Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ИЗРАИЛЬ ЛИВАНТАЙ ЗАЛГАА ХИЛ ДАГУУХ НУУЦ ХОНГИЛУУДЫГ УСТГАЖ БАЙНА

  Б.Оюун 2018-12-05 201

Израилийн зэвсэгт хүчин улсынхаа Ливантай залгаа хилийн бүс дагуух нутагт “Умардын бэхлэлт“ нэрэн дор тусгай ажиллагаа явуулж байна. Энэхүү ажиллагааны хүрээнд Израилийн тал Ливан улстай залгаа хилийн бүс дагуу байрлах алан хядагчдын “нууц хонгил”-уудыг устгажээ. Эдгээр нууц хонгилыг “Хезболла” алан хядах бүлэглэлийн дайчид Израилийн газар нутаг руу хууль бусаар нэвтрэхэд, мөн зэр зэвсгээ нууцаар оруулахад зориулан ашиглаж байсан юм.

 “Умардын бэхлэлт“ ажиллагаа мягмар гарагийн өглөө эхэлж, энэ долоо хоногтоо үргэлжлэх юм. Израилийн армийн албаны төлөөлөгчийн мэдээлснээр одоогоор цэргийнхэн зөвхөн Израилийн буюу өөрийн талын газар нутаг дээр ажиллагааг явуулж, нууц хонгилуудыг илрүүлэн устгаж байгаа юм. Ажиллагааг цааш үргэлжлүүлэн Ливаны талтай хамтран ажиллаж, энэ улсын хилийн бүс дагуух нутаг дэвсгэр дээр ч явуулахаар төлөвлөж байгаа гэнэ.

Израилийн тал улсынхаа хилийн бүсэд ийнхүү ажиллагаа явуулахдаа Ливаны цэргийнхэнийг улсынхаа хилийн харуул хамгаалалт, хяналтаа сулруулж байгаад буруутгажээ. Тэгвэл ажиллагаа явагдаж эхлэхтэй зэрэгцэн Ливаны талаас НҮБ-ын цэнхэр дуулгатнуудын хяналтад байгаа бүс болоод Ливаны армийн талынхан хилийн харуул хамгаалалтаа бэхжүүлжээ.

“Хезболла” зэвсэгт бүлэглэл нь 1980-аад оны эхээр байгуулагдаж, эхлээд Өмнөд Ливаныг булаан эзлэхийг завдсан Израилийн цэрэг армийн эсрэг ажиллагаа явуулж байжээ. Гэвч энэхүү бүлэглэл газар нутгийн сөргөлдөөнөөс хойш оршин тогтносоор, өнөөдөр Хезболла бүлэглэл нь улс төрийн болоод цэргийн жигүүртэй, нөлөө бүхий томоохон бүлэглэл болон өргөжин тэлсээр байгаа юм.

Барууны улс орнууд болоод Израилийн тал Ливаны Хезболла бүлэглэлийг алан хядах байгууллага гэж тооцон, үйл ажиллагааг нь хүлээн зөвшөөрдөггүй байна. 2006 онд Израиль улс Ливаны нутаг руу халдан довтолж, Хезболла бүлэглэлийг ул үндсээр нь устгахыг завдсан юм. Энэхүү сөргөлдөөний үеэр Ливаны талаас мянгаад хүн амиа алдсаны дийлэнх нь энгийн номхон иргэд байжээ. Бүс нутгийн энэхүү хямралын үеэр Израилийн тал 40 хүнээ алдсан юм.

Израилийн зэвсэгт хүчний тусгай анги нэгтгэл болох ЦАХАЛ-ын мэдээлж байгаагаар улсынхаа хил дагуух нутгаар нууц хонгилууд илрүүлэн устгах ажиллагаа үргэлжлэх гэнэ. Цэргийнхэний үзэж байгаагаар Ливаны талаас Израилийн нутгийг дамнуулан барьсан нууц хонгилуудыг одоогоор ашиглаж эхлээгүй байгаа учраас Израилийн хойд нутгийн иргэд, оршин суугчдад аюул байхгүй гэнэ. Израилийн албаны хүний ярьснаар “Хезболла” бүлэглэл эдгээр нууц хонгилуудыг сүүлийн 4 жилийн хугацаанд, маш нууц байдалд барьжээ. ЦАХАЛ ажиллагааг эхлүүлснээс хойш Ливаны Кафр-Кел суурин дахь орон сууцны байшингийн хонгилоор дамжин, Израилийн нутагт 40 метр гүн нэвтэрсэн нийтдээ 200 метрийн урттай хонгил илрүүлжээ. Мөн энэ мэтчилэн нууц хонгилууд хэд хэдийг олж илрүүлээд байгаа юм байна. Ийнхүү нууц хонгилууд байгуулахдаа Хезболла бүлэглэл Палестины ХАМАС бүлэглэлийн Гаазын зурваст байгуулж байгаа нууц хонгил байгуулах аргыг хэрэглэж байгааг Израилийн албаны хүн ярьжээ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө