Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ КАЛИФОРНИ МУЖИД АЖИЛЛАЖЭЭ

  Б.Оюун 2018-11-19 233

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп саяхан ойн түймэрт нэрвэгдэж, их хэмжээний гамшиг сүйрэл амссан Калифорни мужид ажиллажээ. Цагаан ордны тэргүүн гамшгийн бүсэд очиж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцахын зэрэгцээ мужийн эрх баригчид, гамшгаас сэргийлэх алба, бусад холбогдох хүмүүстэй уулзсан байна.

Мөн Трамп гамшгийн бүсэд ажиллаж, түймрийн гамшигтай тулсан гал сөнөөгчид болон аврагчидтай уулзаж, тэдэнд талархал илэрхийлжээ. Калифорни мужид дэгдсэн энэ удаагийн ойн түймэр мужийн түүхэн дэх хамгийн их гамшиг сүйрэл дагуулсан гамшигт үзэгдэл болсон байна. Өнөөдрийг хүртэл түймэрт хичнээн хүн өртөж, хэдий хэмжээний хор хохирол учирсныг нарийн тооцож амжаагүй байна. Орон нутгийн эрх баригчдынх нь хамгийн сүүлд өгч байгаа мэдээллээр түймрийн гамшгийн улмаас 79 хүн амиа алдаж, 1276 хүн сураггүй алга болсонд тооцогдоод байна. Гэхдээ хохирогсдын талаарх энэхүү мэдээлэл, жагсаалтад зарим хүмүүсийн нэрс давхардсан тоогоор багтсан байж болох учраас илүү нарийн нягтлан шалгаж байгаа юм байна.

 Калифорни мужид дэгдсэн ойн түймрийн улмаас энэ мужийн нийт газар нутгийн бараг 40% нь түймэрт өртсөн юм. Мөн түймэрт 12 мянган барилга байшин өртөн шатсанаас 10 мянга нь орон сууцны барилга байгаа юм. Түймэрт өртөн амиа алдсан хүний тоо хамгийн сүүлийн мэдээллээр 79-д хүрсэн талаар Калифорни мужийн шериф Бьютт Коре Хонеа мэдээлжээ. Хамгийн сүүлд Калифорнийн өмнөд хэсгээс 3 хүний цогцос нэмж олсноор гамшит өртөн амиа алдсан хүмүүсийн тоо албан ёсоор 79 болж нэмэгдсэн байна. Түүнчлэн гамшгийн улмаас сураггүй алга болсон иргэдийн тоо сүүлийн өдрүүдэд 700-аар нэмэгдэж, нийтдээ энэхүү жагсаалтад 1276 хүний нэр бичигдээд байна. Гэхдээ сураггүй алга бологсдын бүртгэлд давхардсан нэрс байгааг албаны хүмүүс үгүйсгэхгүй байгаа юм. Тиймээс гамшгийн үеэр аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн, мөн бие даан гамшгийн бүсийг орхисон хүмүүсийн нэрсийг дахин тодруулж, тулгах шаардлагатай гэдгийг ч тэмдэглэж байна.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ойн түймэрт өртөн сүйдсэн Калифорни мужид энэ амралтын өдрүүдэд ажилласан юм. Цагаан ордны тэргүүн түймрийн гамшигт хамгийн ихээр нэрвэгдсэн Калифорнийн хойд хэсэгт байрлах Парадайс хотод ажиллажээ.

Image result for Trump arrives in California to tour fire areas

Парадайс буюу диваажин гэх сайхан нэртэй энэ хот өнөөдөр тамын орон болон хувирч, хаа сайгүй шатсан, сүйдсэн барилга байшингууд, үнсэн нурам болон хувирсан дүр зурагтай байна. Энэ хотод нийтдээ 9,7 мянган барилга түймэрт автан шатаж, 47 мянган хүн өнөөдрийг хүртэл орон гэртээ эргэн ирж чадаагүй, түр хоргодох байрууд, сүм, сургуулийн барилгад, мөн майхан, машиндаа амьдарч байна.

Алдарт далайн эргийн Малибуд 500-аад байшин галд шатжээ.

Дональд Трамп гамшгийн бүс дэх нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, түймэрт өртөн үнс нурам болон хувирсан газруудаар явж, орон нутгийн эрх баригчид, ойн аж ахуй эрхлэгчид, бусад холбогдох хүмүүстэй гамшгийн нөхцөл байдлын талаар дүгнэлт өгч ажилласан байна. Трамп энэ үеэр мужийн эрх баригчдыг ойн аж ахуй, ой хамгаалалтын ажлаа зөв явуулахгүй байгаагаас хуурай халууны улиралд түймэр дэгдэж, их хэмжээний хохирол сүйрэл авчрах хэмжээний нөхцөл байдал үүсгэж байгаад буруутгасан байна. Цагаан ордны тэргүүн Калифорнид жил бүр их бага хэмжээгээр түймэр дэгдэж, энэ хирээр их хэмжээний хөрөнгө мөнгө аюул гамшгаас урьдчилан сэргийлэх боломжтой нөхцөл байдалд зарцуулагдаж, иргэд амь нас, эрүүл мэнд, хөрөнгөөрөө хохирч байгаад ихээхэн шүүмжлэлтэй хандсан байна. Трамп Калифорнийн эрх баригчдыг ойн аж ахуй, ойн түймрээс урьдчилан сэргийлэх тал дээр илүүтэй анхаарал хандуулж, гамшгаас сэргийлэх боломжтой бүхий л арга хэмжээг авч, цаашид ийм гамшигт үзэгдэл давтагдуулахгүй байхад анхаарч ажиллахыг даалгаж, хэрвээ хүний хүчин чармайлтаар зохицуулж болох гамшгаас сэргийлж ажиллаж чадахгүй бол цаашид мужийн санхүүжилтэд улсаас олгодог хөрөнгө мөнгийг танах болно гэж хатуухан мэдэгдсэн байна.

Америкийн Калифорни мужийн хойд хэсэгт дэгдсэн түймрийн улмаас эх сурвалжуудын мэдээлж байгаагаар нийтдээ 600 кв/км газар нутаг өртөн шатсан байна. Калифорнид их хэмжээний гамшиг сүйрэл дагуулсан ойн түймэрт “Кэмп” гэх нэр өгч, мужийн түүхэнд гарсан хамгийн их аюул, гамшиг, сүйрэл учруулсан түймэр гэж нэрийджээ. Үнэхээр ч “Кэмп” ойн түймрийн улмаас Калифорни мужид урьд өмнө нүүрлэж байгаагүй их хэмжээний гамшиг сүйрэл учруулж, нийт газар нутгийнх нь бараг 50% түймэрт автан шатсан юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө