Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Telegraph: Их Британийн Засгийн газар хатагтай Тереза Мэйг огцрохыг уриаллаа

  М.Даваадулам 2018-12-08 961

Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэйн танхим тэргүүнээ огцрохыг уриаллаа. Ирэх мягмар гарагт Их Британийн Парламент ЕХ-той байгуулсан Brexit-ийн талаарх гэрээний төслийг хэлэлцэнэ. Хэрэв хууль тогтоогчид хатагтай Тереза Мэйн удирдлага дор байгуулсан гэрээний төслийг эсэргүүцвэл, Ерөнхий сайд Тереза Мэй өөрөө огцрох ёстой гэж Засгийн газар үзэж байна. Энэ тухай Английн The Daily Telegraph сонинд нийтэлжээ.

Тус сонины эх сурвалжуудын мэдээллээр, ойрын өдрүүдэд Тереза Мэйн Засгийн газрын гишүүд Ерөнхий сайддаа хандан Брюсселиэс Brexit-ийн асуудлаар хамгийн ашигтай, шилдэг нөхцөл батлуулахыг ятгахаар бэлтгэж байгаа гэнэ. Хэрэв 11-ний өдөр Британийн Парламент ЕХ-ны дээд хэмжээний уулзалтаар баталсан Brexit-ийн гэрээний төслийн эсрэг санал өгч, улмаар Тереза Мэй ЕХ-ны зүгээс ямар нэгэн буулт хийлгэж чадахгүй бол Ерөнхий сайдын суудлаа хүлээлгэн өгөх магадлал өндөр гэж шинжээчид харж байна.

The Daily Telegraph сонинд нийтэлснээр Brexit-ийн гэрээний төслийг Их Британийн Парламент дэмжих магадлал тун бага байгаа гэнэ. Мөн Brexit-ийн асуудлаар хатагтай Мэйн байр суурь санал нэгдэхгүй байгаагаас Их Британийн Засгийн газрын гурван ч сайд огцрох өргөдлөө өгөхөөр бэлтгэж байгаа гэнэ. Харин танхимын зарим сайд нар ЕХ-ноос гарах эсэх асуудлаар дахин бүх ард түмний санал асуулга явуулахыг ч уриалж байгаа талаар Английн хэвлэл онцолжээ.

ЕХ-ны гишүүн орнуудын лидерүүд 11-р сарын 24-ны өдөр Brexit-ийн асуудлаар Их Британи улстай байгуулах гэрээний төсөл болон Лондонтой ирээдүйд харилцах харилцааны талаарх улс төрийн тунхаглал санал нэгтэйгээр дэмжин баталсан. Энэ гэрээний төслийг Британийн хууль тогтоогчид болон Европарламент дэмжин баталсан нөхцөлд хүчин төгөлдөр мөрдөгдөнө.

Хэрэв Парламент Brexit-ийн гэрээний төслийг буцаавал, цаашлаад Парламент Засгийн газартаа итгэл хүлээлгэхгүй байх асуудал ч яригдана. Баасан гарагт Их Британийн сөрөг хүчний Лейборист намын тэргүүн Жереми Корбин Sky News телевизэд өгсөн ярилцлагадаа, лейбористууд дахин сонгууль явуулахгүй, эвслийн Засгийн газар байгуулахад бэлэн гэж мэдэгдсэн юм.

Их Британи улс ЕХ-ны бүрэлдэхүүнээс гарах үйл ажиллагаа 2019 оны 3-р сарын 29-нд албан ёсоор эхлэх товтой. Үүнээс хойш 2020 оныг дуустал шилжилтийн үе үргэлжилнэ. 2020 оны эхний өдрөөс Их Британи улс ЕХ-ны бүрэлдэхүүнээс бүрэн гарна.

Brexit-ийн гэрээний төслийн хувьд Брюссель Лондонд тавьж болох бүх л шаардлагыг энэ гэрээнд багтааж чадсан гэдгийг шинжээчид онцолж байгаа. Их Британи улс ЕХ-ны бүрэлдэхүүнд 45 жил байсны эцэст “өрх тусгаарлах” оролдлого нь амжилтад хүрэх үү, үгүй юу? гэдэг нь олон улсын анхаарлын төвд байна.

Харин ч энэ гэрээний төсөл Их Британийн хувьд тийм ч таатай биш, 27 орны саналыг нэгтгэхийн тулд Лондон багагүй буулт хийх шаардлагатай тулжээ. Тиймээс ч одоо харин Мэйн хувьд хамгийн хүнд хэцүү сорилт хүлээж байна гэж улс төр судлаачид харж байна.

ЕХ-ны гишүүн орнуудаас дэмжлэг авсан гэрээний төслөө Их Британийн Парламентаар батлуулах нь тийм ч амаргүй даваа гэдгийг ажиглагчид онцолж байна.

Хэдий үйл явц урагшилсан ч, амжилтынх нь талаар ярихад эрт байна. 2018 он дуусахаас өмнө Тереза Мэйг Консерватив намын даргаас огцруулж магадгүй байгаа. Энэ нь Ерөнхий сайдын суудлаас ч бууна гэсэн үг. Ингэснээр Их Британийг Парламентын хямрал, шинэ сонгууль хүлээнэ. Нөхцөл байдал цаашид хэрхэн хөврөх хувилбар олон байгааг шинжээчид онцоллоо.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө