Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

НҮБ: 27 сая хүн амтай Йемен улсын хүн амын тал хувь өлсгөлөнгөөр нас барж магадгүй

  М.Даваадулам 2018-10-17 1399

НҮБ дэлхий нийтийн анхаарлыг Йемен улсад хандуулж байна. Хэрэв Ойрхи Дорнодын энэ улсад зэвсэгт мөргөлдөөнийг таслан зогсоохгүй бол сүүлийн 100 жилд дэлхий дахинд тохиож буй хамгийн аймшигтай өлсгөлөнгийн аюул 27 гаруй сая хүн амтай Арабын энэ улсад нүүрлэнэ гэж анхаарууллаа. Йемен улсын хүн амын тал хувь өлсгөлөнгийн улмаас үхэх бодит аюул байгааг НҮБ мэдээллээ. Йемен улсад өлсгөлөн нүүрлэсэн тухай ойрын хугацаанд албан ёсоор зарлахаар бэлтгэж байгаа тухай Английн The Independent сонинд нийтэлжээ.

НҮБ-ын Йеменийн асуудал эрхэлсэн мэргэжилтэн Лиза Грандэгийн хэлснээр, Йеменд гурав жил гаруй үргэлжилж байгаа зэвсэгт мөргөлдөөний улмаас 10,000 гаруй хүн амиа алдаж, 3 сая гаруй хүн эх орноосоо дүрвэжээ.

Йемен улсад өлсгөлөнгийн байдлыг дэд буюу 4-р түвшинд хүрснийг зарлаад байгаа. Хамгийн дээд буюу 5-р түвшинд хүрсэн цорын ганц улс нь дэлхийн хамгийн отгон улс гэгдэх Өмнөд Судан. Өнгөрсөн онд Өмнөд Суданд зэвсэгт мөргөлдөөний улмаас хүн амын тал хувь нь өлсгөлөнгийн ирмэгт хүрч, 5-р түвшний өлсгөлөнгийн нөхцөл байдал үүссэнийг НҮБ зарласан.

Йемен улсын хүн амын гуравны хоёр хувь буюу 22 сая хүнд өнөөдөр хүмүүнлэгийн тусламж нэн шаардлагатай байгааг НҮБ мэдээллээ. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах Save the Children байгууллага Йеменд 0-5 насны 50,000 хүүхэд хоол тэжээлийн дутагдлын улмаас нас барах эрсдэлтэй байгааг тэмдэглэж байна. Өөрөөр хэлбэл хоногт 130 хүүхэд эрсдэнэ. Хоол тэжээлийн дутагдлын улмаас бага насны хүүхдүүдийн өсөлт, хөгжил саарч, 7 настай хүүхэд 4 настай хүүхэд адил жижиг биетэй байгааг ч олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд мэдээлж байна. Мөн энэ оны 6-р сараас Йеменд холер өвчний дэгдэлт 170% нэмэгджээ.

Йемен улсын ард иргэдэд хоол хүнсний тусламж үзүүлэхэд 3 тэрбум ам.доллар шаардлагатайг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын төлөөлөгч тэмдэглэсэн юм. Одоогоор энэ мөнгөн дүнгийн 68% буюу 2 тэрбум ам.доллар цуглаад байна.

Йемен улсад 2014 оны 8-р сараас хойш Засгийн газрын хүчин болон сөрөг хүчний хоуситууд хооронд мөргөлдөөн үргэлжилж байгаа. Йеменийн Засгийн газар, эрх баригчдын хүсэлтийн дагуу Саудын Араб тэргүүтэй бүс нутгийн 10 орчим орон 2015 оны 3-р сараас Йеменд агаарын цэргийн ажиллагаа явуулж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө