Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ПХЕНЬЯНЫ ЦӨМИЙН ЗЭВСГЭЭС АНГИЖРАХ ШИЙДВЭРИЙГ ДЭМЖИХИЙГ МҮН ЖЭ ИН УРИАЛАВ

  М.Даваадулам 2018-10-15 764

БНАСАУ-ын цөмийн зэвсгээс ангижрах, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох шийдвэрийг дэмжихийг БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин дэлхий дахинд уриаллаа. Өнөөг хир олон улсын нийгэмлэг Пхеньянд итгэл хүлээлгэхгүй байгаад Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун сэтгэл дундуур байна.

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Франц улсад хийх айлчлалаасаа урьтаж Францын хэвлэлд өгсөн ярилцлагадаа ийнхүү онцолжээ.

 “Ким Жон Ун удирдагч цөмийн зэвсгээс ангижрах зөв зохистой шийдвэр гаргасан гэдгийг дэмжин, итгүүлэх хэрэгтэй. Мөн удаан хугацаанд хүлээж, тэмүүлсэн энх тайван байдал цогцлоох хүсэл эрмэлзлээ биелүүлэхэд нь туслах нь зүйн хэрэг” гэж БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин мэдэгджээ. Ингэхдээ Ким Жон Ун удирдагчийн чин сэтгэл, энгийн байдал, уужуу тайван ухаан болон эелдэг занг Өмнөд Солонгосын төрийн тэргүүн онцолсон байна.

“Энэ онд хийсэн гурван удаагийн уулзалтын дүнд Ким удирдагчийн хойгийн өмнөд болон умард хэсэгт хөгжил цэцэглэлт цогцлоож, энхтайван байдал тогтооход ихээхэн хүчин чармайлт гаргаж байгааг мэдэрсэн. Тэрээр өөрийн бүх л эрч хүчээ цөмийн зэвсэг бүтээхэд бус, улс эх орныхоо эдийн засгийг хөгжүүлэхэд хандуулж байна” гэдгийг Хөх Ордны тэргүүн тэмдэглэлээ.

“БНАСАУ-ын аюулгүй байдлыг ханган баталж, Пхеньян болон Вашингтон хоорондын харилцаа, хамтын ажиллагааг сайжруулахын тулд АНУ найдвартай арга хэмжээ авах хэрэгтэй” гэж БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин хэлээд, үүний тулд хоригоо зөөлрүүлэх, Пхеньян болон Вашингтон хооронд харилцаа холбооны товчоо байгуулах зэрэг гарц бий гэдгийг тэмдэглэлээ. Олон улсын хоригоос үүдэн БНАСАУ эдийн засгийн томоохон хүндрэл, бэрхшээлтэй тулгарч байгаа гэсэн юм.

“Цөмийн объектуудаа буулгаж, цөмийн зэвсгийн нөөцөө устгаж, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах нь хамгийн дээд зорилго мөн” гэлээ. Ромын хамба лам Франциск ч хоёр Солонгосын эвлэрлийг ихэд сайшааж байгаа, хэрэв Франциск хамба лам Умард Солонгост айлчилвал Ким Жон Ун түүнийг найрсаг дотноор хүлээн авна гэдгээ амласан. Энэ урилгыг биечлэн Франциск хамба ламд дамжуулна гэдгээ БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин хэллээ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө