Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Габонд улс төрийн эргэлт хийхийг завджээ

  Б.Оюун 2019-01-08 818

Атлантын далайн эрэг дагуу байрлалтай Төв Африкийн Габон улсад энэ долоо хоногийн эхээр улс төрийн эргэлт гарч, Габоны Үндэсний гвардийн цэрэг дайчид улсынхаа гол радиостанцыг булаан эзэлж, төрийн эргэлт хийхийг санаархжээ.

Гэсэн ч армийн нөлөө бүхий офицеруудын дэгдээсэн төрийн эргэлтийг Габоны эрх баригчид тэр даруй нухчин дарж, улс орныхоо дотоодын нөхцөл байдлыг эргүүлэн хяналтандаа авсан байна. Энэ талаар Габоны эрх баригчид мэдээлж, улс орондоо эргээд хэвийн байдал тогтоож, нөхцөл байдлыг хяналтандаа оруулсан талаар сүүлд мэдээлжээ. 

Габоны Үндэсний гвардийн цэрэг дайчид улсынхаа армийн нөлөө бүхий офицеруудын удирдлаган дор төрийн эргэлт хийхийг завдаж, нийслэл Либревиль хот дахь төв радиостанцыг булаан эзэлжээ. Тэд улсынхаа иргэдэд хандан ерөнхийлөгч Али Бен Бонго Ондимба-гийн эсрэг тэмцэлд нэгдэхийг уриалж, төрийн тэргүүнээ улс орноо удирдан залах чадваргүй, түүний гаргаж байгаа үйлдлийг хүлээн зөвшөөрөхийн аргагүй гэж мэдэгдэн, тэдэнтэй нэгдэн улс төрийн өөрчлөлт шинэчлэл явуулахад уриалжээ.

Image result for Gabon soldiers seize national radio station in coup attempt l Al Jazeera English

Габоны ерөнхийлөгч Али Бонго нь өнгөрсөн оны 10-р сараас хойш улс орноо орхин эзэнгүйдүүлж, Марокко улсад эмчилгээ сувилгаа хийлгэж байгаа юм. Сүүлийн 2 сарын туршид эзэнгүй байгаа улсынхаа тэргүүнийг Габоны иргэд өнгөрсөн шинэ жилээр, хоёр он солигдох мөчид 12-р сарын 31-нд цэнхэр дэлгэцээрээ харж, түүний Мароккогоос ирүүлсэн мэндчилгээг сонсчээ.

Тэгвэл улс орондоо төрийн эргэлт хийхийг санаархсан цэргийнхэн ерөнхийлөгчийн энэ үйлдлийг хүлээн зөвшөөрөх аргагүй, улс орноо олон сараар эзгүйдүүлж, төрийн эрх үүргээ биелүүлэхгүй байгаад буруутгажээ.

Али Бонго нь Габон улсын ерөнхийлөгчийн албан сэнтийд 2009 онд, өөрийн эцэг Омар Бонгог залгамжлан суусан юм. Түүнийг төрийн эрхэнд гарахаас өмнө эцэг Бонго Габон улсыг 42 жилийн туршид, насан эцэслэх хүртлээ тэргүүлсэн байна. Али Бонго-гийн ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 2006 онд дуусгавар болсны дараа тэрээр 2 дахиа улиран сонгогдсоныг Габоны сөрөг хүчнийхэн сонгуулийн дүнг өөрийн талд гаргаж, төрийн эрхээс буулгүй, эцгийнхээ нэгэн адил улс орныг хэмжээлшгүй эрх мэдэлтэйгээр захирахыг санаархаж байгаад буруутгахад хүргэжээ.

Габонд дэгдсэн төрийн эргэлтийг эрх баригчид таслан зогсоож, улсын төв радиостанцыг булаан эзлэхэд гар бие оролцсон 4 хүнийг баривчлан саатуулжээ. Тэгвэл албаны эх сурвалжийн мэдээлснээр эдгээр саатуулагдсан хүмүүс нь Габоны армид алба хаадаггүй болохыг тогтоосон байна. Улс орондоо төрийн эргэлт хийхийг санаархсан хүмүүс тэдний  гол зорилго нь Габонд ардчиллыг сэргээхийг завдсан гэсэн тайлбар өгчээ. Тэд радиостанцын барилгыг орон нутгийн цагаар даваа гарагийн үүрээр 04 цаг 30 минутын алдад хяналтандаа оруулж, улмаар “Үндэсний сэргээн босголтын зөвлөл” гэх түр хороо байгуулснаа зарлаж, улсынхаа эрх баригчдыг буулган, улс төрийн эргэлт хийхэд уриалжээ. Тэгвэл ийнхүү босогчид төрийн эргэлт хийхийг завдсаны дараагаар нийслэл Либревиль хотын гудамжнаа танк, хуягт машинуудыг гаргаж, эрх баригчид улс төрийн босогчид тэмцэгчдийг хүчээр буулган авч, эмх журмыг дахин тогтоожээ.

ГАБОН

Габон улс нь Африкийн төв хэсэгт, Гвиней, Камерун, БН Конго улстай хиллэн байрладаг, 2 сая гаруй хүн амтай улс орон юм. Габон нь Францын колони байсан улс орон. 1960 онд тусгаар тогтнолоо олж авснаас хойш хар тивийн хамгийн тогтвортой улс орнуудын нэгт тооцогдож байжээ. Габон улс нь улс төр, эдийн засгийн хувьд харьцангуй тогтвортой хөгжиж, нэг хүнд ноогдох ДНБ-ий хэмжээгээр Африк тивд дээгүүрт бичигддэг байна. Габон улсын тогтвортой хөгжлийн нууц нь энэ улс нефть, байгалийн хий болоод хүдрийн нөөц баялаг ихтэй байдагтай нь холбоотой юм. Габон улс нь нефть экспортлогч улс орнуудын нийгэмлэг болох ОПЕК-ийн гишүүн улс орон юм.

Image result for Gabon soldiers seize national radio station in coup attempt l Al Jazeera English

     

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө