Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

CNN: АНУ болон БНАСАУ-ын хэлэлцээр мухардалд орсон

  М.Даваадулам 2018-11-08 399

АНУ болон БНАСАУ-ын хэлэлцээр мухардалд орсон гэж CNN мэдээллээ. Талууд харилцан буулт хийхээс татгалзсанаар хэлэлцээр гацжээ. Вашингтон Пхеньяны эсрэг хоригоо хэсэгчлэн зөөллөхгүй байгаа нь ийнхүү Умард Солонгосын эрх баригчдыг “уурлуулж” байна гэж Америкийн телевиз онцоллоо. Ингэснээр Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах асуудлаар яриа хэлэлцээр зогсонги байдалд орж байна.

АНУ-ын хувьд Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгоход Умард Солонгосын зүгээс илүү шийдэмгий бодит алхам, арга хэмжээ хүлээж байгаа. Тиймээс энэ хүлээлтэд нь хүрэхгүй байгаа нь Пхеньяны эсрэг хоригоо зөөлрүүлэхгүй байх шалтгаан гэж CNN телевизийн шинжээчид үзэж байна.

Мөн АНУ хэрэв хоригоо зөөлрүүлэхгүй бол БНАСАУ цөмийн зэвсгийн салбарт үйл ажиллагаагаа сэргээнэ гэж саяхан мэдэгдсэн. Энэ мэдээлэл “гал дээр тос нэмлээ” гэж CNN харж байна . Түүнчлэн талууд өнөөг хир Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгохын тулд ямар ямар алхам хийх тодорхой төлөвлөгөө гарган, батлаагүй байгааг ч шүүмжилж байна. АНУ-ын БНАСАУ-ын асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Стивен Бигун өнөөг хир Умард Солонгосын төлөөлөгчидтэй уулзаагүй байгаа нь ч энэ асуудлыг хурцатгахад нөлөөтэй. Пхеньян цөмийн зэвсгээс ангижрах эхний хэд хэдэн алхам аль хэдийнэ хийсэн, гэвч түүнийг нь Вашингтон бодитоор үнэлэхгүй байгаад ч Умард Солонгосын эрх баригчид сэтгэл дундуур байна.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео өнөөдөр БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Нэгдсэн Фронтын хэлтсийн дарга Ким Ён Чольтой Нью-Йорк хотноо уулзах байсан. Гэвч энэ уулзалтыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан. АНУ-ын Төрийн департамент талуудын ажлын хуваарьт зохицуулалт хийж чадаагүй учир уулзалт хойшилсон гэж тайлбар хийсэн. Харин The Wall Street Journal сонин лхагва гарагийн дугаартаа Умард Солонгосын талын санаачилгаар уулзалтыг цуцалсан гэж нийтэлсэн юм.

БНАСАУ-ын талаас хэлэлцээрийг ахалж буй эрхэм АНУ-ын талд таалагдахгүй, нийцэхгүй байгаа гэж CNN телевиз мэдээллээ. Ким Ён Чолийг Вашингтон “хүнд бэрх, хуучинсаг үзэлтэй” нэгэн гэж харж байгаа бөгөөд хэт хатуу байр суурь баримтлагч учир хэлэлцээрийг ахлагчийг солих хүсэлтэй байгаа ч гэж Америкийн хэвлэлүүд мэдээлж байна.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Пхеньяны эсрэг хоригийг зөөлрүүлэх, цуцлах нөхцлийг бол тодорхой зарласан. Пхеньян цөмийн зэвсгээс бүрэн ангижирч, Америкийн мэргэжилтнүүдийг өөрийн нутаг дэвсгэрт нэвтрүүлэн шалгалт, шинжилгээ хийхийг зөвшөөрсөн цагт хоригийг зөөлрүүлэх, цаашлаад цуцлах юм.

Харин “харилцаагаа сэргээн хөгжүүлэх болон хориг арга хэмжээ” хэмээх хоёр ойлголт нь хэзээ ч нэгэн зэрэг оршин тогтнож болохгүй гэдгийг БНАСАУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч онцолж байна.

Трамп: АНУ-БНАСАУ-ын хоёр дахь дээд хэмжээний уулзалт 2019 оны эхээр болно

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай ирэх оны эхээр уулзана гэдгээ өчигдөр зарласан. Пхеньянтай хэлэлцээрээ үргэлжлүүлж байгаа, гэхдээ Вашингтон яарах бодолгүй байгааг Цагаан ордны тэргүүн тодотголоо.

“Умард Солонгос улстай хийж байгаа хэлэлцээрт бид сэтгэл хангалуун байна. Гэхдээ бид яарахгүй. Хориг хэвээр байгаа, пуужин нисээгүй, барьцаалагчид гэртээ байгаа” гэж лхагва гарагт Цагаан ордонд хийлгэсэн хэвлэлийн хурлын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдсэн юм. “Сүүлийн 70 жилтэй харьцуулахад өнгөрсөн таван сарын хугацаанд бид харьцангуй их ахиц, дэвшил, амжилтад хүрсэн” гэдгийг ч Цагаан ордны тэргүүн онцоллоо.

Харин Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн уулзалтын хувьд өөрийн ажлын айлчлалтай давхцсанаар хойшилсон гэсэн тайлбарыг Ерөнхийлөгч Трамп өглөө.

Энэ оны 6-р сарын 12-ны өдөр Сингапурт АНУ болон БНАСАУ-ын анхны дээд хэмжээний уулзалт болсон. Хоёр хоног үргэлжилсэн уулзалтын дүнд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нар хамтарсан мэдэгдэл гаргасан. Тус мэдэгдэлд Пхеньян Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах үүрэг хүлээж, хариуд нь АНУ Умард Солонгост аюулгүйн баталгаа гаргаж өгөхөөр тохиролцсон юм.

The Guardian: АНУ, БНСУ-ын цэргийн сургуулилтаас үүдэн өнөөдрийн уулзалт цуцлагдсан

БНАСАУ-ын төлөөлөгчид өнөөдөр Нью-Йоркт ажиллах хуваарьтай байсан. Гэвч энэ ажлын айлчлалаас урьтаж АНУ болон БНСУ энэ долоо хоногийн эхээр хамтарсан цэргийн сургуулилт эхлүүлсэн. 6-р сард Сингапурт болсон Доналд Трамп, Ким Жон Ун нарын дээд хэмжээний уулзалтын дүнд АНУ Солонгосын хойгт цэргийн сургуулилт хийхээ зогсоох үүрэг хүлээсэн. Гэвч Умард Солонгосын төлөөлөгчдийн айлчлалаас гурав хоногийн өмнө сургуулилт эхлүүлсэн нь өнөөдрийн уулзалтыг цуцлах гол шалтгааны нэг байсан гэж шинжээчид харж байна.

АНУ болон БНСУ хагас жилийн дараагаар цэргийн хамтарсан сургуулилт хийж байна. Даваа гарагт эхэлсэн тэнгисийн цэргийн сургуулилтад хоёр улсаас тус бүр 500 алба хаагч оролцож байгаа мэдээллийг Сөүл өгсөн. Мөн тэнгисийн цэргийн агаарын довтлох байлдааны хэрэгсэл ч оролцож байгаа юм байна. АНУ-ын талаас Япон улсад байрлаж байгаа Тэнгисийн цэргийн экспедицийн корпусын алба хаагчид оролцож байгаа гэнэ.

БНСУ-ын зүүн өмнөд хэсэгт байрлах Пхохан хотод болж байгаа сургуулилт нь хамтарсан батлан хамгаалах нөхцөл байдал болон хамтын ажиллагааны түвшинг нэмэгдүүлэх зорилготой гэнэ.

2018 онд АНУ болон БНСУ ийм төрлийн цэргийн 18 удаагийн хамтарсан сургуулилт хийхээр төлөвлөөд байжээ. Гэвч Сөүл болон Пхеньян хоорондын харилцаа сэргэж эхэлсэнтэй холбогдуулан хамтарсан сургуулилтын тоог 11 болгон цөөлсөн байна. Харин 2019 онд тэнгисийн цэргийн хамтарсан 24 удаагийн сургуулилт товложээ.

БНАСАУ эдгээр сургуулилтыг шүүмжлэхгүй байх аа гэдэгт найдаж байгаагаа Сөүл илэрхийлсэн. Учир нь сургуулилтын хамрах хүрээ төдий л өргөн хэмжээний биш гэж тайлбар хийсэн.

БНСУ болон АНУ энэ оны 8-р сард хийхээр төлөвлөсөн Ulchi Freedom Guardian сургуулилт болон 12-р сард товлосон Vigilant Ace сургуулилтуудыг тус тус цуцлаад байгаа юм.

Вашингтон болон Сөүлийн хамтарсан цэргийн сургуулилт энэ цаг үед болж байгаагаараа Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох, БНАСАУ-ын эсрэг хоригийг зөөлрүүлэх асуудалд томоохон чөдөр тушаа болж байгааг Английн The Guardian сонины шинжээчид онцоллоо.

Өнөөдрийн байдлаар АНУ болон БНАСАУ хоорондын хэлэлцээр мухардалд орлоо гэдгийг ч Английн хэвлэл тодотгож байгаа юм. Сингапурын дээд хэмжээний уулзалтын дүнд Умард Солонгосын талтай хэлэлцээр хийх үйл явцыг дэмжин, түргэсгэхийн тулд Америк-Солонгосын цэргийн сургуулилтыг зогсоохоор Вашингтон таван сарын өмнө шийдвэрлэсэн билээ.

Хэдийгээр Пхеньян болон Вашингтон хооронд дахин зөрчилдөөн “сэдэрч” байгаа ч, энэ үед харин хоёр Солонгосын хоорондын харилцаа сайжирч байгааг The Guardian онцолж байна. Энэ долоо хоногт Сөүл болон Пхеньян эрэг дагуух бүс нутгийн уснаа хамтарсан судалгаа явуулж, хоёр улс хоорондын далайн тээврийг сэргээх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө