Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Юлия Тимошенко Украины ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөнө

  Б.Оюун 2019-01-24 684

Украина “Батьковщина” буюу “Эх орон” нам, намынхаа их хурлаар удахгүй болох ерөнхийлөгчийн сонгуульд намын дарга, Дээд Радын гишүүн Юлия Тимошенког нэр дэвшүүлжээ.

Украины улс төр дэх “төмөр хатагтай” гэх нэр зүүсэн Юлия Тимошенко улсынхаа засгийн газрыг тэргүүлж байсан хашир туршлагатай улс төрч юм. Түүний нэрийг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн нь оновчтой сонголт гэж ихэнх иргэд, улс төрийн ажиглагчид үзэж байна. Учир нь хатагтай Тимошенког зөвхөн эх оронд нь төдийгүй олон улсын тавцанд, дэлхий нийт сайн таньдаг юм.

Үнэхээр ч олон нийтийн дунд явуулсан санал асуулгаар Батьковщина намын тэргүүн Юлия Тимошенко Украины ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх бусад нэр дэвшигчдээс хамгийн их олонд танигдсан, нэр хүндтэй улс төрч болох нь тодорхой байгаа юм. Хатагтай Тимошенкогийн хувьд тэрээр ерөнхийлөгчийн сонгуульд албан ёсоор 3 дахь удаагаа нэр дэвшиж байгаа юм. 2010 оны сонгуулиар тэрээр Виктор Януковичид 890 мянган саналаар ялагдсан бол 2014 онд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж, Пётр Порошенкод ялагдан 2-рт жагсаж байжээ. Тэгвэл ирэх 3-р сарын 31-нд Украинд болох ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд түүнийг  амжилттай оролцож, ямартаа 2-р шатанд тунаж үлдэх нь тодорхой гэж харж байна. 

Энэ сарын 22-нд болсон Батьковщина намын их хурлаар намын 10 мянга гаруй гишүүн бараг нэгэн дуугаар хатагтай Тимошенког ирэх ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхийг дэмжсэн байна. Сонгуульд нэр дэвшин өрсөлдөх нэр дэвшигчдийн бүртгэл ирэх 2-р сарын 3-ныг хүртэл үргэлжлэх юм. Намын их хурлаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Тимошенко өчигдөр материалаа бүрдүүлэн улсынхаа сонгуулийн төв хороонд албан ёсоор бүртгүүлсэн байна.

СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧИД

Украины ерөнхийлөгчийн сонгуульд өнөөдөр олны анхааралд өртөөд байгаа хатагтай Тимошенкогоос гадна Украины одоогийн тэргүүн Пётр Порошенко улиран өрсөлдөхөөс гадна сөрөг хүчний тэргүүн Юрий Бойко, Украины батлан хамгаалахын сайд асан Анатолий Гриценко зэрэг 13 хүн нэр дэвшин өрсөлдөх нь тодорхой болоод байгаа юм. Нэр дэвшигчид сонгуулийн төв хороонд бүртгүүлэхийн тулд урьдчилан сонгогчдын дэмжлэг авсан санал цуглуулах шаардлагагүй, харин 2,5 сая гривентэй тэнцэх барьцаа хөрөнгө төлөх шаардлагатай байдаг гэнэ.

Украины олон нийтийн судалгааны албадын мэдээлж байгаагаар ирэх сонгуульд Батьковщина намаас нэр дэвшигч, хатагтай Тимошенко тэргүүлэх магадлал өндөр байгаа юм. “Социс” судалгааны албаны явуулсан санал асуулгаар сонгуулийн эхний шатанд түүний төлөө иргэд сонгогчдын 14,4% нь шууд саналаа өгөхөд бэлэн байгаа бол гол өрсөлдөгч нь болох Порошенкогийн төлөө 10,8% нь саналаа өгнө гэдгээ илэрхийлжээ.

Мөн Киевын социологийн судалгааны албаны мэдээгээр хэрвээ сонгуулийн хуудсанд 20 нэр дэвшигч багтвал Тимошенко 11,5%, хэрвээ ойролцоогоор 10-аад нэр байвал 12,6%-иас дээш санал авах нь тодорхой байгаа юм.

ТИМОШЕНКО ГЭЖ ХЭН БЭ?

1997-2000

Украины ерөнхийлөгчийн сонгуульд Батьковщина намаас нэр дэвшиж байгаа Юлий Владимировна Тимошенко нь 1960 онд төрсөн, энэ жил 58 настай, нэртэй улс төрч, төрийн зүтгэлтэн, 1997 оноос хойш Дээд Радын гишүүнээр сонгогдож, төр албанд өндөр албан тушаал хашсаар иржээ. Юлия Тимошенко 2005 оны 2-р сарын 4-өөс 9-р сарын 8, мөн 2007 оны 12-р сарын 18-наас 2010 оны 3-р сарын 3-ны хооронд улсынхаа ерөнхий сайдын албыг хоёронтаа хашсан, мөн 1999-2001 оны хооронд улсынхаа эрчим хүчний асуудал хариуцсан засгийн газрын шадар сайдаар ажиллаж байсан, одоогоор Украины түүхэн дэх цорын ганц эмэгтэй ерөнхий сайд хэмээн бичигддэг, мөн ТУХН-ийн орнуудаас төрийн өндөр алба хашиж, ерөнхий сайдаар ажиллаж байсан эмэгтэй юм. Бүх Украины нэгдэл гэгддэг Батьковщина намын тэргүүн. 2004 онд Виктор Ющенкогийн хамтаар улс орондоо “жүржийн хувьсгал” өрнүүлж байсан юм. Forbes сэтгүүл Юлия Тимошенког 2005 онд дэлхийн хамгийн нэр нөлөөтэй эмэгтэйчүүдийн жагсаалтын 3-рт бичиж байжээ.

2001-2004

2005-2008

Хатагтай Тимошенко Украины улс төрд 1997 оноос, анх улсынхаа Дээд Радын гишүүнээр сонгогдон орж байжээ. 2001 онд Оросын байгалийн хийг хууль бусаар нийлүүлсэн контрабандын хэргээр шалгуулж, шоронд 42 хоног саатуулагдан, улмаар суллагдаж байжээ.

Юлия Тимошенко улсынхаа засгийн газрыг 2 удаа тэргүүлж, ерөнхийлөгчийн сонгуульд 3 удаа нэр дэвшиж байгаа юм. 2011 онд ерөнхийлөгч Виктор Януковичийн засаглалын он жилүүдэд ОХУ-тай хийсэн байгалийн хийн нийлүүлэлтийн гэрээнд албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэргээр 7 жилийн хорих ял сонсч байсан. 2014 онд Украинд төр засаг солигдсоны дараа суллагдаж байжээ.

2019 оны Украины ерөнхийлөгчийн сонгуульд “Украины хөгжлийн шинэ чиг хандлага” гэсэн мөрийн хөтөлбөртэй оролцож, улс орноо эдийн засгийн шинэ бодлого, дэлхий нийттэй харилцах шинэ стратеги, олон нийтийн шинэ байр суурийг уриа болгон улсынхаа тэргүүнийг сонгох сонгуульд оролцоно.

Хатагтай Тимошенког түүний урт, бүдүүн сүлжсэн үсээ толгойгоо тойруулан ороосон дүр төрхөөр нь илүүтэй таньдаг бол улс төрд дахин шинээр орж ирэхдээ гадаад төрх, имижээ ч мөн шинэчлэн өөрчилжээ.

2009-2012

2013-2016

2017-2019

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө