Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Малайзын хаан 5-р Мухаммад хаан сэнтийгээс буулаа

  Б.Оюун 2019-01-07 414

Зүүн Өмнөд Азийн бүс нутаг дахь хамгийн томоохон лалын шашинт улс орон болох Малайзын хаан 5-р Мухаммад хаан ширээнээсээ буулаа.

5-р Мухаммад хаан улсынхаа хаан ширээнд 2016 оны сүүлээр заларсан ч хаан сэнтийд суух 5 жилийн хугацаагаа дуусгалгүйгээр өөрийн хүсэлтээр эрх ямбаасаа татгалзжээ. Энэ нь Малайзын шинэ цагийн түүхэн дэх хаан өөрийн хүслээр хаан ширээнээсээ түтгэлзэн буусан анхны тохиолдол болсон байна.

5-р Мухаммад 2016 оны 12-р сард улсынхаа хаан ширээнд өргөмжлөгдөн залагдаж, Малайзын 15 дахь Цог Жавхлант хаанаар өргөмжлөгдсөн юм.

5-р Мухаммад хаан улсынхаа хаан ширээнд залрахаас өмнө Келантан мужийн захирагч байсан, 47 настайдаа хаан ширээнд заларч улсынхаа түүхэн дэх хамгийн залуу хаадын нэг болж байжээ. Түүний өмнөх хаан Абдул Халим нь 89 насандаа хаан сэнтийд сууж байсан юм.

Малайзын хааны ордноос гаргасан албан ёсны мэдэгдэлд хаан 5-р Мухаммад түүнд итгэл хүлээлгэн улсын хаанаар өргөмжилсөн Захирагчдын зөвлөлд талархаж байгаагаа илэрхийлэн, мөн улсынхаа ерөнхий сайд, засгийн газарт талархлаа илэрхийлжээ. Одоогоор 5-р Мухаммадын хаан сэнтийгээсээ татгалзсан шалтгаан нөхцөл тодорхойгүй байгаа ч Ройтерс агентлаг Малайзын хаан эрүүл мэндийн шалтгаанаар 2 сар төрийн үйл хэргээс хөндийрч байгаад өнгөрсөн долоо хоногт эргэн ирсэн талаар мэдээлж байсан юм. Түүнчлэн Малайзын хааныг өнгөрсөн оны 12-р сард Оросын 2015 оны Москва хотын мисс Оксана Воеводинаг гэргий болгон авсан гэж мэдээлж байсан ч тэдний хуримын талаарх мэдээлэл баттай эсэх нь тодорхойгүй хэвээр байгаа юм. 5-р Мухаммад улсынхаа хаан ширээнээс буусан хэдий ч Келантан мужийн амбан захирагч буюу султанаар хэвээр үлдэх юм. 5-р Мухаммад нь 1969 оны 10-р сарын 6-нд Келантан ханлигт мэндэлсэн. Малайз, Тайланд болон Их Британид боловсрол эзэмшсэн. 2016 оны улсынхаа хаанаар 5 жилийн хугацаатай өргөмжлөгджээ.

МАЛАЙЗЫН ХААНТ ЗАСАГЛАЛ

Image result for malaysia-king-muhammad-v-resignation

32 сая хүн амтай исламын шашинтай Малайз улсын хаант засаглалын хэлбэр нь бидний ойлгодог уламжлалт хаант засаглалаас ялгаатай байдгийг тэмдэглэх нь зүйтэй. Учир нь Малайзад хаан сэнтийг үе залгамжлуулдаггүй, харин тухайн муж тойргийн амбан захирагч нарыг хааны суудалд ээлж дараалан сонгох зарчмаар суулгадаг юм. Малайзын 9 мужийн захирагчийг тус бүр 5 жилийн хугацаатайгаар ээлж дараалан хаан сэнтийд залдаг байна. Энэ уламжлал Малайз улс 1957 онд Их Британийн колоничлолоос ангижирч, тусгаар тогтносны дараанаас тогтсон юм.

Малайзад ийнхүү эзэн хаанаа ээлж дараатайгаар залдагтай адилаар тэдний эрх мэдэл, үүрэг ч хязгаарлагдмал байдаг юм. Малайз улсын төрийн эрх мэдэл ерөнхий сайд болон парламентын мэдэлд байдаг, парламентын засаглалтай улс орон юм. Харин улсын хаан нь исламын шашны тэргүүн гэж тооцогддог учраас Малайзын иргэд хаандаа ихэд хүндэтгэлтэй ханддаг юм. 

Малайзын үндсэн хуулинд заасан ёсоор хааны эрх үүрэг, эрх мэдэл хязгаарлагдмал байдаг. Түүнд улсынхаа ерөнхий сайдыг томилох, Захирагчдын зөвлөлийг дуудан хуралдуулах, парламентад итгэл үл хүлээлгэх санал гаргах зэрэг эрх байдаг юм.

Image result for malaysia-king-muhammad-v-resignation

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө