Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

“СТРАСБУРГИЙН ХАЛДАГЧ”-ИЙГ ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙНА

  Б.Оюун 2018-12-13 906

   Францын Страсбург хотноо зэвсэглэсэн этгээд халдлага үйлдэж, 3 хүний аминд халдан, 12 хүн шархадсан балмад халдлага гарсан. Мягмар гарагт Страсбург хотын төвд болсон зэвсэгт халдлагын улмаас энэ хотод онцгой байдал зарлаж, төрийн албан байгууллага, сургууль цэцэрлэгүүд хаагдан, Европарламент, ЕХ-ны албаны офисууд ч мөн ажлаа зогсоожээ. Мягмар гарагийн орой, үдшийн 20 цагийн алдад Страсбург хотын зул сарын яармагийн дэргэд, хотын төвд автомат буугаар зэвсэглэсэн этгээд гэм зэмгүй хүмүүс рүү гал нээн, цагдаа хүчнийхэнтэй буудалцаж, улмаар хэргийн газраас зугтаж амжсан юм. Францын хууль хүчнийхэн “Страсбургийн халдагч” нэр авсан гэмт этгээдийг эрэн сурвалжилж байна.

Image result for Страсбург: террорист в бегах

 

   Страсбург хотод болсон халдлагыг энэ хотын унаган иргэн, 29 настай Шериф Шеккат гэх залуу үйлдсэн гэж цагдаа нар тогтоогоод байгаа юм. Тэрээр 180 см өндөртэй, хэвийн биеийн жинтэй, хар хүрэн үстэй.

Олон нийтийн интернэт дэх сүлжээнд түүний фото зураг тавигдаж, цагдаа нар хэрэгтнийг харсан үзсэн гэрчүүдийг хайж байна. Халдагч этгээдийг эрэн хайх ажилд хууль хүчний 700-аад алба хаагч дайчлагдан ажиллаж байгаа юм. Цагдаа нар түүнчлэн Шериф Шеккатын амьдарч байсан гэрт нь үзлэг нэгжлэг явуулж, түүний гэр бүлийн 4 хүнээс байцаалт мэдүүлэг авч эхлээд байгаа юм.

“Страсбургийн халдагч” нь хууль хүчний байгууллагатай 10 наснаасаа эхлэн холбогдож, жижиг хулгай дээрмийн хэргээр 27 удаа цагдаад бүртгэгдсэн байна. Магадгүй тэрээр ийнхүү шүүгдэж, хоригдож байх хугацаандаа радикал үзэлтэн болсон байхыг үгүйсгэхгүй байгаа юм.

Францын хууль хүчний байгууллагынхан хэрэгтнийг Рейн мөрний усаар дамжин, хөрш зэргэлдээх Герман руу зугтаж магадгүй гэж үзэн, Германтай залгаа хилийн бүсэд хилийн хяналт шалгалтыг чангатгаад байна.

ФРАНЦАД АЮУЛГҮЙН ӨНДӨРЖҮҮЛСЭН БАЙДЛЫН ТҮВШИНГ ХАМГИЙН ДЭЭД ТҮВШИНД ХҮРГЭЖЭЭ

Image result for Теракт перед Рождеством: есть погибшие и раненые

Страсбург хотноо Францын дотоод хэргийн сайд Кристоф Кастанер биечлэн ирж, улс орон даяар террорист аюул заналхийллээс сэргийлсэн онцгой байдлын түвшинг хамгийн дээд зэрэг болгож, удахгүй болох зул сар, шинэ жилийн баяртай холбоотойгоор хүн олноор цуглардаг газрууд, зул сарын үзэсгэлэн яармаг зэргийг өндөржүүлсэн хамгаалалтад авч, аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээлгэжээ. Түүнчлэн Страсбургийн орон нутгийн цагдаагийн албанаас олон нийтийн аливаа арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон хориг тогтоож, иргэдээ онцын шаардлагагүй бол гадаа гудамжинд гарахгүй байхыг зөвлөөд байна.

Халдлага болсон мягмар гарагийн оройноос эхлэн Страсбург хотод онцгой байдлын журам мөрдөгдөж эхлэн, хотын захирагчийн шийдвэрээр халдлага болсон газрын дэргэдэх зул сарын зах, яармагийг хааж, хүүхдийн цэцэрлэг, ясли болон бага дунд сургуулиудын хичээлийг мөн хаажээ. Түүнчлэн халдлагыг үйлдсэн этгээдийг одоогоор баривчлаагүй, тэрээр эрх чөлөөтэй яваа учраас хотынхоо иргэдийг анхаарал болгоомжтой байж, шаардлагагүй бол гудамж талбайд гарахгүй байхыг зөвлөжээ.

Халдлага болсон орой Страсбург хотын цэнгэлдэхэд Евролигийн сагсан бөмбөгийн тэмцээн болж, “Страсбург” болон Любляны “Олимпия” багууд тоглож байжээ. Тэмцээн халдлагын хэрэгтэй холбоотойгоор завсарлаж, цэнгэлдэхэд цугласан олныг цагдаагийн харуул хамгаалалт ирэхээс өмнө тарж явахыг зөвшөөрөөгүй байна. Цэнгэлдэхэд цугласан хөгжөөн дэмжигчид Страсбургийн халдагчийн балмад халдлагад өртөгсдийн дурсгалыг хүндэтгэн “Марсельеза”-г дуулж байжээ.

Францын Страсбург Европын парламент, Европын зөвлөлийн албан офис, мөн ЕХ-ны хэдэн арван салбар зөвлөл, байгууллага төвлөрөн байрладаг юм. Мөн энэ өдрүүдэд Страсбургэд Европарламентын ээлжит чуулган болж, хотын төвд халдлага болох үеэр Евро депутатууд болон албан хаагчид хотод олноороо байжээ. Халдлагын дараа аюулгүйн үүднээс Европарламентад онцгой байдал тогтоож, барилгын гадна дотор хэсэг, мөн ойролцоох дүүргийг өндөржүүлсэн тусгай хамгаалалтад авсан байна. Халдлагын маргааш өдөр буюу лхагва гарагийн өглөө Европарламентын гишүүд дуугаа хураан, Страсбургийн халдагчийн суманд оногдон амиа алдаж, шархадсан хүмүүст хүндэтгэл үзүүлэн дуугаа хураажээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө