Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ДЭЛХИЙН 1-Р ДАЙН ӨНДӨРЛӨСНИЙ 100 ЖИЛИЙН ОЙГ НЭХЭН ДУРСЛАА

  Б.Оюун 2018-11-12 268

Энэ ням гарагт Франц болон Их Британид хүн төрөлхтөний түүхэн дэх хар толбо болох Дэлхийн 1-р дайн өндөрлөсний 100 жилийн ойд зориулсан ёслол хүндэтгэлийн арга хэмжээ боллоо. Дэлхийн 1-р дайн өндөрлөсний түүхт ойн арга хэмжээний гол ёслол Францын нийслэл Парис хотноо болж, энд болсон арга хэмжээнд дэлхийн 70 гаруй улс орны төр засгийн тэргүүлэгчид, олон улсын байгууллагын төлөөлөгчид-тэр дундаа НҮБ болон НАТО-ийн тэргүүнүүд, ЕХ-ны удирдлагууд оролцсон байна.

Image result for 1918-2018: памятная церемония у Триумфальной арки

Одоогоос 100 жилийн тэртээ олон улс орныг хамарсан Дэлхийн 1-р дайн өндөрлөж байсан юм. Хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн өргөн хүрээний цэрэг дайны хямрал гэж нэрлэгддэг энэхүү дайн 1914 оны 7/28-нд эхэлж, 1918 оны 11-р сард төгссөн юм.

Image result for Armistice 100: Courage and carnage of WW1

Дэлхийн нэгдүгээр дайн нь 1914 онд дэгдсэн цагаасаа хойш Дэлхийн дайн, мөн Их Дайн гэж нэрлэгдэж байсан ч сүүлд дэлхийн түүхнээ Дэлхийн нэгдүгээр дайн гэж нэрлэгдэх болсон юм. Энэхүү дайн нь 1914 оны 07 сарын 24-өөс 1918 оны 11 сарын 11 хүртэл гол төлөв Европ тивд төвлөрсөн томоохон дайн юм. Энэ дайн дэлхийн хамгийн том хүчнүүдийг, тодруулбал Холбооныхон болон Төв хүчин гэсэн 2 хүчинд хуваагдан дэгдсэн юм. Европ тивийн нутаг дэвсгэр дээр болсон энэ дайнд 70 сая гаруй цэрэг дайчин оролцсон Европын төдийгүй дэлхийн түүхэн дэх хамгийн том дайнуудын нэг юм. 4 жил орчим үргэлжилсэн энэ дайны уршгаар 11 сая цэрэг дайчин, мөн 8 сая гаруй энгийн иргэн үрэгдэж, тухайн үеийн 4 эзэнт гүрэн сүйрсэн гэж тооцдог байна. Түүхчид энэ дайныг дэлхийн түүхэн дэх 6 дахь томоохон хөнөөлтэй дайн гэж үздэг. Тухайн цаг үед зэр зэвсэг төдийлөн хөгжөөгүй байсан нь Дэлхийн 1-р дайнд,  сүүлд дэгдсэн Дэлхийн 2-р дайнтай харьцуулахад харьцангуй хүний амь насны хохирол багатай туулсан шалтгаан болдог байна.

 Хүн төрөлхтөний орчин цагийн түүхэн дэх анхны томоохон дайн тулаан болох Дэлхийн 1-р дайн өндөрлөсний 100 жилийн ойд зориулсан гол арга хэмжээ Францын нийслэл Парис хотноо болжээ. Францад болж байгаагийн учир нь Дэлхийн 1-р дайны томоохон, шийдвэрлэх тулаануудын дийлэнх нь Францын нутаг дэвсгэр дээр болсонтой холбоотой юм. Тийм ч учраас Франц улс энэхүү түүхэн тэмдэглэлт ойг өргөн хүрээнд нэхэн дурсч, гол арга хэмжээнүүд Парис хотноо, Ялалтын хаалганы дэргэд болсон байна.

 1914-1918 оны хооронд 4 жил орчим үргэлжилсэн Дэлхийн 1-р дайныг төгсгөх гол эвлэрлийн гэрээнд Францын Компьены ойд Францын маршал Фердинанд Фошийн галт тэргэн дотор Компьены эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурж, Германы эзэнт гүрэн бууж өгөн Антанта болон Германы хооронд энхийн гэрээ байгуулснаар Дэлхийн 1-р дайн өндөрлөж байжээ. Сүүлд энд олон улсын бага хурал болж, дайнд оролцогч талууд энхийн гэрээ байгуулан, дэлхийн дайныг зогсоож байсан юм.

Парис хотын Ялалтын аркны дэргэд болсон арга хэмжээнд дэлхийн 70 гаруй улс орны төр засгийн тэргүүлэгчид тэр дундаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин, Германы Холбооны канцлер Ангела Меркель нар оролжээ.

Францын төрийн тэргүүн Эммануэль Макрон энд болсон хүндэтгэлийн арга хэмжээн дээр хэлсэн үгэндээ: -Бид түүхээ мартах учиргүй. Хүн төрөлхтөний түүхэнд өрнөж байсан элдэв дайн тулаан, цэрэг дайны хямралаас бид хичээл сургааль авч, үр хойчдоо энхтайвныг үлдээх учиртай. Өнөөдрийн нийгэмд шашин соёл, нийгэм-эдийн засаг, бусад хүчин зүйлээс шалтгаалан улс орнууд хоорондоо хагаралдан бутарч байгаад бид анхаарлаа хандуулж, элдэв хагарлаас сэргийлэн нэгдэх учиртай. Хүн төрөлхтөн хоорондоо эв найрамдалтай байж, аливаа хямралыг дайн тулаанаар шийдэх ёсгүйг бидний түүх, бидэнд сануулж байна гэжээ.

Парис хотноо болсон арга хэмжээ орон нутгийн цагаар 11 цагт хонхны дуу дуугарч, Ялалтын аркны дэргэд цугласан хүмүүс нэр нь үл мэдэгдэх цэргийн хөшөөнд цэцэг өргөж, дайн тулааны улмаас амиа алдагсдын төлөө дуугаа хураан зогссон байна.

 (Их БРИТАНИ)

Image result for German president joins Armistice ceremony in London

Их Британид мөн Дэлхийн 1-р дайн өндөрлөсний 100 жилийн ойг нэхэн дурслаа. Уламжлал ёсоор Лондон хотын төвд байрлах Кенотаф дурсгалын цогцолборын дэргэд дайнд амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэх ёслол болж, Их Британийн иргэд 2 минут дуугаа хураан хүндэтгэл үзүүлсэн байна. Энд болсон арга хэмжээнд Их БРитанийн хатан хаан 2-р Елизабет болон хатан хааны гэр бүлийн гишүүд, төр засгийн тэргүүлэгчид, засгийн газар-парламентын гишүүд, энгийн иргэд оролцжээ. Дэлхийн 1-р дайн өндөрлөсний ойд зориулсан ёслолын арга хэмжээний дараа Лондон хотод 10 мянга гаруй хүн оролцсон жагсаал болж, хүн төрөлхтөний эсрэг дайн тулааны эсрэг эв санаа нэгдэн алхсан байна. Мөн энэ өдөр Лондон хотын Сазек дүүрэгт байрлах Хааны цэргийн музейн дэргэд ёслол хүндэтгэлийн арга хэмжээ болсон байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө