Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

УНГАР УЛС ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛИНДАА ШИНЭЧЛЭЛТ ОРУУЛЖЭЭ

  Б.Оюун 2018-12-13 479

 

Унгар улс хөдөлмөрийн тухай хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулан, хөдөлмөрийн цагийг жилд 400 байхаар хуульчилжээ. Унгарын парламент хуулинд тусгах энэхүү нэмэлт өөрчлөлтийн талаар лхагва гарагт хэлэлцэн, хуулийн төслийг дэмжин баталсан байна. Тэгвэл хөдөлмөрийн хуулинд оруулсан нэмэлт өөрчлөлтийг Унгарын сөрөг хүчний намын гишүүд эсэргүүцэн, парламентын танхимд шүгэлдэн, дуут дохио хангинуулж, эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ.

Унгарын сөрөг хүчин болоод ард иргэд хөдөлмөрийн хуулинд оруулж байгаа нэмэлт өөрчлөлтийг “боолын хөдөлмөр”-ийн хууль баталлаа гэж үзэн, хүчтэй эсэргүүцэж байгаа юм.

Унгарын парламентын танхимд хуулинд оруулах нэмэлт өөрчлөлтийг эсэргүүцэн, санал хураалтын үйл явцыг тасалдуулахыг завдсан ч санал хураалт болж, олонхийн дэмжлэгээр хууль батлагдсан байна. Хөдөлмөрийн тухай хуулинд оруулсан нэмэлт хууль тогтоомжийн дагуу ажил олгогчдод хөдөлмөрийн цагийг уртасгаж, жилийн 400 цаг болгон нэмэгдүүлэх, ажлын нэмэлт цагийг уртасгах эрх олгож байгаа юм.

Шинээр батлагдсан хуулинд ажил олгогчдод тухайн ажилтанд үндсэн ажлын цагаас гадна жилд нэмэлтээр 250 цагийн ажил нэмж даалгах эрх олгож байгаа юм. Түүнчлэн хуулинд ажил олгогч нэмэлт цагийн ажлын хөлсийг 3 жилийн хугацаанд төлж, үйлдвэрчний холбоо эвлэлээс гадуур тухайн ажилтантай шууд ажлын нөхцөлийн талаар хэлэлцэн тохирох боломжийг олгож байна.

Тэгвэл Унгарт шинээр батлагдсан хөдөлмөрийн тухай хуулийн нэмэлт хуулийн төслийг шүүмжлэгчид энэ хуулийг “боолын гэрээ” гэж нэрийдээд байна.

УНГАРЫН ИРГЭД “БООЛЫН ГЭРЭЭ”-Г ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСЧЭЭ

Image result for demonstration-in-budapest

Унгарт баталсан шинэ хуулийг эсэргүүцэн Будапешт хотын гудамж талбайд энэ улсын иргэд хөдөлмөрчид гарч эсэргүүцлээ илэрхийлжээ. Унгарын үйлдвэрчний холбоод, тэднийг дэмжигчид гудамж талбайдаа гарч, “бид боолын гэрээг эсэргүүцэж байна” гэсэн уриа лоозон барин жагссан байна. Тэгвэл Унгарын ерөнхий сайд Виктор Орбаны нам шинээр батлагдсан хөдөлмөрийн хуулийн талаар мэдээлэл хийж, ажлын цаг урьдын адил ажлын 5 хоногийн, өдрийн 8 цагийн хуваарьтай байхаас гадна ажилтан, албан хаагчдад нэмэлт ажлын цагийн хөлсийг хуулийн дагуу бодож олгоно гэдгийг батлан мэдэгджээ.

Унгарын нийслэл Будапешт хотноо, энэ улсын парламентын ордны өмнө 2 мянга гаруй хүн цуглаж, хөдөлмөрийн тухай хуулинд оруулсан нэмэлт өөрчлөлтийг эсэргүүцжээ. Тэд эрх баригч “Фидес” намын гишүүд улсынхаа хөдөлмөрийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж, ажил олгогчдын эрх ашигт нийцсэн хууль баталсныг эсэргүүцэж байгаа юм. Жагсаалд оролцож байгаа иргэд эрх баригч намын гишүүдийн баталсан хууль нь хөдөлмөр эрхлэгчдийн эрх чөлөөнд халдсан, тэднийг ажил олгогчдын “боол” болгон хувиргаж, ажлын цагийг дураар өөрчлөх, нэмэгдүүлэх эрх олгосон хууль гэж үзэж байна.

Унгарт дэгдсэн эсэргүүцлийн жагсаал цуглааныг энэ улсын сөрөг хүчин, зүүний намынхан болон үйлдвэрчдийн холбоод дэмжиж байгаа юм. Барууны популист нам болон Йоббик улс орондоо шинээр батлагдсан хөдөлмөрийн хуулийн эсрэг жагсаал цуглаан зохион байгуулж, эсэргүүцлээ илэрхийлэх болно гэдгээ мөн мэдэгджээ.

Будапешт хотноо, парламентын ордны дэргэд жагсаал хийсэн хүмүүс үдэш болохтой зэрэгцэн Дунай мөрний эрэг дагуу байрлах Маргит арлыг зорьж, тэдний замыг хаасан цагдаа хүчнийхэнтэй мөргөлдсөн байна. Жагсагчид Пештагаас Буду хүрэх гол замыг хааж, төр засгийнхаа гаргасан шийдвэрийг эсэргүүцэн, хуулийг эргэн харах хүртэл үл захирагдах хөдөлгөөн, олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал өрнүүлэхээ мэдэгдэж байгаа юм.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө