Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Кенид “Аль Шабаб” бүлэглэлийн дайчид зочид буудал руу халджээ

  Б.Оюун 2019-01-16 565

Кенийн нийслэл Найроби хотод исламын “Аль Шабаб” бүлэглэлийн дайчид зочид буудлын барилга руу халдаж, улмаар гэм зэмгүй  хүмүүсийг барьцаалсан хэрэг явдал гарчээ. Найроби хотын баячуудын дүүрэгт байрлах 5 одтой “Дусит” зочид буудалд болсон халдлагын улмаас орон нутгийн эрх баригчдынх нь мэдээлж байгаагаар 14 хүн өртөн амиа алдаад байна.

Энэ тоо цаашид өсч болзошгүй гэдгийг мөн мэдээлж байгаа юм. Найробид болсон халдлага Кенийн нийслэлд сүүлийн 5 жилийн хугацаанд болсон анхны томоохон халдлага болжээ.

Найроби хотын зочид буудлын цогцолбор луу халдсан зэвсэгт дайчид халдлагынхаа араас хүмүүсийг барьцаалсан юм. Цагдаа хүчнийхэн халдлагын газарт шуурхай ирж, тусгай ажиллагаа явуулан зочид буудлын давхруудыг нэг нэгээр нь цэвэрлэж, барьцаанд авсан хүмүүсийг суллаж байна.

Орон нутгийн эрх баригчдын мэдээлж байгаагаар 15 цагийн алдад зочид буудлын барилгад машинтай этгээдүүд ойртон ирж, улмаар харуулын албаны ажилтнууд руу гал нээн цогцолборт нэвтэрсэн байна.  Улмаар тэд зочид буудлын гаднах зогсоол дээр байсан машинуудыг тэсрэх бөмбөг шидэн дэлбэлж, дотогш нэвтэрчээ. Цагдаа хүчнийхнийг халдлагын газарт ирэх үед зэвсэгт дайчид тэдний өөдөөс мөн гал нээж, тэсрэх бөмбөг шидэн, улмаар буудлын барилгад орж бүгэн, ингэхдээ замдаа тааралдсан хүмүүсийг барьцаанд авчээ.

Халдлагад өртсөн “Дусит” зочид буудал нь Найроби хотын хойд дүүрэгт байрлах, 5 одтой, дээд зэрэглэлийн буудал юм. Зочид буудал 101 өрөөтэй, буудлын цогцолборт олон улсын гадны байгууллага, компанийн офисууд мөн байрладаг байна. Зочид буудалд ихэнхдээ гадныхан буудалладгаас гадна ресторан, зоогийн газар, баар байдаг учраас гадны үйлчлүүлэгч олонтой байдаг гэнэ.

Найробид болсон халдлагын хариуцлагыг Сомалийн “Аль Шабаб” исламын алан хядах бүлэглэл өөртөө хүлээж, Кенийн эрх баригчид болсон явдлыг террорист халдлага гэж дүгнэсэн байна.

Кенийн нийслэлд өмнө нь мөн дээрхтэй адил халдлага дайралтууд нэг бус удаа гарч байжээ. 2015 онд Кенийн Гарисса хотыних сургуулийн барилга руу зэвсэгт этгээдүүд халдсанаас 150 оюутан алагдаж байсан юм. Тэгвэл энэ халдлагаас хоёр жилийн өмнө 2013 онд “Аль Шабаб бүлэглэлийн дайчид Найроби хотын Westgate худалдааны төвд мөн халдлага үйлдэж, 67 хүн амиа алдаж  байжээ. Эдгээр бүх халдлагыг үйлдсэн “Аль Шабаб” исламын радикал бүлэглэл нь Сомалид шариатын улс орон байгуулах зорилготой, ингэхдээ Зүүн Африкийн улс орнуудад террорист халдлага дайралт үйлдсээр ирсэн юм.

Военные в Кении

Эвакуация людей

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө