Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ХАШОГГИЙН ҮХЭЛ ӨӨРСДИЙНХ НЬ АЛДААНААС ҮҮДЭЛТЭЙ БОЛОХЫГ ЭР-РИЯД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨВ

  М.Даваадулам 2018-10-22 1346

 Сэтгүүлч Жамаль Хашогги нас барсан болохыг Саудын Арабын эрх баригчид бямба гарагт мэдэгдлээ. Барууны орнуудын зүгээс энэ мэдэгдэл хурц шүүмжлэлтэй тулсан. Ингэснээр Турк улс дахь Консулын газарт нь нэрт сэтгүүлч бусдын гарт амиа алдсан явдал бол Саудын Араб улсын хувьд томоохон алдаа байсныг Эр-Рияд ням гарагт хүлээн зөвшөөрлөө.

Энэ хэрэгтэй холбогдуулан хорь орчим хүнийг баривчлан шалгаж байгааг Саудын Арабын хаан мэдэгдэж, хэргийг шударгаар шүүж, холбогдох гэмт этгээдүүдэд зохих ял шийтгэл оноохоо амлалаа. Гэхдээ вант улсын эрх баригчид энэ хэргээс угсаа залгамжлах хунтайж Мухаммед бин Салманыг “мултлахыг” завдаж байна хэмээн барууны хэвлэлүүд бичиж байна. Хунтайж энэ хэргийн талаар мэдээгүй гэсэн тайлбарыг Эр-Рияд удаа дараа хийжээ.

Саудын Арабын Гадаад хэргийн сайд Ахмед аль Жубейр ням гарагт Америкийн Fox телевизэд ярилцлага өгөхдөө Хашоггийн ар гэрийнхэн, төрөл төрөгсдөд эмгэнэл илэрхийлсэн юм.

“Энэ бол аймшигтай алдаа байсан. Үнэхээр эмгэнэлт явдал. Бид ар гэрийнхэнд нь эмгэнэл илэрхийлж байна, тэдний уй гашууг хуваалцаж байна” гэжээ. “Харамсалтай нь, энэ аймшигтай алдаа, эмгэнэлт явдал болоод өнгөрсөн. Бид гэмт буруутанд зохих хариуцлага оногдуулах болно” гэдгийг ч тэмдэглэсэн юм.

Жамаль Хашогги гэрлэлтээ цуцлуулсан баталгаа авахаар энэ сарын 2-ны өдөр Туркийн Истанбул хот дахь Саудын Арабын Консулын газарт очжээ. Хашоггийн өмнөх эхнэр Саудын Арабт амьдардаг. Тэрээр Турк бүсгүйтэй гэр бүл батлуулахын тулд ийнхүү лавлагаа авахаар очсон байна. Тэр цагаас хойш түүнтэй холбоо тасарсан гэсэн мэдээллийг ойрын хүрээллийнхэн нь өгсөн. Сэтгүүлч Консулын газартаа нас барсан гэх мэдээлэл олон улсын хэвлэлүүдээр хөврөхөд Саудын Арабын эрх баригчид сэтгүүлчийг Консулын газрыг орхин явсан гэж мэдээлсэн. Барууны орнууд сэтгүүлчийг өөрийн улсын Консулын газарт нас барсан, түүний аминд халдсан болохыг батлах нотолгоог ээлж дараалан дэлгэснээр, Саудын Арабын эрх баригчид энэ хэргийг гурван долоо хоногийн дараагаар хүлээн зөвшөөрч байна.

            Барууны орнууд Саудын Арабын эрх баригчдаас яаралтай тайлбар шаардав

Сэтгүүлч Жамаль Хашоггийн аминд хүрсэн хэргийг Их Британи, Франц, Герман улс эрс шүүмжилж, энэ хэргийн талаарх яаралтай тайлбарыг Эр-Риядаас шаардлаа. Хашогги Истанбул хот дахь Саудын Арабын Консулын газарт бусадтай ноцолдож, зодолдсоноор нас барсан гэх мэдээллийг Эр-Рияд өгсөн. Үүнийг батлах баримт нотолгоог дэлгэхийг хүсч байгаагаа баруун орнууд хамтран мэдэгдлээ. 

Их Британи, Франц, Герман улс хамтран мэдэгдэл гаргасан байна. Энэ хэргийг батлах баримт нотолгоог дэлгэхгүй бол, Эр-Риядын тус мэдэгдэлд итгэх боломжгүйг барууны улс орнууд онцоллоо. Эдгээр дэлгэрэнгүй тайлбар болон мөрдлөгийн талаарх бүрэн мэдээллийг дэлгэх хүртэл эцсийн дүгнэлт яаран гаргахгүй гэсэн байр суурь ч мөн баримталж байна.

ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель ням гарагт мэдэгдэлдээ хийхдээ, Герман улс Саудын Арабт зэвсэг экспортлохоо зогсоож байгааг зарласан. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ч Саудын Арабын талын тайлбарт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн. Турк улсын Ерөнхийлөгч Режеп Таиип Эрдоган сэтгүүлчийн үхлийн нөхцөл байдлын талаарх үнэнийг дэлгэхээ ням гарагт амласан юм. Энэ асуудлаарх мягмар гарагт Парламентдаа мэдэгдэл хийнэ ч гэдэг тов ч тогтоосон.

            Доналд Трамп: АНУ Саудын Арабын эсрэг яаран хориг тогтоохгүй

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ч мөн хариулт олох хүртэл сэтгэл нь амрахгүй гэдгийг бямба гарагт мэдэгдсэн. Хэдийгээр ийм хэрэг дэгдээд байгаа ч, Вашингтон Эр-Риядын эсрэг хориг тогтоохоор яарахгүй гэдгийг Ерөнхийлөгч Трамп тэмдэглэсэн. АНУ-ын хувьд Саудын Арабт зэвсэг нийлүүлэхээ зогсоосноор, Вашингтон ч алдагдал хүлээнэ гэж Цагаан ордны тэргүүн хэлж байна. Өмнө нь Саудын Арабын эрх баригчид сэтгүүлчийн үхэлд буруутай болох нь тогтоогдвол “ноцтой” шийтгэх болно гэж Ерөнхийлөгч Трамп мэдэгдэж байсан. Тэгвэл одоо энэ эрс шийдэмгий байр суурьнаасаа буцаж байна.

  АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин ч мөн адил байр суурийг өчигдөр бататган мэдэгдсэн юм.

Канад улсын Гадаад хэргийн сайд Христя Фриланд өнөөдрийн байдлаар Саудын Арабын эрх баригчдын хийж буй мэдэгдэл нь утга агуулгын дараалалгүй бөгөөд үнэн бодит байдалд нийцэхгүй байна гэж мэдэгджээ. Мөн адил байр суурийг Австрийн Ерөнхий сайд Скотт Моррисон ч илэрхийлээд байна.

Amnesty International хүнийг эрхийг хамгаалах байгууллага Саудын Арабын сэтгүүлч Хашоггийг тамлан, тарчлааж аминд нь хүрсэн хэргийг харгис аллага гэж дүгнэж байна.

The Washington Post сонин Хашоггийн сүүлийн нийтлэлийг өнгөрсөн пүрэв гарагт уншигчиддаа хүргэсэн. Тус сонин Саудын Арабын Засгийн газрыг ээлж дараалан худал хуурмаг мэдээлэл түгээж байна гэж шүүмжиллээ.

Саудын Арабын эрх баригчид зөвхөн хөрш зэргэлдээх цөөн тооны улс орноос л дэмжлэг авчээ. Кувейт улсын эрх баригчид өнгөрсөн ням гарагт мэдэгдэл хийж, хаан Салман энэ хэргийг зохицуулж эхэлсэн учир бодит үнэнийг тогтоож, шударга ёсыг олон нийтэд харуулах болно гэсэн байна.

Египет, Бахрейн, Арабын Нэгдсэн Эмират улс ч Саудын Арабын эрх баригчдын үйлдлийг Кувейт улсын адил үнэлжээ.

            Хашоггийн хэргээр 18 хүнийг баривчилжээ

Саудын Арабын эрх баригчид одоогоор Хашогги сэтгүүлчийн аминд халдсан хэрэгтэй холбогдуулан 18 хүнийг баривчилж, угсаа залгамжлах хунтайж Мухаммед бин Салманы хоёр ч туслахыг албан үүргээс нь буулгаад байна. Гэвч Хашогги сэтгүүлч нударга зөрүүлсэн, улмаар зодооны үеэр нас барсан гэх хувилбар олон асуулт дагуулж байгаа юм.

Турк улс хэдийгээр албан ёсоор Саудын Арабын эрх баригчдыг сэтгүүлчийн үхэлд буруутгаагүй ч, Туркийн тусгай алба Хашоггийг Саудын Арабын Консулын газарт тагнуулын бүлэг алба хаагчид хороосон болохыг гэрчлэх аудио болон видео материал байгаа гэж мэдэгдэж байна.

Тэгвэл Хашоггийн цогцос хаана байгаа вэ? гэсэн асуулт ургаж байна. Туркийн Цагдаагийн байгууллага Истанбул хотын захад байрлах Белградын ойд самналт хийжээ. Энэ ой руу Хашоггийн цогцсыг аваачсан гэж таамаглаж байгаа юм. Мөн Истанбул хот дахь Саудын Арабын Консулын газарт болон Ерөнхий Консулын өргөөнд ч нэгжлэг шалгалт хийсэн.

Reuters агентлаг Саудын Арабын нэрийг нь нууцалж байгаа төрийн дээд албан тушаалтны яриан дээр тулгуурлан, Хашоггиг эх орон руу нь албадан буцаахыг завдахад тэрээр эсэргүүцэл үзүүлж, улмаар амьсгалыг нь боох аргаар хороосон гэж ням гарагт мэдээлсэн юм. Дараагаар нь түүний цогцсыг хивсэнд хуйлж, орон нутгийн алба хаагчид өгч, устгахыг үүрэг болгожээ. Харин тагнуулын албаны нэг ажилтан Хашоггийн хувцсыг өмсөж, Консулын газрыг орхиж буй дүр эсгэсэн гэж мэдээлж байна.

Хашогги нь Саудын Арабын эрх баригчид, тэр дундаа угсаа залгамжлах хунтайжийг эрс шүүмжлэгч нэгэн. Америкийн the Washington Post сонины шинжээч, нийтлэлчээр ажиллаж байсан бөгөөд 2017 оноос АНУ-д амьдарч байжээ. Америкт суурьшсанаас хойш Саудын Арабын эрх баригчдын явуулж буй ардчилсан гэгдэх өөрчлөлт шинэчлэлийг идэвхтэй шүүмилж байсан төдийгүй түүнийг Катарын эрх баригчидтай холбоо сүлбээтэй хэмээн Эр-Рияд буруутгаж байжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө