Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ПУТИН, АБЭ НАР ЭНХИЙН ГЭРЭЭНИЙ ТАЛААРХ ХЭЛЭЛЦЭЭРИЙГ “ИДЭВХЖҮҮЛЭВ”

  М.Даваадулам 2018-11-15 431

 Япон улс ОХУ-тай харилцаа хамтын ажиллагаагаа нягт зузаатгахыг эрмэлзэж байна. Хоёр улсын дипломат харилцаанд газар нутгийн маргаан, тэр дундаа Курилын арлуудын эзэмшлийн асуудал чөдөр тушаа болдог. Энэ асуудлыг хоёр улс төр засгийн тэргүүн өнгөрсөн 9-р сард Владивостокт болсон “Алс Дорнодын эдийн засгийн чуулганы” үеэр хөндсөн. Гэвч Токио тухайн үед Курилын асуудалд буулт хийхгүй гэсэн байр суурь илэрхийлж байсан. Лхагва гарагт Сингапурт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар уулзаж, энхийн гэрээ байгуулах асуудлыг юуны түрүүнд хэлэлцлээ. Энхийн гэрээнд чөдөр тушаа болж байгаа газар нутгийн маргааныг шийдвэрлэх хэлэлцээрийг идэвхжүүлэхээр талууд тохиролцлоо. Ингэхдээ 1956 онд ЗХУ болон Япон улс хооронд байгуулсан тунхагт үндэслэхийг тэмдэглэж байна.

Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ уулзалтын дараа хийлгэсэн хэвлэлийн хурал дээр “бид энэ бүхэнд цэг тавина” гэсэн юм. Ирэх оны эхээр Шинзо Абэ ОХУ-д айлчлах бол, зун нь Владимир Путин “Их 20” бүлгийн уулзалтад оролцохоор Японд хөл тавихыг ч арлын улсын Засгийн газрын тэргүүн онцолж байна.

Москвагийн хувьд ямар нэгэн урьдчилсан нөхцөл тохиролцолгүй энхийн гэрээ байгуулах санал тавьж байгаа. Харин Токио энэ саналыг хүлээн авахаас татгалзаж, юуны түрүүнд Курилын арлуудын асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэсэн байр суурин дээрээ баттай зогсож байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Сингапурт болсон уулзалтын үр дүнгийн талаар хэвлэлийнхэнд мэдээлсэн. 1956 онд ЗХУ болон Япон улс хооронд байгуулсан тунхаглал дээр үндэслэн хоёр улсын төр засгийн тэргүүнүүд цаашид хэлэлцээрийг үргэлжлүүлнэ гэдгийг тэмдэглэлээ.

Тус тунхаг бичигт Москва энхийн хэлэлцээр байгуулсны хариуд Япон улсад Шикотан болон жижиг Курилын арлуудын хэд хэдэн хүн суурьшаагүй арлыг шилжүүлэхээр тусгасан байна. Эдгээр жижиг арлуудыг Япончууд Хабомаи гэж нэрлэдэг байна.

Харин дараагаар нь Япон улс ОХУ-тай өөр үлдсэн Итуруп болон Кунашир арлын асуудлыг шийдвэрлэх хэлэлцээр эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа гэж Японы хэвлэл мэдээллээ. Мөн 2019 он гэхэд газар нутгийн асуудлаар Токио Москватай санамж бичиг ч байгуулахыг зорьж байна. Японд ирэх зун болох “Их 20” бүлгийн уулзалтад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин оролцохоор очих үеэр энэ санамж бичгийг байгуулж магадгүй гэж The Mainichi сонин өнгөрсөн долоо хоногт Сингапурын уулзалтаас урьтан нийтэлсэн.

Хоёр сарын өмнө Япон улс ОХУ-тай найрамдлын гэрээ байгуулахаас татгалзсан

 ОХУ, Япон улс хооронд энхийн хэлэлцээр үгүйгээс далай тэнгисийн газар нутгийн маргаан намждаггүй. Япон улс 1855 оны Худалдаа, хил гаалийн тухай гэрээний дагуу Курилын бүлэг арлын дөрвөн арлыг өөрийн эзэмшлийн бүс гэж үздэг. 1956 онд ЗХУ болон Япон улс хамтарсан тунхаг баталж, Хабомаи болон Шикотан арлыг Японы мэдэлд шилжүүлэн өгөх боломжийг судлахаар тохиролцсон байна. Харин Кунашир болон Итуруп арлыг энд дурьдаагүй байдаг байна. ЗХУ-ын энэ тунхаг хоёр улс хоорондын газар нутгийн маргаанд цэг тавина гэж тооцоолсон ч, Япон улс өнөөг хир эдгээр арлуудын төлөө тэмцсээр байгаа юм.

Хоёр сарын өмнө Дорнын эдийн засгийн чуулганы хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзсан. Уулзалтын хүрээнд Япон улстай  энэ ондоо багтаан найрамдлын гэрээ байгуулах хүсэлтийг Ерөнхийлөгч Путин илэрхийлсэн. Гэвч хоёр улс хоорондын газар нутгийн маргааныг шийдвэрлэх хүртэл найрамдлын гэрээ байгуулахгүй гэсэн Япон улсын хатуу байр суурийг Япон улсын Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ёшихидэ Суга илэрхийлсэн юм. “Хойд бүс нутгийг эргүүлэн авах асуудлыг шийдсэний дараа найрамдлын гэрээ байгуулна” гэж Ёшихидэ Суга мэдэгдсэн. Хойд бүс нутагт Курилын бүлэг арлуудын Итуруп, Кунашир, Шикотан болон Хабомаи арлууд багтдаг юм.

Харин  Ерөнхий сайд Шинзо Абэ найрамдлын гэрээний асуудлаар Япон болон Оросын ард иргэдийн хувьд харилцан ойлголцол бий болгох хэрэгтэй гэж хэлсэн. Курилын арлуудын өмнөд хэсэгт хамтарсан эдийн засгийн үйл ажиллагаа явуулж, харилцан итгэлцэл дээр тулгуурласан харилцааг хөгжүүлснээр найрамдлын гэрээ байгуулах нь зүйтэй гэсэн байр суурийг Владивосток хотноо ажиллахдаа илэрхийлсэн юм.

ОХУ болон Япон улс хооронд найрамдлын гэрээ байгуулах асуудал 70 жилийн туршид хүлээгдэж байна. Токио өмнө дурдсан Курилын бүлэг арлуудын дөрвөн арлыг эргүүлэн өгсөн нөхцөлд найрамдлын гэрээ үзэглэнэ гэсэн байр сууриндаа баттай зогсож байгаа юм. Харин Москвагийн хувьд эдгээр Өмнөд Курилын арлууд нь Дэлхийн хоёрдугаарын дайны дүнд ЗХУ-ын харъяалалд шилжсэн, тиймээс эдгээр арлыг эзэмших эрхийн талаар маргах шаардлагагүй гэж үздэг.

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө