Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ЦӨМИЙН ЗЭВСГЭЭ НЭМЭГДҮҮЛНЭ ГЭЖ ТРАМП ХЯТАД БОЛОН ОРОС УЛСАД “СҮРДҮҮЛЭВ”

  М.Даваадулам 2018-10-23 746

АНУ цөмийн зэвсгийн нөөцөө нэмэгдүүлнэ гэж Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдлээ. Эхний ээлжинд энэ шийдвэр ОХУ болон БНХАУ-д үзүүлж буй дарамт шахалтыг нэмэгдүүлэх зорилготой гэдгийг Цагаан ордны тэргүүн онцолж байна. Америкийн лидер хэд хоногийн өмнө Орос улстай 1987 онд байгуулж байсан Дунд болон ойрын зайн тусгалтай пуужингаа устгах гэрээнээс гарахаа мэдэгдсэн. Энэ тухайгаа ч өчигдөр давтаж, Москва тус гэрээг удаа дараа зөрчиж байна гэдгийг онцолсон юм.

“Цөмийн зэвсгийн нөөцөө нэмэгдүүлнэ. Энэ аюул, сүрдүүлэг бол юуны түрүүнд Хятад, Орос болон үүгээр наадах сонирхолтой аливаа улс оронд зориулагдсан” гэж Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдлээ.

АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх Жон Болтон энэ өдрүүдэд Москвад ажиллаж байгаа. Түүний айлчлалын зорилго нь одоогоос 30 жилийн өмнө хоёр улс хооронд байгуулсан Дунд болон ойрын зайн тусгалтай пуужингаа харилцан устгах гэрээний хэрэгжилтийг шаардах юм.  Ноён Жон Болтоны Москвад хийж байгаа айлчлал, хэлэлцээрийн үеэр АНУ тус гэрээнээс гарах нь олон улсад даган мөрдөгддөг цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх дэглэм ганхахад хүрнэ гэдгийг Оросын тал мэдэгдлээ.

1987 оны гэрээний дагуу АНУ 846 пуужин, ЗХУ 1,846 пуужин устгажээ

   1987 онд АНУ болон ЗХУ Дунд болон ойрын зайн тусгалтай пуужингаа харилцан устгах гэрээ байгуулснаар, талууд далавчит болон баллистик пуужингуудаа устгалд оруулсан байдаг. Тус гэрээг ЗХУ-ын удирдагч Михаил Горбачёв, АНУ-ын Ерөнхийлөгч Роналд Рейган нар байгуулснаар, “хүйтэн дайн” дуусах эхлэл болсон гэж ч үздэг.

  Дунд зайн буюу 1,000-5,500 км тусгалтай, ойрын зайн буюу 500-1,000 км тусгалтай бүх л төрлийн пуужингаа хоёр улс тус гэрээний дагуу устгалд оруулсан байдаг. АНУ 1991 он гэхэд тус гэрээний дагуу далавчит пуужингийн 846 төхөөрөмж, харин ЗХУ 1,846 төхөөрөмжөө тус тус устгалд оруулсан байна. Энэ дунд Америкийн дунд зайн тусгалтай, зөөвөрөлх боломжтой, хоёр шатлал бүхий “Першинг-2” пуужин, Зөвлөлтийн зөөвөрлөх боломж бүхий дунд зайн тусгалтай РСД-10 “Пионер” комплекс зэрэг багтжээ. Түүнчлэн АНУ өөрийн улсын газар нутагт төдийгүй ХБНГУ, Бельги, Их Британи, Нидерландын газар нутагт байрлаж байсан пуужингуудаа, харин ЗХУ өөрийн газар нутгаас гадна Ардчилсан Герман улс, Чехословакийн газар нутагт байрлаж байсан пуужин, пуужингийн төхөөрөмжүүдээ устгажээ.

Хэрэв энэ гэрээнээс АНУ гарвал, гэрээ хүчингүй болно. Ингэснээр Москва болон Вашингтон дахин эдгээр төрлийн пуужингууд үйлдвэрлэж, байрлуулах боломжтой болох юм.

Орос улстай байгуулсан гэрээнээс гарч, дунд болон ойрын зайн тусгалтай пуужин угсарч, байрлуулж эхлэх гэж байгаа Вашингтоны шийдвэр нь Хятадын улсад өгч буй хариу гэж харж байна. Учир нь Хятад улсын хувьд пуужин үйлдвэрлэлийн салбарт ямар нэгэн хязгаарлаж буй баримт бичиг байхгүй. Харин цөмийн зэвсгээ өргөжүүлж байгаа явдал нь хөрш орнуудын хувьд шүүмжлэл, дургүйцэл дагуулж байгаа юм.

Трамп Ерөнхийлөгч бямба гарагт тус гэрээнээс гарахаа мэдэгдсэний дараа ОХУ цөмийн зэвсгийн тэнцвэртэй байдлыг хангахад чиглэсэн хариу арга хэмжээ авахаа мэдэгдсэн. Москва мөн тус гэрээний хэрэгжилттэй холбоотой үүсээд байгаа асуудал, доголдлыг арилгахын тулд цаашид АНУ-тай хамтран ажиллахад бэлэн байгаагаа ч илэрхийлсэн.

Жон Болтон: 1987 оны гэрээний гишүүн орны тоог нэмэх нь бодит байдал дээр боломжгүй

 АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх Жон Болтон даваа гарагт Москвад хөл тавьсан. Тэрээр айлчлалаасаа өмнө Оросын “Коммерсант” сонинд ярилцлага өгсөн. Ярилцлагадаа Оросын тал пуужин устгах гэрээг хэрхэн зөрчсөн, Америкчууд гэрээнээс гарсны дараа хэрхэх талаар тайлбарласан юм.

“АНУ тус гэрээнээс гарснаар асуудал үүсгэнэ гэж бодохгүй байна. Харин ОХУ тус гэрээг зөрчиж байгаа нь өөрөө асуудал” гэж Болтон ярилцлагаа эхэлжээ. Дэлхий дээр өнөөдрийн байдлаар зөвхөн хоёр улс л Дунд болон ойрын зайн тусгалтай пуужин устгах тухай гэрээгээр холбогдсон байна. Нэг тал нь тус гэрээг зөрчиж байна. Тиймээс тус гэрээний нөхцлийг үнэнчээр биелүүлж байгаа цорын ганц улс үлдэж байгаа нь АНУ. Энэ бол байж боломгүй зүйл” гэж АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх тэмдэглэжээ.

“БНХАУ, Иран, БНАСАУ бидний харж байгаачлан Дунд болон ойрын зайн пуужин устгах гэрээний нөхцлийг зөрчиж буй арга замаар цөмийн зэвсгийн нөөцөө нэмэгдүүлж байна. Хэрэв эдгээр улс тус гэрээний гишүүн байсан бол, гэрээг зөрчсөнд тооцогдоно. 15 жилийн өмнө бол тус гэрээг өргөжүүлж, гишүүн орнуудын тоог нэмэх боломжтой байсан. Харин өнөөдөр бодит байдал дээр энэ нь боломжгүй болжээ. Учир нь эдгээр улс өөрсдийн хүч хөдөлмөр, хөрөнгө шингээн угсарсан цөмийн зэвсгийн нөөцөө устгахыг зөвшөөрөхгүй. Харин Хятадын улсын зүгээс бодит аюул тулгарч байна. Япон, БНСУ, Тайвань, эсхүл Австрали зэрэг хөрш зэргэлдээх улсаас Хятадын зэвсгийн нөөцөө тэлж байгаа асуудлаар байр суурийг нь асууж болно шүү дээ” гэж Жон Болтон хэлжээ.

Иран улсын цөмийн нөөцийн талаар ч Ойрхи Дорнод дахь хөрш зэргэлдээх орнууд төдийгүй Европын орнууд ч санаа зовниж байгааг тэрээр тэмдэглэлээ.

АНУ тус гэрээнээс гарснаар Зүүн Европт шинээр пуужин байрлуулах уу гэсэн сэтгүүлчийн асуултад ноён Болтон одоогоор хариу өгөх боломжгүй гэлээ. АНУ тус гэрээнээс гарсны дараа хэрхэх тодорхой төлөвлөгөө байхгүй. Тус гэрээнд хамаарч байгаа далавчит пуужин аль хэдийнэ Балтын тэнгис дэх Америкийн хөлөг онгоцнууд дээр байрлаж байгаа. Балтын тэнгисийн эрэгт байрлаж байгаа учир Оростой байгуулсан гэрээг зөрчөөгүй, харин Польш улс руу тээвэрлэн авчрах юм бол гэрээний заалтыг зөрчинө гэлээ.

Вашингтон 2010 оны стратегийн давшилтат зэвсгийн тоог цөөлөх гэрээнээс ч гарч магадгүй

 ОХУ болон АНУ одоогоос 8 жилийн өмнө өөр нэгэн гэрээ байгуулсан байдаг. Энэ бол стратегийн давшилтат зэвсгийн тоог цөөлөх гэрээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама нарын байгуулсан тус гэрээ Москва болон Вашингтон хоорондын стратегийн цөмийн хүчийг танах тухай долоо дахь гэрээ хэлцэл болсон.

 Тус гэрээний дагуу 2018 оны 2-р сар гэхэд АНУ болон ОХУ тус бүр 1,550 нэгж цөмийн цэнэгт хошуугаа устгалд оруулах байсан. Энэ оны 2-р сарын 5-ны өдөр хоёр улс хоёул гэрээний нөхцлийг биелүүлсэн гэж мэдэгдсэн. Тус гэрээний хүчинтэй хугацаа 2021 онд дуусгавар болох юм байна.

Тэгвэл АНУ 1987 оны гэрээнээс гарснаар, 2010 онд байгуулсан стратегийн давшилтат зэвсгийн нөөцөө танах гэрээнээс ч гарна гэж шинжээчид харж байна. Энэ асуудлаар Пентагон хэлэлцэж байгаа, цаашдын тодорхой төлөвлөгөө хараахан гараагүйг ноён Болтон Москвад ажиллахдаа мэдэгдлээ.

Өнөөдөр АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх Жон Болтон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзана. “Маш чухал уулзалт болно. Олон сэдвийн хүрээнд томоохон асуудлуудаар тайлбар сонсох болно” гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэлж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө