Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ОХУ-Японы талууд энхийн гэрээнд нэгдэнэ

  Б.Оюун 2019-01-23 634

​ОХУ, Япон улстай 1956 онд хоёр улсын хооронд байгуулж байсан энхтайвны тунхаг бичиг дээр тулгуурлан энхийн гэрээ хэлцэл байгуулах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин энэ талаар Москва хотноо Японы засгийн газрын тэргүүн Шинзо Абэг хүлээн авч уулзах үеэрээ онцлон мэдэгдсэн байна. Кремльд болсон уулзалтын дараагаар хийлгэсэн хамтарсан хэвлэлийн бага хурал дээр Путин, Абэ нар цаашид хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүх талаар хөгжүүлж, Москва-Токиогийн хооронд үүссэн үл ойлголцох байдлыг даван туулж, хоёр улсын хамтарсан энхийн гэрээ хэлцлийг цаг алдалгүй байгуулах хүсэл сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.

Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлж байгаагаар ОХУ-Япон улсын хооронд ерөнхий сайд Шинзо Абэгийн Москвад хийсэн ажлын айлчлалын үеэр хүрсэн тохиролцоог дагаж мөрдөн, хэрэгжүүлэхийн тулд талууд шат дараатай ажил явуулж, үе шаттай яриа хэлэлцээрүүд явуулахаар тогтсон байна. Хоёр улсын тэргүүнүүд, мөн дипломатууд Орос-Японы хооронд энхийн гэрээ хэлэлцээр байгуулах зорилгоор хэд хэдэн томоохон уулзалт, тэр дундаа олон улсын түвшинд бага хурал, зөвлөгөөн явуулахаар тогтсон байна. Тухайлбал ОХУ болон Японы гадаад хэргийн сайд нар Мюнхений олон улсын аюулгүйн асуудлаарх бага хурлын хүрээнд дээрх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэхээр тохиролцжээ.

Абэ болон Путин нар өмнө нь өнгөрсөн оны 11-р сар Сингапурт болсон Зүүн-Азийн улс орнуудын дээд хэмжээний уулзалтын үеэр хоёр улсын хооронд 1956 оны 10-р сарын 19-нд байгуулсан Зөвлөлт болон Японы хоорондын хамтарсан тунхаг дээр үндэслэн энхийн гэрээ хэлэлцээр байгуулах асуудлыг хөндөн, энэ дагуух яриа хэлэлцээрийг эрчимжүүлэхээр тогтоод байжээ.

Хоёр улсын хооронд 1956 онд байгуулсан хамтарсан тунхагт Зөвлөлт Орос болон Япон улсууд дайны байдалтай байсныг зогсоож, хоёр улсын хооронд дипломат болон консулын харилцаа холбоог сэргээхээр заасан байна. Түүнчлэн Зөвлөлт засаг Шикотан арал болон бага Куриллын эргэн тойрны хүн оршин суудаггүй жижиг арлуудыг Японы талд шилжүүлэн өгөхөөр зөвшөөрч, энэхүү тохиролцоог дагаж мөрдөхийн тулд хоёр улсын хооронд энхийн гэрээ хэлэлцээр байгуулах нөхцлийг тусгасан юм. Гэвч 1960 онд Япон болон АНУ-ын хооронд байгуулсан Номхон далайн бүсийн гэрээний улмаас ЗХУ, Японтой байгуулсан тунхагаас гарч, газар нутгийн маргаантай арлуудыг Японы талд өгөхөөс татгалзсан юм. Энэхүү маргаантай асуудал өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй хэвээр үлдэж, хоёр улсын хоорондын харилцааг сааруулах гол шалтгаан нөхцөл хэвээр байгаа юм.

Тэгвэл талууд Москвад болсон уулзалтаар хоёр улсын хооронд олон жилийн туршид яригдаж байгаа ч тодорхой ахиц дэвшил гараагүй байсан ОХУ болон Японы хооронд энхийн гэрээ хэлцэл байгуулах асуудлыг байрнаас нь хөдөлгөж чадсандаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байгаа юм. Хэдийгээр хоёр улсын хооронд санал зөрөлдөөнтэй олон асуудал байгаа хэдий ч харилцаагаа өнөөгийн түвшнээс дээшлүүлж, хэтийн харилцааны асуудлаар хэлэлцэж, цаашдын хамтын ажиллагаагаа хөндөн хэлэлцэж, тодорхой ахиц дэвшил гаргасныг Москвад болсон энэ удаагийн уулзалтын гол үр дүн гэж харж байна.

Орос, Японы хоорондын харилцаанд саад тотгор учруулж байгаа асуудлуудын гол нь газар нутгийн маргаантай Куриллын арлуудын статусыг тодорхойлох асуудал байгаа юм. Оросын гадаад хэргийн яамнаас өнгөрсөн долоо хоногт гаргасан мэдэгдэлд Куриллын арлууд нь Оросын хууль ёсны газар нутаг, тиймээс Японы тал энэ нутгийг өөрийн болгох асуудал хаалттай гэдгийг онцолсон юм. Гэсэн хэдий ч Японы ерөнхий сайдын Оросод хийсэн айлчлалын өмнө магадгүй Оросын тал энэ асуудал дээр буулт хийж, Куриллын арлуудыг арлын энэ улсын талд шилжүүлэн өгч магадгүй юм гэсэн асуудал үүсч, Куриллын иргэд Москвагийн энэ байр суурийг эсэргүүцэн жагсаал зохион байгуулсан юм.

Японы засгийн газрын тэргүүн ОХУ-д даваа гарагт ажлын айлчлал хийхээр хүрэлцэн ирж, мягмар гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай албаны яриа хэлэлцээр хийжээ. Путин болон Абэ нарын хувьд энэ удаагийн уулзалт нь тэдний 25 дахь удаагийн нүүр тулсан уулзалт болсон юм.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө