Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ЕХ-НЫ НЭГДСЭН АРМИ БАЙГУУЛАХ АСУУДЛЫГ ВАШИНГТОН ДАХИН ШҮҮМЖИЛЛЭЭ

  М.Даваадулам 2018-11-14 471

ЕХ нэгдсэн цэрэг армитай болох нь зүйтэй гэсэн санаачилга гаргаад байгаа. АНУ энэ талаар байр сууриа дахин илэрхийллээ. Энэ нь Умард Атлантын цэргийн эвслийн үйл ажиллагаа, чиг баримжаатай зөрчилдөх ёсгүй гэж Вашингтон мэдэгдлээ. НАТО-гийн үйл ажиллагаа сулрах ёсгүй гэдгийг АНУ дахин анхаарууллаа.

  “НАТО бол тогтвортой үйл ажиллагаа явуулж буй бүтэц, АНУ тус эвслийн үйл ажиллагааг дэмждэг төдийгүй өөр бусад орнууд ч дэмжиж байгаа. Холбоотон аливаа орны үйл ажиллагаа НАТО-гийн үйл ажиллагаатай зөрчилдөх ёсгүй” гэж АНУ-ын Ерөнхийлөгчийн байр суурийг хэвлэлийн алба нь илэрхийллээ.

АНУ-ын “Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео өнгөрсөн амралтын өдрүүдэд Францын Гадаад хэргийн сайд Жан Ив Ле Дриантай уулзсан. Уулзалт үр дүнтэй болсон. АНУ болон Франц улсын олон аюулгүй байдлыг хангахад хэрхэн хамтран ажиллах, тэр дундаа НАТО-г хэрхэн бэхжүүлэх асуудлыг хэлэлцсэн” гэж Цагаан ордон мэдээллээ.

ЕХ нэгдсэн цэрэг армитай болох санаачилгыг Франц улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон гаргасан. Тэрээр энэ сарын 6-ны өдөр Europe-1 радиод ярилцлага өгөхдөө нэгдсэн цэрэг армийн тухай анх мэдэгдсэн. Мөн ЕХ цаашид БНХАУ, ОХУ, АНУ-аас болгоомжлох хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийлсэн. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Францын төрийн тэргүүний мэдэгдлийг шүүмжилж, НАТО-гийн гишүүн орнуудад хандаж санхүүгийн хураамжаа нэмэгдүүлэхийг дахин шаардлаа.

Францын төрийн тэргүүний санаачилгыг ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель дэмжсэн. Өчигдөрхөн Страсбург хотноо Европарламентад хандан мэдэгдэл хийхдээ, хатагтай Меркель ЕХ-ны нэгдсэн цэрэг арми байгуулах чиглэлд ажиллах ёстойг онцолсон юм.

Европын нэгдсэн арми байгуулах талаар БНХАУ байр сууриа илэрхийлэв

  Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны Европын нэгдсэн цэрэг арми байгуулах санаачилгын талаар Бээжин өнөөдөр мөн байр сууриа илэрхийллээ. Франц улсын төрийн тэргүүн буурал тивийн орнууд АНУ, ОХУ болон БНХАУ-аас болгоомжлох ёстой гэж хэлсэн. Тэгвэл Хятад улс буурал тивийн орнуудад хэзээ ч аюул, заналхийлэл учруулж байгаагүй гэж Бээжин мэдэгдлээ.

БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чуньин өнөөдөр өглөө мэдээлэл хийсэн юм. “Европын орнууд тусгаар тогтносон, бие даасан улс орон бөгөөд бие даан өөрсдийн сонголтоо хийх эрхтэй. Харин Хятад улсын хувьд бид хэзээ ч Европт ямар ч аюул, заналхийлэл учруулж байгаагүй” гэдгийг хатагтай дипломатч хэллээ.

            Путин Ерөнхийлөгч Европын нэгдсэн арми байгуулах санаачилгыг дэмжлээ

Харин хойд хөрш Европын нэгдсэн арми байгуулах санаачилгыг дэмжиж байна. Ерөнхийлөгч Владимир Путин ийнхүү өөрийн байр сууриа илэрхийлсэн нь олон улсад ихээхэн гайхшрал төрүүлж байна.

Европын нэгдсэн армитай болох, АНУ болон БНХАУ адил хүчирхэг гүрэн болох тухай огцом мэдэгдлүүдийг Европын лидерүүд сүүлийн үед хийх болсон. Эдгээр үйлдлийг Москва харин Европ-Америкийн харилцаа хурцадмалд байдалд шилжсэний илрэл гэж харж байна.

Өнгөрсөн долоо хоногт Дэлхийн 1-р дайн дууссаны 100 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Парис хотноо Франц-АНУ-ын лидерүүд уулзах байсан ч, энэ уулзалт цуцлагдсан. Елисейн ордноос зохион байгуулж байгаа Дэлхийн 1-р дайн дууссаны 100 жилийн ойн арга хэмжээний сүр хүчийг алдагдуулахгүйн тулд уулзалтыг цуцалсан гэж Парис албан ёсны тайлбар хийснийг оросын хэвлэлүүд ч онцолж байна.

Хэрэв Европын нэгдсэн арми байгуулагдвал эрх үүргийн хувьд одоогийн НАТО-гоос дутахааргүй байна. Гэхдээ нэг давуу тал нь Вашингтоноос огт хамаарахгүй. Тиймээс энэ санаачилгыг Москвагийн хувьд дэмжихгүй байхын аргагүй юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө