Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Японы Парламентын 70 гишүүн Ясукуни сүмд зочиллоо

  М.Даваадулам 2018-10-18 699

Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ сүмийн намрын тахилга эхэлж байгаатай холбогдуулан Ясукуни сүмд өргөл барьц илгээсэн талаар бид өчигдрийн мэдээллийн хөтөлбөрөөрөө хүргэсэн. БНСУ-ын Гадаад хэргийн яамнаас энэ асуудлаар дургүйцлээ илэрхийлж, Японы эзлэн түрэмгийлэлд өртсөн гэм зэмгүй олон мянган иргэний ясыг өндөлзүүллээ гэж мэдэгдсэн юм. Тэгвэл өнөөдөр Япон улсын Парламентын 70 гишүүн Ясукуни сүмд очжээ. БНСУ-ын Гадаад хэргийн яам мөн энэ үйлдэлтэй холбогдуулан шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийллээ.

Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн хувьд урьдын адил, хөрш орнуудынхаа шүүмжлэлээс болгоомжлон сүмд очихоос зайлсхийж, харин өргөл өгч явуулсан байна. Мөнх ногоон сакаки модны мөчрийг туузаар чимэглэсэн “масакаки” хэмээх цэцгэн хэлхээ явуулсан байна. Намрын тахилгын ёслол 17-20-ны өдрүүдэд үргэлжилнэ. Энэ  хугацаанд Японы Парламентын зарим гишүүн сүмд очиж магадгүй талаар Kyodo агентлаг мэдээлсэн. Өнөөдөр Японы Парламент дахь янз бүрийн намын гишүүд Ясукуни сүмд очиж, мөргөл үйлдлээ.

Энэхүү сүмийг Японы дайнд үрэгдэгсдийн хүндэтгэлд зориулан барьжээ. Гэвч амь үрэгдэгсдийн дунд дайны гэмт хэрэгтэн хэмээн тооцогддог хэд хэдэн хүн багтаж байгаа нь Хятад болон Өмнөд Солонгосын дургүйцлийг хүргэдэг байна. Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ 2012 оны 12-р сард Засгийн эрхэнд сууснаасаа хойш нэг л удаа Ясукуни сүмд зочилж байсан. 2013 оны 12-р сард Ясукуни сүмд очсоноор БНХАУ болон БНСУ-ын зүгээс шүүмжлэлтэй тулсан төдийгүй Японы гол түнш гэгддэг АНУ-тай ч улс хоорондын харилцаа “хүйтэрсэн”. Тиймээс 2013 оноос хойш Ерөнхий сайд Шинзо Абэ жилд гурван удаа буюу сүмийн хаврын болон намрын тахилгын үеэр, мөн 8-р сарын 15-нд Япон улс Дэлхийн хоёрдугаар дайнаас гарч байгааг зарласан өдрөөр Ясукуни сүмд өргөл барьц хүргүүлэх болжээ.

Ясукуни сүмд Японы бүх цаг үеийн дайнд амь үрэгдсэн 2,5 сая  цэрэг дайчдын нэрийг мөнхжүүлсэн байдгийн дотор Дэлхийн хоёрдугаар дайны үед цэргийн гэмт хэрэгтэн гэж зарласан 14 хүний нэр бас байдаг юм. Хятад болон Өмнөд Солонгосчууд Ясукуни сүмийг Японыг булаан эзэлсний бэлгэ тэмдэг хэмээн үүдэг байна.

Тиймдээ ч, Японы эрх баригчид, өндөр албан тушаалтнууд тус сүмд зочилж, хүндэтгэл үзүүлэх бүрт дайны хөлд нэрвэгдэн, хохирсон Хятад, Солонгосын олон мянган гэм зэмгүй энгийн номхон иргэнийг үл хүндэтгэж байна хэмээн шүүмжилдэг байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө