Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

“TIME” СЭТГҮҮЛ “ОНЫ ОНЦЛОХ ХҮН”-ЭЭР СЭТГҮҮЛЧДИЙГ НЭРЛЭЛЭЭ

  Б.Оюун 2018-12-12 337

​​Америкийн нэр хүнд бүхий, долоо хоног тутмын Time сэтгүүл уламжлал ёсоор хоёр он солигдохоос урьтаж “оны онцлох хүн”-ийг нэрлэлээ. Энэ жил энэхүү нэр хүндтэй сэтгүүлийн нүүрийг хэвлэл мэдээллийн ажилтнууд, тэр дундаа дэлхийн халуун цэг дээр очиж, аливаа болж бүтэхгүй байгаа зүйлтэй тэмцэн, үнэний эрэлд явж, хүмүүст үнэн зөв мэдээлэл хүргэхийн төлөө зүтгэж явдаг сэтгүүлчдийг онцлон нэрлэжээ.

Time сэтгүүлийн ерөнхий редактор Эдвард Фелсенталь 2018 оны “оны онцлох хүн”-ээр нэрлэгдсэн сэтгүүлчдийг “шударга үнэний төлөөх харуулд зогсогчид” гэж нэрлэсэн байна.

Time сэтгүүл 2018 оны “оны онцлох хүн”-ээр нэр бүхий сэтгүүлчдийг нэрлэсний дотор өнгөрсөн 10-р сард учир битүүлэг байдлаар амиа алдсан Washington Post сонины тоймч Жамаль Хашогги, Филиппины сөрөг хүчний порталын редактор Мария Ресса, Мьянмар дахь лалын рохинжа иргэдийн эсрэг харгислалын талаар материал бичиж, үүнийхээ төлөө хавчлагад өртөн шүүгдсэн Ройтер агентлагийн сэтгүүлч Ва Лон болон Кья Со нар, мөн өнгөрсөн 6-р сард зэвсэгт халдлагад өртсөн Америкийн Capital Gazette сонины редакцийн хамт олон багтжээ.

Time сэтгүүл мэргэжлийн үүргээ гүйцэтгэн, хавчлага мөрдлөгө дор сэтгүүлчийн ажлаа нэр төртэй биелүүлж, амь насаараа дэнчин тавьж шударга үнэний дуу хоолой болсон сэтгүүлчдийг “хамгаалагчид” гэж онцлон нэрлэсэн байна.

Time сэтгүүлийн нүүрэнд анх удаа одоо бидний дунд байхгүй, нас барсан эрхмийг “оны онцлох хүн”-ээр шалгаруулан нэрлэж, нүүр хуудсандаа зургийг нь тавьсан хүн бол Саудын Арабын сэтгүүлч Жамаль Хашогги болжээ. Тэрээр өнгөрсөн 10-р сард Туркийн Стамбул хот дахь Саудын Арабын консулын газарт учир битүүлэг байдлаар алагдсан юм.

Time сэтгүүлийн оны хүний тоонд багтсан Ройтер агентлагийн сэтгүүлч Ва Лон болон Кья Со Оо нар нь Мьянмар дахь нутгийн лалын шашинт рохинжа иргэдийн хүнд хэцүү байдлын талаар мэдээ сурвалжлага бэлдэж, улмаар Мьянмарын төрийн нууцын тухай хуулийг зөрчсөн гэх хэргээр 7 жилийн хорих ял авч, эрх чөлөөгөө хасуулаад байгаа юм.

Филиппины сэтгүүлч Мария Ресса улсынхаа ерөнхийлөгч Родриго Дутертегийн явуулж байгаа “хар тамхитай хийж байгаа дайн”-ы талаар мэдээлэл бэлтгэхдээ үүнд шүүмжлэлтэй хандсаныхаа төлөө хохирч, татвараас зайлсхийсэн гэх хэрэг гүтгэгдэн буруудаж, 10 жилийн хорих ял сонсч магадгүй байгаа юм.

Тэгвэл Time сэтгүүлийн шалгаруулалтад багтсан Америкийн Capital Gazette сонины редакцийн хамт олны эсрэг өнгөрсөн 6-р сард зэвсэгт халдлага үйлдэгдэж, 5 сэтгүүлч амиа алдсан юм. Энэ аллагын дараа АНУ, хэвлэл мэдээллийнхэнд аюултай улс орнуудын жагсаалтын 4-рт орсон байна.

Тimeсэтгүүлийн сэтгүүлчдэд зориулсан материалд түүнчлэн амь насаа эрсдэлд оруулан мэргэжлийн үүрэг хариуцлагаа алдаагүй хэвлэл мэдээллийн байгууллагын бусад ажилтнуудын нэрс ч багтсан байна. Тухайлбал “Москвагийн дуу хоолой” радиостанцын сэтгүүлч Татьяна Фельгенгауэр болон Украины сэтгүүлч Аркадий Бабченкогийн нэрс байгаа юм. “Москвагийн дуу хоолой” радиостанцын сэтгүүлчийг Америкийн ашиг сонирхлын төлөө ажиллаж байсан буруутгасны дараа 2017 оны 10-р сард сэтгэцийн өвчтэй хүн хутга барин түүн рүү халджээ. Тэгвэл Украины сэтгүүлчийн хувьд тэрээр улсынхаа аюулгүйн албатай хуйвалдаж, өөрийгөө үхсэн болгож жүжиглэн Оросын зүгээс түүний амь насанд халдах гэсэн оролдлогыг таслан зогсоожээ.

Time сэтгүүл нь Америкийн Нью Йорк хотноо төвтэй, нийтдээ 3,4 сая хувиар борлогдож , 2007 онд хамгийн нэр хүнд бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэрлэгдэж байсан юм. Анхны дугаараа 1923 оны 3-р сарын 3-нд гаргаж байсан, Йельсийн их сургуулийн оюутнуудын нууц нийгэмлэгийн гишүүн Хенри Льюис болон Брайтон Хэдден нарын санаачлан байгуулсан сэтгүүл юм. Time сэтгүүл нь олон улсын онцлох мэдээ мэдээллийг бичдэг, долоо хоног тутмын мэдээллийн хэрэгсэл юм.

Time сэтгүүл “оны онцлох хүн”-ийг 1927 оноос эхлэн жил бүр шалгаруулан нэрлэсээр иржээ. Америк төдийгүй дэлхийд нэр хүндтэй сэтгүүлийн анхны “оны онцлох хүн”-ээр Атлантын далайг гатлан анх удаа ганцаарчилсан нислэг хийсэн нисэгч Чарльз Линдберг шалгарч байжээ.

“Оны онцлох хүн”-ийг сэтгүүлийн гүйцэтгэх редактор сонгон шалгаруулдаг байна. Янз бүрийн он жилүүдэд Time сэтгүүлийн “оны онцлох хүн”-ээр Адольф Гитлер, Иосиф Сталин, Жорж Буш, Михаил Горбачёв, Владимир Путин, Марк Цукерберг зэрэг хүмүүс шалгарч байжээ. Мөн түүнчлэн Time сэтгүүлийн “оны онцлох хүн”-ээр зохиомол дүр төрх, тухайлбал “жагсагч, тэмцэгч”-дийг нэрлэн шалгаруулж байсан юм.

Түүнчлэн Time сэтгүүл 1999 оноос эхлэн Time 100 буюу дэлхийн нөлөө бүхий 100 хүний жагсаалтыг гарган нэрлэх болсон. Оны шилдэг, нэр нөлөө бүхий 100 хүнийг эрдэмтдийн баг тодруулан нэрлэдэг юм. Мөн 1999 оны 6-р сард Time сэтгүүл “20-р зууны шилдэг эрхмүүд”-ийг нэрлэж, нэртэй түүхч, сэтгүүлч, улс төрчдийг багтаасан бол 1999 оны 12-р сарын дугаартаа “зууны шилдэг хүн”-ийг тодруулж, нэртэй эрдэмтэн Альберт Эйнштейныг хүн төрөлхтөний түүхэнд байгуулсан гавьяагаар нь зууны онцлох хүнээр нэрлэж байжээ.

 

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө