Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Трамп Ерөнхийлөгч Конгресст хандан эв нэгдэл, энхтайван байдалд уриалав

  М.Даваадулам 2019-02-08 538

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Конгрессийн нийт гишүүдэд хандан эв нэгдэл, энхтайван байдалд уриаллаа. Цагаан ордны тэргүүн жил бүр уламжлал ёсоор хууль тогтоогчиддоо хандан улс орны нөхцөл байдлын талаарх илгээлт дайдаг. АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч мягмар гарагт хийсэн илгээлт-мэдэгдэлдээ сөрөг хүчинд хандан, өөрийнх нь эсрэг үүсгэж буй аливаа мөрдлөгөө зогсоохыг уриаллаа. АНУ эдийн засаг болон нийгмийн хөгжилд томоохон “үсрэлт” хийх бүрэн боломжтой. Төрийн эрхийг баригч Бүгд Найрамдах нам эдгээр боломжийг ашиглахын тулд буулт хийхэд бэлэн гэдгийг ч ноён Ерөнхийлөгч онцоллоо.

Улс орны нөхцөл байдлын тухай илгээлтээр дамжуулан АНУ-ын төрийн тэргүүн улс орны нөхцөл байдал, цаашдын хөгжлийн чиг баримжааны талаарх өөрийн үзэл баримтлалаа танилцуулж, өөрийн Засгийн газрын хийж хэрэгжүүлэх бодлогын тэргүүлэх чиглэлийг тодорхойлдог. Тиймээс дотоодын улс төрийн нөхцөл байдал болон үндэсний эдийн засгийн хөгжлийн асуудлыг голчлон хөнддөг.

“Хязгааргүй” нөөц бололцоо

АНУ-ын хувьд хязгааргүй нөөц бололцоо бий гэдгийг АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өөрийн илгээлтийнхээ эхэнд онцолсон юм. Тиймээс энэ нөөц бололцоог улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн төлөө ашиглахад Ардчилсан намтай нягт, үр өгөөжтэй хамтран ажиллахад бэлэн гэлээ. Ардчилсан намын хувьд өнгөрсөн оны 11-р сард явагдсан завсрын сонгуулийн дүнгээр Парламентын доод танхимд олонхи болсон билээ. Харин Сенатын дийлэнх суудлыг Бүгд Найрамдахчууд эзэмшиж байгаа.

“Өнөөдрийн илгээлт бол Бүгд Найрамдах намын, аль эсхүл Ардчилсан намынх биш. Энэ бол Америкийн ард түмний илгээлт” гэдгийг ноён Трамп тэмдэглэсэн юм.

“Америкийн улс төрд шинэ таатай боломж нээгдэж байна. Гагцхүү түүнийг зөв зохистой ашиглан хэрэгжүүлэх чин зориг хэрэгтэй. Ялалт гэдэг нь зөвхөн намын эрх ашгийг хэлэхгүй. Ялалт гэдэг нь улс орны эрх ашиг юм” гэлээ.

АНУ-д үүсээд байгаа нам хоорондын маргаан, санал зөрчилдөөний улмаас хоёр оны босгон дээр Холбооны Засгийн газрын үйл ажиллагаа түр зогссон. Түр зогсолт энэ улсын түүхэнд хамгийн удаан буюу 35 хоног үргэлжилсэн. Ерөнхийлөгч Трампын илгээлтийг 1-р сарын 29-ний өдөр товлосон байсан ч, энэ асуудалтай холбогдуулан хойшлуулжээ.

Гадаад бодлогын гол шинэ мэдээ

Энэ удаад Трамп Ерөнхийлөгч өөрийн илгээлтдээ дотоодын гэхээсээ илүүтэй гадаад бодлогыг голчиллоо. Тэр дундаа шинэ мэдээ түгээсэн нь АНУ болон БНАСАУ-ын лидерүүдийн ээлжит уулзалтыг энэ сарын сүүлчээр Вьетнам улсад хийх тухай зарласан явдал байлаа.

Вашингтон гадаад дипломат бодлогоо шинэ чиглэлийн дагуу удирдан залж байгааг АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп онцолсон. Улмаар Солонгосын хойгт энхтайван байдал тогтоох түүхэн оролдлого хийж хэрэгжүүлж байгаа гэсэн юм. Энэ санаачилга, хүчин чармайлттай холбогдуулан Пхеньян өөрийн улсад ял эдэлж, хоригдож байсан Америкийн хэд хэдэн иргэнийг сулласан, мөн цөмийн туршилтаа зогсоосон, пуужин хөөрхөн туршихаас татгалзсан гэдгийг Цагаан ордны тэргүүн тэмдэглэлээ.

“Хэрэв намайг АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгоогүй байсан бол, миний бодлоор, бид Умард Солонгос улстай томоохон дайн явуулж, олон сая гэм зэмгүй хүн үрэгдэх байсан” гэж АНУ-ын төрийн тэргүүн онцолсон юм.

Мөн Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах зорилгын хүрээнд цаашид олон ажил хийж хэрэгжүүлэх хэрэгтэй. “Ким Жон Унтай би сайн харилцаатай” учир тэдгээр ажлыг гүйцэтгэхэд төвөг саад бага учирна гэдгийг ч тэмдэглэлээ.

ОХУ болон пуужин

ОХУ-ын талаар Трамп Ерөнхийлөгч илгээлтдээ нэг л удаа дурьдсан. Дунд болон ойрын зайн тусгалтай пуужин устгах гэрээний оролцогч талуудыг нэмж, өргөжүүлсэн нөхцөлд тус гэрээнд эргэн нэгдэх боломжтой гэлээ. Тус гэрээг ОХУ олонтаа зөрчсөн гэдгийг Конгрессын өмнө үг хэлэхдээ Трамп Ерөнхийлөгч  онцолсон. Тиймээс ч АНУ тус гэрээнээс гарч байгааг дэлхий нийтэд зарласан гэлээ.

АНУ тус гэрээнээс гарч буй талаар мэдэгдсэний дараа өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ч ОХУ тус гэрээнээс гарч байгааг зарласан. 1987 онд тус гэрээг ЗХУ болон АНУ хооронд байгуулж байсан. ЗХУ тарж бутарсантай холбогдуулан сүүлд тус гэрээнд ОХУ болон АНУ-аас гадна Беларусь, Казахстан, Украин улс нэгдсэн байдаг.

Венесуэл улс дахь нөхцөл байдал

Өнөөдөр дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа Венесуэл улс дахь нөхцөл байдлыг ч Трамп Ерөнхийлөгч орхигдуулсангүй. Өмнөд Америкийн тус улсад дотоодын улс төрийн хямрал дэгдэж, нөхцөл байдал хурцадсан хариуцлагыг Николас Мадуро тэргүүтэй Засгийн газарт Ерөнхийлөгч Трамп тохож байна.

Үр ашиггүй социалист бодлого эрхлэн явуулж байгаад Мадурогийн дэглэмийг буруутгаад, Өмнөд Америкийн хамгийн баян улс орныг хамгийн ядуу шахуу орон болгосон бурууг ч тохлоо.

Сири улсыг “орхих”

“Исламын улс” бүлэглэлтэй хийж буй тэмцлийн талаар Сири улсаас зэвсэгт хүчнээ гаргах шийдвэр нь хүчинтэй хэвээр байгааг хэллээ.

“Цагаан ордны тэргүүний суудалд намайг суухад “Исламын улс” бүлэглэл Ирак болон Сири улсад 5 мянга гаруй кв.км газар нутгийг булаан эзэлж, хяналтандаа байлгаж байсан. Өнөөдөр бид энэ нутаг дэвсгэрийг бүхэлд нь шахуу цуст алуурчдаас чөлөөлж чадсан. Тиймээс Сири улсад тулалдаж буй дайчдаа гэрт нь эргүүлэн авчрах цаг болсон” гэж Трамп Ерөнхийлөгч мэдэгдлээ.

Афганы асуудал

Афганистан дахь нөхцөл байдлыг талаар асуудлыг зохицуулахын тулд АНУ-ын Засгийн газар ажиллаж байгаа. Сөргөлдөгч талуудтай аль алинтай нь хэлэлцээр явуулж байгаа. Америкийн хувьд тус улс дахь цэргийн хүчнийхээ тоог цөөлөх эцсийн зорилготой гэлээ.

Иранд анхааруулав

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Иран улсад мөн анхааруулга өглөө. Цөмийн зэвсэг үйлдвэрлэж, Ойрхи Дорнодод энхтайван байдал тогтоох үйл явцад саад хийх гэсэн оролдлогоосоо татгалзахыг Тегеранд уриаллаа.

Иран улсын эрх баригчдыг төр засгийн түвшинд терроризмыг хөхиүлэн дэмжиж байгаа гол спонсор хэмээн нэрлэлээ.

Худалдаа, эрүүл мэнд хамгаалал, цагаачлал

Олон улсын худалдаа эдийн засгийн асуудлын талаар Конгресс аль хэдийнэ харилцан адил тэгш зарчмын дагуу зарим улс орны эсрэг хил гаалийн татвар оноох хуулийн төсөл баталсан гэдгийг Трамп Ерөнхийлөгч мэдэгдлээ. Харилцан ашигтай худалдааны талаарх хууль батлахыг Ерөнхийлөгч Трамп Конгрессын гишүүдэд уриаллаа.

Хятад улстай үргэлжилж буй худалдааны маргааны талаар хоёр талт худалдаа эрхлэлтэд Хятадын талын гаргаж буй шударга бус байдалтай тэмцэж, улмаар шударга бус байдлыг халахын төлөө Вашингтон ажиллана гэлээ.

Мөн 2030 он гэхэд АНУ-д ДОХ-ын халдвар болон хүүхдүүдийн дунд хавдарт өвчний тархалтыг бууруулах хэд хэдэн санаачилга дэвшүүллээ. Сүүлийн жилүүдэд АНУ ДОХ болон ХДХВ-тэй тэмцэхэд үнэмлэхүй амжилт гаргасан гэдгийг Ерөнхийлөгч Доналд Трамп тэмдэглэсэн юм.

200 жилийн түүхт уламжлалт

Конгрессын өмнө улс орны нөхцөл байдлын талаар илгээлт дайх уламжлал 200 гаруй жилийн түүхтэй юм. Анхны Ерөнхийлөгч Жорж Вашингтон 1790 онд анх Конгресстоо хандан илгээлт дайж байжээ. Энэ талаар Үндсэн хуулиндаа тусгасан байдаг байна. 1801 онд АНУ-ын гурав дахь Ерөнхийлөгч Томас Жефферсон илгээлтээ бичгээр Конгресстоо хүргүүлжээ. 1913 оныг хүртэл ийнхүү бичгээр хүргүүлж байсан байна.

Уламжлал ёсоор илгээлтийг мягмар гарагт хийдэг. 43 дахь Ерөнхийлөгч бага Жорж Буш, 44 дэх Ерөнхийлөгч Барак Обама нар даваа болон лхагва гарагт хийж энэ бичигдээгүй уламжлалаас хазайж байсан тохиолдол бий.

АНУ-ын Ерөнхийлөгчийн Конгресстоо хандсан илгээлтийг анх 1923 онд, Калвин Куллиж Ерөнхийлөгчийн илгээлтийг радиогоор дамжуулж байсан байна. Харин Харри Трумэний үед 1947 онд телевизээр дамжуулсан байна. Хагас зуун жилийн дараа 42 дахь Ерөнхийлөгч Билл Клинтоны үед интернэтээр шууд дамжуулжээ.

Хамгийн урт илгээлтийг 42 дахь Ерөнхийлөгч Билл Клинтон дайжээ. 89 минут үргэлжилсэн байна. Харин хамгийн богино нь 31 минут үргэлжилсэн бөгөөд 40 дэх Ерөнхийлөгч Роналд Рейганы илгээлт юм.

Өнгөрсөн жил Трамп Ерөнхийлөгчийн илгээлт 80 минут үргэлжилсэн бол энэ жил 82 минут үргэлжилжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө