Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

“АКВАРИУС” ХӨЛӨГ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЗОГСООЖ БАЙНА

  Б.Оюун 2018-12-07 251

Газрын Дундад тэнгисийн уснаа далайд осолдсон дүрвэгсдэд тусалж, тэднийг аврах ажиллагаа явуулж байсан “Аквариус” хөлөг онгоц дахин далайд гарахгүй. Хувь заяаны эрхэнд амь сөрсөн аялал хийж, Европыг чиглэх дүрвэгсдэд тусалж байсан хөлөг онгоц улс орнуудыг дамнасан дипломат хэл аманд орооцолдон, асуудалтай тулгарсан учраас үйл ажиллагаагаа зогсоохоор шийдвэрлэсэн байна.

Энэ талаар “Хил хязгааргүй эмч нар” олон улсын байгууллага мэдээлж, Европын улс орнууд дүрвэгсдэд сайн санааны үүднээс тусалж, далайд осолдсон хүмүүсийг аврах ажиллагаа явуулж байсан “Аквариус” хөлгийг хууль бус ажиллагаа явуулж байгаад буруутгасан учраас дахин далайд гарах боломжгүй болсон гэж тайлбарлажээ.

Хил хязгааргүй эмч нар” байгууллагын Их Британи дахь салбарын тэргүүн Вики Хокинс үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлэхдээ: -Харамсалтай нь өнөөдөр бид дүрвэгсдэд туслах сайн үйлсийн аянаа зогсоохоос аргагүй байдалд орлоо. Европын орнууд бидэнд хувь заяаны эрхэнд улс эх орноо орхин дүрвэж байгаа хүмүүст туслах, тэдний амь насыг аврах, сайн сайхан амьдралд хөтлөх боломжийг хааж байна. Тэд дүрвэгсдэд туслах боломж бололцоо бүрдүүлээгүй төдийгүй тэдэнд туслахыг ч хориглож байна гэжээ.

НҮБ-ын мэдээллээр зөвхөн 2016 онд л гэхэд Африк, Ойрхи Дорнодын бүс нутгаас Европыг зорин дүрвэгсдээс 5 мянга гаруй хүн далайд осолдон амиа алдсан байна. Тэгвэл 2018 онд энэ тоо ойролцоогоор 2 мянгад хүрээд байна.

Газрын Дундад тэнгисээр дамжин Европыг зорьж байгаа дүрвэгсэд ихэнхдээ Италийн эргийг зорьдог. Итали улс гаднаас ирж байгаа дүрвэгсдийн хөлд дарагдан, тэднийг хүлээн авах санхүүгийн болоод хүмүүнлэгийн боломж бололцоогүй байгаагаас цаашид өөрийн боомтууд дээр дүрвэгсдийг суулгасан хөлөг онгоц хүлээн авахгүй гэдгээ мэдэгдээд байгаа юм.

Энэ дагуу “Аквариус” хөлгийг ч мөн хүлээн авахаас татгалзаж, улмаар Италийн эргийг орхин Испанийг зорих болсон ч одоо үйл ажиллагаагаа бүхэлд нь зогсоохоос аргагүй байдалд оржээ.

Италийн Катания хотын прокурорын алба “Хил хязгааргүй эмч нар” олон улсын төрийн бус байгууллагыг хууль бус дүрвэгсдийг аврах ажиллагаа явуулахдаа “Аквариус” хөлгийг ашиглаж байгааг мэдэж байгаа ч хөлгийн багийг Италийн боомтуудад нэвтрэхийг нь хориглож, далай тэнгисийн хууль, хог хаягдлын норм стандартыг зөрчсөнд буруутган баривчлах тушаал гаргахыг завдаж байгаа юм. Хэдийгээр наанаа хөлгийн багийнханыг Италийн боомтуудын дотоод журам, хог хаягдлаа ил задгай хаяж норм журам зөрчсөнд буруутгаж байгаа ч цаанаа гадны дүрвэгсдийг Италид зөөвөрлөн авчирч байгаа явдлыг зогсоох гэсэн шийдвэр байгаа нь тодорхой байна.

“Аквариус” хөлөг өнөөдрийн байдлаар Марселийн боомтод зангуугаа хаян зогсч байгаа юм. Хөлөг Панамын туг далбаан дор далайд явсан ч зөвшөөрлийг нь түтгэлзүүлсэн учраас далайд гарах аргагүй болоод байгаа юм. Хэдийгээр Италийн Катания хотын прокуророос хөлгийг баривчлах тушаал гаргасан гэж байгаа ч одоогоор Францын эрх баригчдад энэ талаараа албаны хүсэлт ирүүлээгүй байгаа учраас Марсельд зангуугаа хаясан хөлөг цаашид хэрхэх нь тодорхойгүй, ийнхүү үйл ажиллагаагаа зогсоогоод байна.

Image result for Судно "Аквариус" прекращает свою деятельность - "Врачи без границ"

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө