Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

СТРАСБУРГ ХОТЫН ЗУЛ САРЫН ЯАРМАГИЙН ДЭРГЭД ХАЛДЛАГА ҮЙЛДЖЭЭ

  Б.Оюун 2018-12-12 614

Зул сар, шинэ жилийн баяр ойртож, хаа сайгүй хөл хөдөлгөөн ихсээд байгаа энэ цаг үед Францын зүүн хойд хэсгийн Гранд-Эст бүсийн нийслэл Страсбург хотын төвд олныг сэрдхийлгэсэн балмад халдлага боллоо. Страсбург хотын Орфевр гудамжнаа, Клебер талбайд жил бүр уламжлал болон зохиогддог зул сарын үзэсгэлэн яармагийн дэргэд автомат буугаар зэвсэглэсэн этгээд халдлага үйлджээ.

Одоогоор ирж байгаа мэдээллээр балмад этгээдийн халдлагад 4 хүн амиа алдаж, 12 хүн шархдаад байна. Шархадсан 7 хүний биеийн байдал эгзэгтэй байгаа талаар мэдээлж байна. Мөн халдлагад өртөгсдийн талаарх мэдээлэл цаг тутамд өөрчлөгдөж байгаа юм. Клебер талбайн зул сарын яармагийг жил бүр хэдэн мянган хүн зорин ирж, хөл хөдөлгөөн ихтэй байдаг юм. Тэгвэл хотын захирагч Ролан Райс болсон хэрэг явдлын дараа хүмүүсийг аюулгүйн үүднээс гэрээсээ гарахгүй байхыг анхааруулан зөвлөжээ.

Хэрэг явдал орон нутгийн цагаар оройн 20 цагийн алдад болж, хүмүүс эхлээд ганц нэг буун дуу сонссон бол удалгүй автомат буугаар тасралтгүй галлаж эхэлжээ. Цагдаа хүчнийхэн шуурхай ажиллаж, гал нээсэн этгээдийн эсрэг хариу гал нээн, тэдний хооронд бараг 10-аад минутын туршид буудалцаан болсон байна. Гэвч халдлага үйлдэж, гал нээсэн этгээд цагдаагийн хараанаас мултарч, хэргийн газраас зугтаж амжсан байна. Тэрээр цагдаагийн суманд оногдон шархадсан талаар мэдээлж байгаа юм.

Страсбург хотын төвд буун дуу хадаж, балмад халдлага болохтой зэрэгцэн хууль сахиулагчид хотын гудамж талбайгаас хүмүүсийг яаралтай нүүлгэн шилжүүлж, аюулгүйн үүднээс хэрэг болсон газрын дэргэдэх бар, ресторануудыг хааж, хотын төвийг хаан өндөржүүлсэн хамгаалалт гаргажээ. Хотын төвийн чиглэлд нийтийн тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнийг мөн хаасан байна.

Францын ернөхийлөгч Эммануэль Макрон Страсбург хот руу улсынхаа дотоод хэргийн сайд Кристоф Кастаньерыг илгээж, алан хядлага терроризмын хэргээр эрүүгийн хавтаст хэрэг нээн мөрдөн шалгах ажил явуулж эхэлжээ.

Францын дотоод хэргийн яам Страсбург хотын иргэдийг анхаарал болгоомжтой байж, гадаа гудамжинд гарахгүй байхыг хүсчээ. Мөн галт зэвсгээр гал нээж халдлага үйлдсэн этгээдийн хэн болохыг тогтоосон талаар ч мэдээлсэн байна. Мөрдөн шалгах ажлын хүрээнд одоогоор тэрхүү этгээдийн нэр усыг ил зарлаагүй байгаа ч өмнө нь хууль хүчнийхэнтэй орооцолдож, хэрэг төвөгт орж байсан болохыг нь мэдээлжээ.

Францын хэвлэл мэдээллийнхэн цагдаа нар мягмар гарагийн орой 29 настай нэгэн этгээдийн гэрийг бүсэлж, түүнийг баривчлах ажиллагаа явуулсан ч сэжигтэн зугтсан талаар мэдээлжээ. Тэрхүү сэжигтний гэрээс тэсрэх бөмбөг, зэр зэвсэг олдсон байна. Ямартаа ч Страсбургэд болсон халдлагыг үйлдсэн этгээд автомат буугаар зэвсэглэсэн байсныг тогтоожээ.

Страсбург хот нь Францын зүүн хойд хэсэгт байрлах, Европын парламент, Европын зөвлөлийн албан офис, мөн ЕХ-ны хэдэн арван салбар зөвлөл, байгууллага төвлөрөн байрладаг хот юм. Энэ өдрүүдэд Страсбургэд Европарламентын ээлжит чуулган болж, хотын төвд халдлага болох үеэр Евро депутатууд болон албан хаагчид олноороо байжээ.

страсбург огни

Страсбург хотноо болсон балмад халдлагын дараа Европын парламентын ордныг хааж хөл хорьсон байна. Оройн 20 цагт парламентын ордонд Британийн консерватив намын евро-депутат Сажад Карим байжээ. Тэрээр мөн 10 жилийн өмнө Энэтхэгийн Мумбай хотын “Таж-Махал” зочид буудалд зэвсэглэсэн алан хядагчид халдлага үйлдэх үед мөн зочид буудлын хүлээлгийн хэсэгт байж таарчээ. Европарламентын хэвлэлийн төлөөлөгч Эммануэль Фулон өөрийн твиттер хуудсан дээрээ хотын төвд буун дуу сонсдож, үймээн самуун дэгдэн, хотын гудамжаар зэвсэглэсэн цагдаа нар гүйлдэж байсан талаар бичсэн байна.

Францын прокурорын албаныхан Страсбургэд болсон халдлагын дагуу алан хядах ажиллагаа гэж үзэн хавтаст хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхлээд байгаа талаар мэдээлжээ.

солдат

Франц улсад 2015 оноос хойш аюулгүйн өндөржүүлсэн байдал тогтоож, алан хядах террорист халдлагын эсрэг бэлэн байдал зарлаад байгаа юм. Тэгвэл ийнхүү улс орондоо аюулгүй байдлыг өндөрсгөснөөс хойш Францад хэд хэдэн удаагийн халдлага үйлдэгдэж, 240-өөд хүн амиа алджээ.

Францад сүүлийн сарын туршид “шар хантаазтанууд”-ын жагсаал өрнөж, дотоодын нөхцөл байдал тогтворгүй байгаа юм.  “Шар хантаазтанууд”-ын жагсаалаас шалтгаалан аюулгүй байдлыг мөн өндөрсгөөд байжээ.

Францад Fiche S гэх тусгай жагсаалт байдаг. Энэхүү жагсаалтад олон нийтэд аюултай, нийгэмд аюул учруулахуйц гэж тооцогдож байгаа 26 мянган хүний нэрс багтдаг юм. Тэдгээрээс 10 мянга нь радикал үзэлтнүүд болон гэмт хэрэгт холбогдож байсан онц ноцтой этгээдүүд байдаг байна. Францын бүс нутгийн эрх баригчид онцгой нөхцөл байдалтай тулгарч, терроризмын аюул заналхийлэл илэрхий нүүрлээд байгаа талаар ярьж сэрэмжилж байна.

солдаты

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө