Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ХАШОГГИЙН ҮХЭЛД АНУ САУДЫН АРАБЫН ХУНТАЙЖИЙГ “ХОЛБОВ”

  М.Даваадулам 2018-11-17 326

Сэтгүүлч Жамаль Хашоггийн хэргийн талаар АНУ Тагнуулын төв алба дүгнэлтээ гаргалаа. Саудын Арабын угсаа залгамжлах хунтайжийг энэ хүн амины хэрэгт холбож байна. Тодруулбал, угсаа залгамжлах ханхүү Мухаммед бен Сальман аль Сауд Турк улсын Истанбул хот дахь Саудын Арабын консулын газрын барилгад сэтгүүлч Жамаль Хашоггийн аминд хүрэх тушаал буулгасан гэж Америкийн The Washington Post сонин Тагнуулын төв албаны эх сурвалжийн мэдээлэл дээр тулгуурлан нийтэлжээ.

Сэтгүүлчийн аминд хунтайжийн зөвшөөрөлгүй хүрэх ёсгүй, мөн хунтайж энэ талаар мэдээлэлгүй байх ёсгүй гэж Америкийн Тагнуулын төв алба үзэж байна.

АНУ-ын Тагнуулын төв алба АНУ дахь Саудын Арабын Элчин сайд Халед бен Сальман буюу угсаа залгамжлах хунтайжийн төрсөн ах болон Хашогги сэтгүүлчийн утасны ярианы бичлэгийг сайтар судалжээ. Халед нь Хашоггид хандан Истанбул хот дахь Консулын газарт очиж, гэрлэлт цуцлуулсан тухай баримт бичиг авах ёстой гэж хэлсэн бөгөөд өөрт нь ямар нэгэн аюулгүй гэж итгүүлжээ. Халед өөрийн дүүгийн хүсэлтийн дагуу Хашоггитой утсаар ярьсан. Гэхдээ  Халедын хувьд Хашоггийн аминд хүрэхээр бэлтгэж байгаа эсэхийг мэдэж байсан үгүй нь бол тодорхойгүй байна гэж Америкийн The Washington Post сонины баасан гарагийн дугаарт нийтэлжээ.

АНУ-ын Тагнуулын төв албаны мэдээлэл дээр тус нийтлэл тулгуурласан, хэвлэн нийтлэх зөвшөөрөл авсан гэж мэдээлж байгаа ч Тагнуулын төв алба албан ёсны тайлбар мэдээ хийхээс татгалзсан байна.

Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын ойрын хүрээллийн эх сурвалжийн мэдээлэл дээр тулгуурлан Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж тус хэрэгт холбоотой гэх баримт нотолгоог Доналд Трамп Ерөнхийлөгчид хүргүүлсэн гэж мэдээллээ. Гэхдээ Цагаан ордны тэргүүн энэ мэдээллийг авч хэлэлцээгүй гэдгийг Америкийн хэвлэл онцолж байна. Гэхдээ сэтгүүлчийн цогцос хэрхсэн болохыг олж тогтоохыг Ерөнхийлөгч Трамп Тагнуулын төв алба болон Төрийн Департаментдаа үүрэг болгожээ.

АНУ-ын Тагнуулын төв албаны Саудын Арабын сэтгүүлч Жамаль Хашоггийн үхлийн хэргийн талаарх мөрдлөгийн тайланд Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мухаммед бен Сальман аль Сауд нь “Бодит байдал дээр улсдаа хамгийн чухал хүн бөгөөд вант улсын бүх л хэрэг, бүр жижиг хэргийг хүртэл хянаж байдаг” гэж бичжээ. Тиймээс түүнийг мэдээгүй байхад ийм хэрэг гарах учиргүй гэж АНУ-ын Тагнуулын төв алба үзэж байна.

Саудын Арабын Прокурорын байгууллага нэг хоногийн өмнө тус хэргийн мөрдлөгийн дагуу 21 хүнийг баривчилж, 11 хүний эсрэг эрүүгийн хавтаст хэрэг үүсгэснийг мэдэгдсэн. Ингэхдээ тэдгээрээс 5 хүнд ялын дээд хэмжээ буюу цаазын ял төлөвлөөд байгаа юм.

Турк улс энэ хэргийн мөрдлөгийг хангалтгүй гэж үзэж, хэрэг Турк улсад гарсан учир Анкарад мөрдлөгийг шилжүүлэхийг уриалж байна. Харин Ойрхи Дорнодын бүс нутгийн орнууд Саудын Арабын эрх баригчид болон хуулийн байгууллагын үйл ажиллагаа, шийдвэрийг дэмжин сайшааж байгаагаа илэрхийллээ. Харин АНУ хэрэгт холбогдсон гэх Саудын Арабын нэр бүхий 17 хүний эсрэг хориг тогтоож байгаагаа хоёр хоногийн өмнө зарласан.

Саудын Арабын Прокурорын байгууллага хэргийн дагуу таван хүнд ялын дээд хэмжээ төлөвлөсөн тухай зарласан. Мөн сэтгүүлчийг их хэмжээний тун бүхий мансууруулах бодис тарьж, аминд нь хүрсэн, дараа нь мөчилж, улмаар цогцсыг нь Туркийн хамсаатанд шилжүүлсэн гэдгийг ч Саудын Арабын хууль хяналтын байгууллага мэдээлсэн.

Ингэснээр  хохирогчийн ар гэрийнхэн сэтгүүлчийн цогцсыг олох найдлагаа гээж байна. Улмаар бэлгэдлийн чанартай оршуулах ёслол зохион байгууллаа. Саудын Араб болон Туркийн хэд хэдэн хотод Жамаль Хашоггитой салах ёс хийх ажиллагаа ч болжээ.

Сэтгүүлчийн хүү Самал Жидда дахь эцсийн замд үдэх ёслолд нэгдсэн байна. Мөн ариун хот Мекка болон Мединад, мөн хэрэг гарсан Истанбул хотод олон зуун хүн салах ёс хийх ажиллагаанд оролцжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө