Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ЯПОН УЛС ЖИБУТИД ЦЭРГИЙН БААЗ БАЙГУУЛНА

  М.Даваадулам 2018-10-20 1077

Япон улс Жибути улсад цэргийн тогтмол ажиллагаатай бааз байгуулахаар төлөвлөжээ. Энэ тухай Японы Sankei Shimbun сонингийн өнөөдрийн дугаарт нийтэлсэн байна. Зүүн Африкт байрлах Жибути улсад, Улаан тэнгист хүрэх гарцны дэргэд Япон улсын цэргийн бааз байрлана гэсэн Японы Батлан хамгаалах яамны эх сурвалжийн мэдээлэл дээр тулгуурлажээ. Энэ нь бүс нутаг дахь Бээжингийн идэвхжилд хариу барьж байгаа үйлдэл гэж шинжээчид харж байна.

Жибутид Японы зэвсэгт хүчний тулгуур цэг бий. Энд Японы тэнгисийн цэргийн зэвсэгт хүчний эсмин зөөгч хөлөг онгоц, эргийн хамгаалалтын хоёр хөлөг онгоц байрладаг. Тэдгээр нь Сомалийн далайн дээрэмчдийн эсрэг ажиллагаанд тогтмол оролцдог. Хэдийгээр сүүлийн үед Сомалийн далайн дээрэмчдийн эсрэг явуулах цэргийн ажиллагааны тоо цөөрсөн ч, Токио энэхүү объектоо өргөжүүлэхээр төлөвлөж байна.

Тодруулбал, Жибути улсаас 12 га нутаг дэвсгэр түрээсэлж, казарм болон захиргааны байгууламж, агуулах зэргийг барихаар төлөвлөжээ.

Улаан тэнгис бол Зүүн Азийн бүс нутгаас Европ руу хүрэх далайн тээврийн стратегийн гол гарц. Тиймээс энэ бүс нутагт Хятад улсын үйл ажиллагаа идэвхжиж байгаа учир Япон улс цэргийн тогтмол ажиллагаатай бааз байгуулахаар шийдвэрлэсэн гэж Япон улсын Засгийн газрын албаны эх сурвалж мэдээлсэн гэж Sankei Shimbun сонинд нийтэлжээ.

Зүүн Африкийн Жибути улс нь улсын газар нутагт нь нэгэн зэрэг хамгийн олон орны цэргийн бааз байрлаж байгаа улс. Жижиг газар нутагтай ч, стратегийн чухал ач холбогдол бүхий байршилтай энэ улсын нутаг дэвсгэрт өнөөдрийн байдлаар Францын дөрөв, Америкийн хоёр, Италийн нэг, Япон болон Хятадын тус бүр нэг бааз, эсхүл тулгуур төв байрлаж байна. Мөн Герман болон Испанийн ч цөөн тооны цэргийн техник, алба хаагчид байрлаж байна. Саудын Араб болон Турк улс ч Жибутид зэвсэгт хүчний төлөөллөө байрлуулах төлөвлөгөө боловсруулж байгаа гэх мэдээлэл олон улсын хэвлэлүүдээр хөвөрч байна.

Жибутиг сонгох шалтгаан нэг. Стратегийн чухал ач холбогдолтой газарзүйн байршил. Адений булан дахь далайн боомт, газрын тос болон бусад далайн тээврийн зорчдог Баб-эль-Мандеб хоолой, мөн Африкийн зүүн эрэг дагуух далайн тээврийн чиглэл. Мөн ирээдүйд Сомали, Танзани, Кени улсын эрэг хавийн нутгаас газрын тос олборлож магадгүй гэх боломжит таамаг. Зүүн Африкийн эдийн засгийн тулгуур төв Этиоп улсад хүргэх далайн тээврийн зам болон авто, төмөр зам бий. Түүнчлэн эндэхийн далай тэнгисийн уснаа биологийн олон төрөл зүйл бүртгэгдсэн байдаг байна.

Image result for Japan to expand military base in Djibouti

Анх 2001 онд Америкчууд Жибутид зэвсэгт хүчнээ байрлуулжээ. Гадаадын легионы эзэмшиж байсан “Кэмп Лемонье” гэх цэргийн баазыг түрээсэлсэн байна. Энэ бол АНУ-ын Африк тив дэх хамгийн том дэд бүтцийн объект. Энд Америкийн зэвсэгт хүчний 4,000 гаруй алба хаагч байрладаг.

2009 оноос Японы зэвсэгт хүчин ч энд байрлаж эхэлсэн. Япончуудын хувьд энэ бүс нутгаас арлын улс руу газрын тос тээвэрлэх ажиллагааны аюулгүй байдлыг хангахын тулд зэвсэгт хүчин, цэргийн нисэх төхөөрөмжөө энд байрлуулдаг байна.

2013 онд Италичууд Жибутид цэргийн баазаа байгуулжээ. Бусад улс орны цэргийн баазаас алслагдмал Сомалитай залгаа хилийн ойролцоо Италийн цэргийн бааз байрладаг. Энд 300 гаруй алба хаагч бий. Сомалитай залгаа бүс нутгийн далай тэнгисийн аюулгүй байдлыг хангахад Италичууд Жибутид туслалцаа үзүүлдэг байн.а

Өнгөрсөн онд урд хөрш Хятад улс ч мөн Жибутид цэргийн баазаа байгуулжээ. 10,000 алба хаагчийн багтаамж, хүчин чадалтай бааз байгуулсан ч, одоогоор 2,000 алба хаагч энд үүрэг гүйцэтгэж байгаа гэнэ. Жибути дахь бааз нь Хятад улсад Энэтхэгийн тэнгис дэх нөлөөллөө нэмэгдүүлэхэд тустай. Юуны түрүүнд яаралтай шаардлагатай тохиолдолд Африкаас иргэдээ нүүлгэн шилжүүлэх боломжийг Хятад улсад олгох юм.

Энэтхэг улсын Ерөнхийлөгч Рам Натх Ковинд ч өнгөрсөн оны намар Жибутид айлчилсан. Олон улсын хэвлэлүүдээр тухайн үед Энэтхэг улс ч Жибутид цэргийн бааз байгуулж магадгүй гэх мэдээлэл хөвөрсөн юм.

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө