн мөн л зураач. Хүсэл, мөрөөдлөөрөө жигүүрлэж яваа тэд зорилго нэгтэй өөр бусадтай ч мэдлэг чадвараа хуваалцдаг байна. Зургийн урланд яарч, догдолж ирсэн, зургийн урлангаас баярлаж, хөөрч гарсан хүн бүрээс тэд аз жаргалыг мэдэрдэг гэлээ.

Чингис саяхнаас Хатан хэмээх шинэ уран бүтээлдээ ханцуй шамлан оржээ. Багадаа нэг сарын хугацаа зарцуулна гэлээ. Цаг хугацаа хэмнэж, хөрөнгө мөнгөнд санаа чилээлгүй уран бүтээлдээ чин сэтгэлээ зориулахыг эрхэмлэдэг хэмээн тэрбээр ярьсан юм. Чингис оюутан байхдаа сургуулиасаа салдаггүй байсан. Сургуулиа төгсөхдөө 108 хүний хөрөг зураг зурж дуусгасан байжээ. 2006 онд түүнд хамгийн анхны захиалга орж ирсэн нь түүнд урам зориг өгч, хийж бүтээхийн их ажилд “ташуур” нэмсэн хэмээж байлаа.

 Зургаар уралдах дургүй, уралдаан дагаж ирсэн шагнал, нэр төр үнэ хүндгүй гэсэн бодол тээж явах энэ зураач алтан зарчим өнөөдрийн ажилдаа зөвхөн сэтгэл зүрхээ зориулах юм. Уран зураг гэдэг зодог тайлах эрхгүй мөнхийн тулаан хэмээн тэр үргэлж бодож, санаж явдаг гэсэн юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө