Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Дэлхийн банкны ерөнхийлөгч огцорлоо

  Б.Оюун 2019-01-08 396

Дэлхийн банкны ерөнхийлөгч Жим Ён Ким албан тушаалаасаа хугацаанаасаа өмнө огцорч байна. Тэрээр энэхүү албан тушаалыг сүүлийн 6 жилийн хугацаанд хашжээ. Одоогоор Дэлхийн банкны тэргүүн ямар учраас хугацаанаасаа өмнө албан сэнтийгээ орхиж байгаа шалтгаан нөхцлийг тодорхой тайлбарлаагүй байна.

Жим Ён Ким энэхүү албан тушаалыг 2022 он хүртэл хашихаар сонгогдон ажиллаж байсан юм. Түүнийг огцрох гэж байгаа талаар Дэлхийн банкны хэвлэл мэдээллийн албанаас олон нийтэд мэдээлсэн юм.

Дэлхийн банк нь АНУ-ын нийслэл Вашингтон хотноо төвтэй, хөгжиж байгаа улс орнуудад санхүүгийн болоод техникийн тусламж үзүүлэх зорилготой олон улсын санхүүгийн байгууллага юм. Тэгвэл Дэлхийн банкны тэргүүний нэр хүндтэй албандЖим Ён КимыгАНУ-ын экс ерөнхийлөгч Барак Обама биечлэн нэр дэвшүүлж байжээ. Дэлхийн Банкны тэргүүнээр тогтсон уламжлалын дагуу АНУ-ын иргэнийг сонгодог юм. Тэгвэл Цагаан ордныг тэргүүлж байсан ерөнхийлөгч асан Барак Обама Жим Ён Кимыг 2012 оны 3-р сарын 23-нд Дэлхийн банкны тэргүүний суудалд нэр дэвшүүлж, улмаар тухайн оны 4-р сарын 13-нд Дэлхийн банкны захирлуудын зөвлөл түүний нэрийг дэмжсэнээр Жим Ён Ким 2012 оны 7-р сарын 1-нд Дэлхийн банкны 12 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллах болжээ. Тэрээр Дэлхийн банкийг тэргүүлэн ажиллаж байсан Роберт Зеликийг залгамжлан 5 жилийн хугацаатайгаар санхүүгийн томоохон байгууллагыг толгойлох болсон юм. Сүүлд түүнийг 2016 оны 9-р сард Дэлхийн Банкны тэргүүний суудалд улираан сонгож, тэрээр энэхүү албандаа дахин 5 жилийн хугацаагаар сонгогдсон юм.

Жим Ён Ким Дэлхийн банкийг ирэх 2022 оныг хүртэл тэргүүлэн ажиллах байсан ч тодорхойгүй шалтгаанаар ийнхүү албан сэнтийгээсээ хугацаанаасаа өмнө буухаар шийджээ. Дэлхийн банкны хэвлэл мэдээллийн албанаас гаргасан албан мэдэгдэлд ноён Ким: -Миний хувьд ажил мэргэжилдээ үнэнч, чадварлаг баг хамт олныг тэргүүлэн ажиллах нь нэр төрийн хэрэг байлаа... гэсэн байна. Тэрээр түүнчлэн “өнөөдөр дэлхийн улс орнуудад ядуурал гуйланчлал өсөн нэмэгдэж, цаг уурын өөрчлөлт, нийгмийг хамарсан халдварт өвчин, өлсгөлөн гуйланчлал, дүрвэгч цагаачдын асуудал олон улсын нийгэмлэгийн толгойн өвчин болоод байна. Энэ цагт бид дэлхийн хүн төрөлхтөний амар амгалан, сайн сайхан байдлын төлөө илүү ихээр хүчин зүтгэж, илүү их ажил хийх шаардлагатай хэзээ хэзээнээс илүүтэй тулгарч байна” гэжээ.

Британийн Гардиан сонины мэдээлж байгаагаар ноён Ким Дэлхийн банкны тэргүүний албан сэнтийгээсээ буухаар шийдсэн нь түүний хувийн шийдвэр гэнэ. Тэрээр албан сэнтийгээсээ буусныхаа дараа хувийн компанид шилжин ажиллаж, хөгжиж байгаа улс орнуудын дэд бүтцийг хөгжүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах хүсэлтэй байгаа юм.

ОдоогоорКимыг хаана, ямар албан тушаал дээр ажиллах талаарх мэдээлэл тодорхойгүй байна. Түүнчлэн Ким дараагийн шинэ ажлаа төлөвлөж байгаагаас гадна 1987 онд байгуулж байсан олон улсын “Эрүүл мэндийн хамтрагчид” нэртэй төрийн бус байгууллагынхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцох зорилготой байгаа гэнэ.

ЖИМ ЁН КИМ ГЭЖ ХЭН БЭ?

Дэлхийн Банкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Жим Ён Ким нь санхүүгийн гэхээсээ илүүтэй юуны түрүүнд эрүүл мэндийн салбарт идэвхи зүтгэлтэй ажиллаж байсан, өндөр мэдлэг чадвар, боловсрол бүхий мэргэжилтэн юм. Тэрээр 1959 онд Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотноо мэндэлж, 5 настайдаа эцэг эхийн хамтаар АНУ-д шилжин ирж суурьшсан байна. Тэрээр Харвардын их сургуульд анагаах ухааны чиглэлээр дээд боловсрол эзэмшиж эмч болсон төдийгүй эрүүл мэндийн салбарын доктор профессор, нэр хүндтэй, чадварлаг боловсон хүчин болжээ. Тэрээр 2003-2005 оны хооронд ДЭМБ-д ажиллаж, ДОХ өвчний халдвартай тэмцэх албыг тэргүүлэн ажиллаж байжээ.

Жим Ён Ким нь АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обамагийн засгийн газрын үед түүний санал болгосноор Дэлхийн Банкийг тэргүүлж, энэхүү нэр хүндтэй байгууллагыг тэргүүлсэн анхны Ази гаралтай мэргэжилтэн болжээ.

Image result for President Obama Nominates Jim Yong Kim for World Bank President

ДЭЛХИЙН БАНКИЙГ ХЭН ТЭРГҮҮЛЭХ ВЭ?

Жим Ён Ким Дэлхийн банкны ерөнхийлөгчийн суудлаа орхисны дараагаар санхүүгийн энэ том байгууллагыг хэн тэргүүлэх вэ? Жим Ён Ким албан ёсоор ирэх 2-р сард Дэлхийн Банкны Ерөнхийлөгчийн суудлаа орхих юм. Тэгвэл дараагийн ерөнхийлөгчийг сонгох хүртэл Дэлхийн банкийг Кимтай хамтран ажиллаж байсан гүйцэтгэх захирал нь түр орлон ажиллах гэнэ. Энэ бол санхүүгийн мэргэжилтэй, эдийн засгийн ухааны профессор, Дэлхийн банкны гүйцэтгэх захирлаар одоо ажиллаж байгаа Болгарын мэргэжилтэн Кристалина Георгиева Иванова юм. Түүнийг Дэлхийн банкийг тэргүүлэн ажиллахаар сонгогдсон талаарэх сурвалжууд мэдээлж байна. Кристалина Георгиева нь Болгар улсыг төлөөлсөн Евро-комиссар төдийгүй тогтвортой хөгжлийн асуудлаар мэргэшсэн хүн юм. Тэрээр Дэлхийн банкинд 1993-2010 оны хооронд янз бүрийн албан тушаалд ажиллаж, улс орнуудын тогтвортой хөгжлийн асуудлаар мэргэшжээ. Дэлхийн Банкны ерөнхийлөгчөөр АНУ-ын иргэнийг сонгон томилдог ч дараагийн тэргүүнийг сонгох хүртэл Дэлхийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа Болгарын иргэн Кристалина энэхүү албан тушаалыг түр хаших юм.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө