Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Huawei компанийн Санхүү эрхэлсэн захирлыг баривчлав

  М.Даваадулам 2018-12-06 388

Хятадын Huawei Technologies компанийн Санхүү эрхэлсэн захирлыг АНУ-ын хүсэлтээр Канадад баривчиллаа. Иран улсын эсрэг Америкийн худалдааны хоригийг зөрчсөн хэрэгт Вашингтон хатагтай Мэн Ванжоуг буруутгаж байна. Ингэснээр Канадын эрх баригчдад хандаж Америкийн талд шилжүүлэн өгөхийг хүсчээ. Мэн Ванжоуг энэ сарын 1-ний өдөр буюу өнгөрсөн бямба гарагт Канадын Ванкувер хотод баривчилжээ. Хятадын харилцаа холбооны компанийн Санхүү эрхэлсэн захирлыг тэнсэн харгалзан суллах асуудлыг баасан гарагт Канадын хуулийн байгууллага хэлэлцэх талаар тус улсын Хууль зүйн яамны эх сурвалж мэдээллээ.

Канадын The Globe and Mail сонин пүрэв гарагийн дугаартаа хатагтай Мэн Ванжоуг баривчилсан талаарх мэдээлэл нийтэлсэн юм. Мөн Канадын Хууль зүйн яамны эх сурвалжийн мэдээлэл дээр тулгуурлан баасан гарагт тэнсэн харгалзан суллах эсэх асуудлыг шүүхээр хэлэлцэнэ гэж дамжууллаа.

Мэн Ванжоу нь Huawei Technologies компанийг үндэслэгч Жэн Чэнфэйн охин. Харилцаа холбооны компанийн санхүү эрхэлсэн захирлаас гадна компанийн удирдах зөвлөлийн дэд даргын албан тушаал давхар хашдаг. Түүний эцэг Жэн Чэнвэй нь 1987 онд Huawei компанийг байгуулсан, үүнээс өмнө Хятадын Ардын чөлөөлөх армийн офицер байжээ.

2015 онд байгуулсан Ираны цөмийн хөтөлбөрийн талаарх олон улсын гэрээнээс гарах тухай АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп энэ оны 5-р сарын 8-ны өдөр зарласан. Олон жил хэлэлцсэний дүнд “5+1” бүлэг буюу Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн орон нэмэх нь ХБНГУ 2015 онд Иран улстай цөмийн хөтөлбөрийн асуудлаарх олон улсын гэрээ байгуулж, Тегеран цөмийн болон пуужингийн хөтөлбөрөө танаж, хариуд нь олон улсын нийгэмлэг Тегераны эсрэг хоригоо зөөлрүүлэх үүрэг хүлээсэн.

Харин Вашингтон гурван жилийн дараа энэ гэрээнээс гарснаар Иран улсын эсрэг өмнөх хоригуудаа сэргээхээс гадна шинэ хориг тогтоох боломжтой болсон. Үүний дагуу 5-р сараас хойш хоёр ч үе шаттайгаар Тегераны эсрэг худалдааны шинэ хориг тогтоогоод байна.

Эхний шатны хориг 8-р сарын 7-ноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд юуны түрүүнд Иран улсын автомашин угсралтын салбар, алт болон бусад үнэт металлын худалдааг хамарсан. Харин 11-р сарын 5-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн хориг Иран улсын газрын тосны салбарыг илүүтэй хамарсан. Иран улсын газрын тосны экспортыг тэглэхэд Вашингтоны шинэ хориг чиглэж байгаа. Тиймээс дэлхийн бусад улс орныг Иран улсаас газрын тос худалдан авахгүй байхад уриалж, 8 улсад зургаан сарын хугацаа өгч, энэ хугацаанд газрын тосны импортоо тэглэхийг Вашингтон уриалаад байна. Эдгээр 8 улсад БНХАУ, Энэтхэг, Итали, Грек, Япон, БНСУ, Тайвань болон Турк улс тус тус багтсан билээ.

БНХАУ-ын ЭСЯ эсэргүүцэл илэрхийлэв

Huawei Technologies компанийн Санхүү эрхэлсэн захирлыг баривчилсан хэрэгтэй холбогдуулан Канад улс дахь БНХАУ-ын ЭСЯ мэдэгдэл хийж, эсэргүүцэл илэрхийллээ. Оттавагийн энэ үйлдэл хүний эрхийг ноцтой зөрчиж байна гэж үзэж байна. Тиймээс Мэн Ванжоуг яаралтай суллахыг Канад улс дахь БНХАУ-ын ЭСЯ шаардаж байна.

“Канад улсын цагдаагийн байгууллага АНУ-ын хүсэлтээр БНХАУ-ын иргэнийг баривчилсан бөгөөд тус иргэн Америкийн болон Канадын хууль дүрмийг огт зөрчөөгүй. Хятадын тал энэ үйл явдлыг эрс шүүмжилж байгаа бөгөөд энэ үйлдлийг хүний эрхийг ноцтой зөрчсөн явдал гэж дүгнэж байна” хэмээн Канад улс дахь БНХАУ-ын ЭСЯ мэдэгдэл хийж, тус мэдэгдлээ албан ёсны цахим хуудсандаа байршуулжээ.

Мөн гаргасан алдаагаа яаралтай залруулж, Мэн Ванжоугийн хувийн эрх чөлөөг сэргээхийг Бээжин АНУ болон Канад улсаас шаардлаа.

Хятад улс энэ хэргийн үйл явцыг анхааралтай ажиглаж, өөрийн улсын иргэний хууль ёсны эрх, ашгийг шийдэмгий хамгаалахын тулд бүх л арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэж Бээжин мэдэгдлээ.

Huawei компани Санхүү эрхэлсэн захирлынхаа хууль бус үйлдлийн талаар мэдэхгүй гэв

Huawei Technologies компани энэ хэрэгтэй холбогдуулан мэдэгдэл хийлээ. Санхүү эрхэлсэн захирал Мэн Ванжоугийн хууль бус үйлдлийн талаар ямар нэгэн мэдээлэл байхгүй гэж Weibo сошиал сүлжээн дэх албан ёсны хуудсандаа бичжээ. Канад болон АНУ-ын хууль шүүхийн байгууллага эцсийн дүнд үнэн зөв шийдвэр гаргана гэдэгт итгэж, найдаж байгаагаа компанийн удирдлага илэрхийллээ.

Хатагтай Мэн Ванжоугийн зүгээс аливаа хууль зөрчсөн үйлдэл илрээгүй гэдгийг Хятадын харилцаа холбооны компаниас мэдэгдэж байна.

Huawei компани нь үйл ажиллагаа явуулж буй тухайн улс орны хууль дүрмийг чандлан даган мөрддөг, түүнчлэн экспортын хяналт болон олон улсын хоригтой холбоотой НҮБ, АНУ, ЕХ-ны шийдвэрийг даган мөрддөг гэдгийг ч тэмдэглэлээ.

Мэн Ванжоу буюу бизнесийн хүрээнд Сабрина Мэн хэмээн танигдсан Huawei компанийн хоёр дахь үеийн удирдагч, Санхүү эрхэлсэн захирал өдгөө 46 настай. 1993 онд 21 насандаа Huawei компанид нэгджээ.

2003 онд хатагтай Мэн Huawei компанийн олон улсад тархсан санхүүгийн байгууллагыг үүсгэн байгуулж, байгууллагын бүтцийг шинэчлэн, стандартчилсан байна.

2005 оноос хатагтай Мэн компанийнхаа дэлхийн таван өөр цэгт байрлах үйлчилгээний төвийн үйл ажиллагааг тэргүүлэх болж, Хятадын Шэньжэн хотноо төвтэй Олон улсын төлбөр тооцооны төв ч байгуулжээ. Huawei компанийн санхүүгийн менежмэнтийг сайжруулах асуудал дээр сүүлийн жилүүдэд ажиллаж, компанийн урт хугацааны хөгжлийн төлөвлөгөө боловсруулж, эрсдлийн менежментийн төлөвлөгөө ч гаргасан байна.

Huawei компанийн үүсгэн байгуулагч, Ерөнхийлөгч Жэн Чэнфэй нь өдгөө 74 настай, түүний хөрөнгө 1.2 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна. Time  сэтгүүл 2005 онд Жэн Чэнфэйг дэлхийн нөлөө бүхий 100 эрхмийн жагсаалтад багтааж байжээ.

Мэн Ванжоугийн эсрэг мөрдлөгийг Вашингтон хагас жилийн өмнө эхлүүлжээ

Канадын хэвлэл хатагтай Мэн Ванжоуг Ираны эсрэг Америкийн хоригийг зөрчсөн хэргээр баривчилсан гэж мэдээлсэн. Харин Америкийн The Wall Street Journal сонинд нийтэлснээр Мэн Ванжоугийн эсрэг мөрдлөгийг АНУ-ын Хууль зүйн яам энэ оны 4-р сард эхлүүлжээ.

Huawei компани 2016 оноос эхлэн Америкийн хууль журмыг зөрчиж, Америкийн хоригт багтсан улс орнууд, тэр дундаа Иран улсад өөрийн бүтээгдэхүүнээ экспортолсон гэж Вашингтон хардаж байна.

Энэ үеэр шинжээчид Хятадын харилцаа холбооны компани “геополитикийн хавханд” орлоо гэж дүгнэж байна. АНУ-ын хувьд улс төрийн ашиг сонирхол, өрсөлдөөнөөс үүдэн ийнхүү алхам авч хэрэгжүүллээ гэж тайлбарлалаа.

Юуны түрүүнд Хятадын компани 5G гар утасны технологийг нэвтрүүлж эхэлсэн. Энэ нь эдийн засгийн тоон шилжилтийн үндэс болж байгааг Канадын The Globe and Mail нийтэлжээ. Хоёрдугаарт, Бээжин болон Оттава чөлөөт худалдааны талаарх шинэ өргөн хүрээний хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахад бэлэн болсон нь Америкчуудад таалагдахгүй байна. Энэ нь БНХАУ-тай худалдааны дайн эхлүүлсэн Цагаан ордны төлөвлөгөөнд харшилсан гэж шинжээчид дүгнэлээ.

Трамп Huawei болон ZTE компанийн төхөөрөмж хэрэглэхийг Засгийн газартаа хориглосон

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп одоогоос гурван сарын өмнө Засгийн газартаа хандаж, Хятадын харилцаа холбооны Huawei болон ZTE компанийн аливаа төхөөрөмж хэрэглэхийг хориглож байсан. Цагаан ордон төдийгүй Засгийн газрын бүх л салбар байгууллагад энэ хориг хамаарсан. БНХАУ эдгээр компанийн төхөөрөмжөөр дамжуулан тагнан турших ажиллагааг Америкийн нутаг дэвсгэрт явуулж байна хэмээн Цагаан ордны тэргүүн болгоомжилсан юм.

Доналд Трамп Ерөнхийлөгчийн 8-р сарын 14-ний өдөр баталсан хоригт Хятадын Hytera Communications, Hangzhou Hikvision Digital Technology, Dahua Technology зэрэг компани ч багтсан.

Зөвхөн төр захиргааны байгууллага төдийгүй Засгийн газартай уялдаа холбоотой ажилладаг нийлүүлэгч компани, гадны бусад байгууллагад ч Ерөнхийлөгч Трампын хориг хамаарсан.

Huawei компанийн хувьд харилцаа холбооны тоног төхөөрөмжийн томоохон үйлдвэрлэгч. АНУ-д чиг зүг заагч төхөөрөмж, холбогч зэрэг сүлжээний нэн чухал тоног төхөөрөмж нийлүүлдэг байна. Эдгээр төхөөрөмж ухаалаг утасны адил Америкийн хоригт багтаж байгаа юм.

Хятадын брэндүүд өөрсдийн төхөөрөмжийн тусламжтайгаар Засгийн газартаа мэдээлэл дамжуулдаг. Энэ нь АНУ-ын Үндэсний аюулгүй байдалд ноцтой заналхийлж байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өөрийн шийдвэрээ танилцуулсан юм.

Huawei 2020 он гэхэд Samsung компанийг ухаалаг утасны борлуулалтаар тэргүүлэх зорилт тавьжээ

Хятадын Huawei компани 2020 он гэхэд Өмнөд Солонгосын Samsung компанийг ухаалаг утасны борлуулалтаар тэргүүлэх зорилт тавьснаа гурван долоо хоногийн өмнө зарласан. Huawei компанийн захирлуудын нэг Ричард Югийн хэлснээр ирэх онд тус компани ухаалаг утасны худалдаа, борлуулалтаар дэлхийд тэргүүлэх боломж бий.

Энэ оны хоёрдугаар улиралд Huawei компани Америкийн Apple компанийг ухаалаг утасны борлуулалтаар гүйцэж, Samsung компанийн дараа хоёрдугаарт жагссан.

Английн Canalys агентлагийн өгсөн мэдээллээр, энэ оны хоёрдугаар улиралд Huawei компани дэлхий даяар 54 сая ухаалаг утас худалдаалжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 41% өссөн үзүүлэлт юм.

2017 онд Huawei компани дэлхий даяар 151.3 сая ухаалаг утас худалдаалсан байна. Харин Samsung компани – 317.3 сая, Apple компани – 215.8 сая ухаалаг утас борлуулжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө