Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

АРМЯНЫ ПАРЛАМЕНТЫН СОНГУУЛЬД НИКОЛ ПАШИНЯНЫ НАМ ТЭРГҮҮЛЛЭЭ

  Б.Оюун 2018-12-10 240

Армянд ням гарагт парламентын бүх нийтийн сонгууль явагдлаа. Сонгуульд Армяны ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Никол Пашиняны тэргүүлж байгаа “Миний алхам” улс төрийн эвсэл амжилттай оролцож, иргэд сонгогчдын 70%-ийн санал дангаар авсан дүнтэй байна.

Армяны парламентын сонгуульд 9 нам хүчин, 2 улс төрийн эвсэл оролцжээ. Сонгуулийн үйл явцыг гадна дотны 17 мянган ажиглагч, тэр дундаа Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчид ажиглажээ. Армяны шинэ үндсэн хууль ёсоор Армян улс парламентын засаглалтай болж, энэ улсын иргэд улс оронд нь дэгдсэн “хамбан хувьсгал”-аас хойш хүчирхэг засаглал тогтоно гэдэгт итгэж найдахыг хүсч байна.

Армяны сонгуулийн төв хорооноос мэдээлж байгаагаар энэ улсын парламентад “Миний алхам” эвсэл сонгогчдын 70,45%-ийн саналаар олонхи болж байгаа бол бусад нам хүчнүүдээс “Хөгжиж байгаа Армян” нам 8,37%, “Гэрэлтэй Армян” нам 6,37%-ийн саналаар багтжээ. Тэгвэл Армяны эрх барьж байсан Бүгд Найрамдах нам энэ удаагийн сонгуульд амжилтгүй оролцож, парламентад суудалгүй хоцорч байна. Армяны батлан хамгаалах яамны сайд асан Виген Саргсяны тэргүүлж байгаа Бүгд Найрамдах нам парламентад төлөөллөө суулгахад шаардлагатай 5%-ийн босго саналыг авч чадаагүй байна. Бүгд Найрамдах нам сонгуулийн үеэр зөрчил будлиан гарсан гэж мэдэгдэж байгаа ч одоогоор санал гомдлын талаар тодорхой мэдээлээгүй байна. 

Армян улсын түүхэнд анх удаа хугацаанаасаа өмнө явагдсан парламентын урьдчилсан сонгуульд оролцож байгаа нам хүчинд парламентад суудалтай болоход 5%-ийн босго, эвсэлд 7%-ийн босго тогтоожээ. Мөн сонгуулийн тухай хуулинд заасан ёсоор парламентад дор хаяж 3 улс төрийн хүчин байхаар хуульчилжээ. Армяны шинэ парламент нь 101 гишүүнтэй байна. Тэгвэл өмнөх, татан буугдсан парламент 105 гишүүнтэй байжээ.

Армяны парламентын сонгуульд энэ улсын сонгуулийн насны иргэдийн 48,63% нь оролцсон дүнтэй байна. Энэ нь 2017 оны 10-р сард явагдсан өмнөх сонгуулийн ирц идэвхитэй харьцуулахад бага үзүүлэлт юм. Өнгөрсөн онд явагдсан парламентын сонгуульд энэ улсын иргэд сонгогчдын 60% нь оролцож байжээ.

Армянд явагдсан парламентын сонгууль нь өмнөх сонгуулиас ердөө жилийн дараа болж байгаа урьдчилсан сонгууль байсан юм. Энэ удаагийн сонгуулийг Армянд энэ оны 4, 5-р сард дэгдсэн “хамбан хувьсгал” гэж нэрийдсэн ард олныг хамарсан бүх нийтийн эсэргүүцлийн жагсаал тэмцлийн үр дүн, улс орныг цааш нь удирдан залах улс төрийн хүчин, тогтвортой засгийн газар байгуулах эх үндэс гэж харж байна.

Энэ оны 4-р сараас эхэлсэн олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал, улс төрийн тэмцлийн дүнд Армяны засгийн газрыг тэргүүлж байсан Серж Саргсяныг албан сэнтийгээс нь огцруулж, парламент нь 5-р сарын 8-нд сөрөг хүчний тэргүүн Никол Пашиняныг ерөнхий сайдаар томилсон юм. Хэдийгээр сөрөг хүчний тэргүүн ерөнхий сайдаар томилогдсон ч эрх барьж байсан Бүгд Найрамдах нам улсынхаа хууль боловсруулах дээд байгууллагын бүрэлдэхүүнд байсаар байжээ. 

Ийнхүү төр засгаа “хамбан хувьсгал”-ын дүнд огцруулсан сөрөг хүчин улс орондоо парламентын урьдчилсан сонгууль явуулах амлалт өгч, сонгуулийн хугацааг тогтжээ. Гэхдээ сонгуулийг хуулийн дагуу явуулахын тулд Армяны засгийн эрхийг тэргүүлэн ажиллаж байсан сөрөг хүчний тэргүүн Никол Пашинян 10-р сарын 16-нд албан үүргээсээ бууж, парламентаа тараан, сонгууль явагдаж шинэ парламент хууль ёсны дагуу бүрдэх хүртэл ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллажээ.

Пашинян ерөнхий сайдын сэнтийгээс бууж, парламентаа тараасан шийдвэрээ хариуцлагаас мултарч байгаа алхам биш харин улс орондоо өрнөсөн “хамбан хувьсгал”-ыг энхийн аргаар, парламентын урьдчилсан сонгууль явуулж, хууль ёсны дагуу засгийн газар, хууль боловсруулах дээд байгууллагаа бүрдүүлэх гэсэн зорилго агуулсан алхам гэж тайлбарлаж байжээ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө