Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

NYT: Сураггүй болсон сэтгүүлчийн үхэлд Саудын хунтайж холбоотой

  М.Даваадулам 2018-10-18 528

Саудын Арабын эрх баригчдын бодлого, үйл ажиллагааг шүүмжлэгч сэтгүүлч Жамаль Хашогги сураггүй болсон мэдээлэл энэ өдрүүдэд олон улсын анхаарлын төвд байгаа. Энэ сарын 2-ны өдөр Турк улс дахь Саудын Арабын Консулын газарт очсоноос хойш түүнтэй холбоо тасарчээ. Турк дахь Саудын дипломат төлөөлөгчийн газарт Саудын нэрт сэтгүүлчийн амийг хөнөөсөн гэх таамаг хөвөрч байгаа юм. Америкийн Тагнуулын алба Хашшоггийн үхэлд Саудын хунтайжийг буруутай гэж үзэж байна.

Америкийн The New York Times сонинд нийтэлснээр, Саудын төрийн өндөр дээд албан тушаалтнууд сэтгүүлчийг баривчлах төлөвлөгөө хэлэлцэж, энэ тухайгаа мессежээр солилцож байжээ. Эдгээр мессежийг Америкийн Тагнуулын алба олж авсан болохыг мэдээлж байна. Ингэснээр Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мухаммед бен Сальман аль Сауд нь Жамаль Хашоггигийн үхэлд буруутай болохыг батлах илүү их баримт нотолгоог Америкийн тусгай алба гартаа оруулсан болохыг Америкийн хэвлэл онцолжээ.

Саудын Арабын сэтгүүлчийн сураггүй болсон хэрэгт угсаа залгамжлах хунтайжийн хувийн бие хамгаалагчийн нэр ч холбогдоод байгаа гэнэ. Хунтайж Мухаммед сэтгүүлч Хашоггиг алахыг үүрэг болгосон уу, эсхүл баривчилж Саудын Араб руу буцаахыг үүрэг болгосон гэдгийг Америкийн тал одоогоор тогтоож чадаагүй байгаа гэлээ.

Саудын Арабын Аюулгүйн алба тусгай ажиллагаа явуулсан бол хунтайж Мухаммед мэдэхгүй байх учиргүй гэж шинжээчид харж байна. Америкийн Тагнуулын алба мөрдлөгийн ажиллагааны талаарх тайлан, дүгнэлтээ ойрын хугацаанд Ерөнхийлөгч Доналд Трампт танилцуулах нь ээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео Эр-Риядад ажилласан. Гэвч түүний айлчлал асуудлыг дипломат арга хэрэгслээр шийдвэрлэх боломжгүйг харууллаа гэж шинжээчид дүгнэж байна. Хунтайж Мухаммед Майкл Помпеотой хийсэн уулзалтын үеэр Хашогги сэтгүүлчийн сураггүй болсон хэрэгт ямар нэгэн холбоогүй гэжээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын хувьд хэргийн мөрдлөгийг яаралтай дуусгаж, нээлттэй ил тод мэдээлэл өгөхийг хүссэн байна. Мөн Хашогги алагдсан тухай мэдэхгүй бол олон улсын хариу арга хэмжээнээс зайлсхийхийн тулд хариуцлагыг өөртөө хүлээх шаардлагатайг ч анхааруулжээ.

Саудын Арабын сэтгүүлч Жамаль Хашогги нь Эр-Риядын бодлогыг идэвхтэй шүүмжлэгч. Тэрээр энэ сарын 2-ны өдөр Турк улсын Истанбул хот дахь Саудын Арабын Консулын газарт бичиг баримт бүрдүүлж өгөхөөр очжээ. Тэр цагаас хойш холбоо тасарсан байна. Туркийн хэвлэлүүдийн бичиж байгаагаар, Хашогги дипломат төлөөлөгчийн газартаа алагдсан байж болзошгүй гэнэ.

Туркийн Цагдаагийн газар ч ийнхүү таамаг дэвшүүлэн ажиллаж байгаа тухай энэ сарын 6-ны өдөр Reuters агентлаг мэдээлсэн. Дараагаар нь Америкийн хэвлэлүүдэд Хашоггиг Саудын Арабын Аюулгүй байдлын хүчнийхэн хөнөөсөн гэх мэдээлэл цацагдсан. Хашоггиг эрүүдэн байцааж, аминд хүрсэн гэж ч мэдээлж байгаа юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө