Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ЙЕМЕНИЙ СӨРГӨЛДӨГЧ ТАЛУУД ХОРИГДОЛ СОЛИЛЦОНО

  Б.Оюун 2018-12-07 150

Йеменд үргэлжилж байгаа дотоодын хямрал хүчирхийлэл олон улсын анхаарлын төвд байсаар байна. Йемений зэвсэгт хямралд оролцогч талууд Шведын нийслэл Стокгольм хотноо ээлжит шатны яриа хэлэлцээрээ явуулж, зарим асуудлаар нэгдсэн тохиролцоонд хүрч чадсан байна.

Тухайлбал сөргөлдөөнд оролцогч талууд харилцан хоригдол солилцох тохиролцоонд хүрч чаджээ. Стокгольмын уулзалтын үеэр тэд тус тусын зүгээс тодорхой тооны цэргийн хоригдол солилцохоор хүлээн зөвшөөрч, энэ дагуух үйл явцыг олон улсын зуучлагчдын хяналтан дор явуулахаар тогтсон байна.

 Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Йемений сөргөлдөгч талуудын хийсэн тохиролцоо ёсоор Саудын Арабын талыг баримтлагч хүчний 1,5-2 мянган дайчныг шиитын “Ансар Аллах” зэвсэгт бүлэглэл буюу хуситын 1-1,5 мянган дайчнаар солилцох гэж байгаа юм.

Йемены дотоодын хямрал хүчирхийлэл, зэвсэгт мөргөлдөөн зөрчил 2014 онд эхэлсэн юм. Йемений хуситын босогчид улсынхаа засгийн газрын хүчний эсрэг босч, зэвсэгт тэмцэл өрнүүлснээр Баруун Өмнөд Азийн бүс нутаг дахь Арабын хойгийн энэ улсад дотоодын хямрал хүчирхийлэл гаарч, нөхцөл байдал хурцаджээ.

Тэгвэл ийнхүү сүүлийн 4 жилийн туршид дайн тулаантай, дотоодын тэмцэл сөргөлдөөн дунд байгаа Йеменд энхтайван тогтоох зорилгоор олон улсын энхийн зуучлагчид Шведын Стокгольм хотноо удаа дараа энхийн яриа хэлэлцээр явуулж байгаа юм. Энэ удаагийн уулзалтыг НҮБ-ын бүс нутаг хариуцсан тусгай элч Мартин Гриффитс энхийн зуучлагчийн хувиар тэргүүлэн явуулж, Йемений дотоодын дайн тулаан, хямралыг эв зүйгээр шийдвэрлэх гарцын талаар сөргөлдөгч хүчнүүдийн албаны төлөөлөлтэй нэгдэн хэлэлцжээ. Мартин Гриффитс Стокгольмд байгуулсан хоригдол солилцох тухай тохиролцоог дайн тулааны улмаас салж хагацсан гэр бүлүүд эргэн нэгдэх томоохон боломж гэж харж байгаагаа хэлж, сөргөлдөгч талууд нэг ширээний ард сууж, шийдвэр гаргасан явдлыг хямралыг даван туулах томоохон алхам гэжээ.

Йемений асуудлаарх шинэ шатны яриа хэлэлцээ пүрэв гарагт Шведын нийслэлд ажлаа эхэлсэн. Энэхүү уулзалтад “Ансар Аллах” шиитын бүлэглэлээс албаны хүмүүс ирж оролцсон нь Стокгольмын уулзалт үр дүнтэй явагдахад нөлөөлжээ. Учир нь НҮБ, өмнө нь Йемений сөргөлдөгч талуудыг өнгөрсөн 9-р сарын 6-нд Женевт цуглуулах гэсэн боловч талуудаас төлөөлөл ирээгүй учраас чадаагүй юм.

Йемений засгийн газар Ходейда дахь гол боомтоос шиитын зэвсэгт босогчдыг бүрэн гаргах шаардлага тавьж байгаа бол “Ансар Аллах” бүлэглэл Шведын уулзалтын үеэр Сана хотын нисэх буудлыг Йемений иргэдэд зориулан нээх шаардлага тус тус тавьжээ. Өнөөдрийн байдлаар Сана хотын олон улсын нисэх буудал агаарын хоригоос шалтгаалан иргэний зориулалтаар нислэг үйлдэхгүй, хаалттай байгаа юм.

Шведын нийслэлд ажлаа эхэлсэн Йемений асуудлаарх уулзалт нь 2016 оноос хойш болж байгаа анхны уулзалт болжээ. Гриффитсын тэмдэглэн хэлснээр сөргөлдөгч талууд нэг ширээний ард суусан нь өөрөө томоохон ололт амжилт гэнэ. Талууд эхний ээлжинд  харилцан хоригдол солилцох тохиролцоонд хүрснийг ч мөн томоохон амжилт гэж нэрлэж байгаа юм. Учир нь Улаан загалмайн нийгэмлэгийн мэдээлж байгаагаар Йеменд сүүлийн 4 жил үргэлжилж байгаа дотоодын хямрал хүчирхийлэл, дайн тулааны улмаас 5 мянга гаруй хүн цэргийн хоригдол, олзны хүн болоод байгаа юм. Хэрвээ Стокгольмын тохиролцооны дагуу хоригдлуудыг солилцвол гэр бүлүүд эргэн нэгдэх боломж бүрдэх юм байна.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө