Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

МИ-6, “МОССАД”, CIA хамтран Ираны эрдэмтнийг оргуулжээ

  Б.Оюун 2019-02-11 1405

Их Британи, АНУ, Израилийн тусгай албад хамтран шинэ оны өмнө Ираны цөмийн эрдэмтнийг Ла Маншийн хоолойгоор нууцаар гаргах тусгай ажиллагаа явуулсан байна. Энэхүү нууц ажиллагааны талаарх мэдээллийг саяхныг хүртэл нууцалж байжээ. “Sunday Express” сонины мэдээлж байгаагаар Ираны эрдэмтнийг хууль бус цагаачдын сууж явсан завин дээр суулгаж, нууцаар Ла Маншийн хоолойгоор гаргаж, Их Британид аваачсан байна.

Нууц ажиллагааг Их Британийн МИ-6, Израилийн “Моссад”, Америкийн тагнуулын нууц албаныхан хамтран оны өмнө явуулжээ. Тэд Ираны цөмийн физикч 47 настай эрдэмтнийг ийм маягаар Их Британид авчирсан байна. Түүнийг 2012 онд Ираны эрдэмтэн Мустафа Ахмади Рошаны аминд халдсан хэрэгт холбогдуулан шалгаж байжээ. Ираны эрдэмтний аминд халдсан хэргээр тухайн үед 20-иод хүнийг сэжиглэн баривчилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулан, аллагын цаана Америк, Израилийн тусгай албадыг байгаа гэж үзэж байжээ.

Тэгвэл өнгөрсөн оны 10-р сараас эхлэн Барууны тусгай албад тусгай агентыг нь илрүүлж болзошгүй гэдгээс эмээж дээрх ажиллагааг зохион байгуулсан гэж үзэж байна. Энэхүү ажиллагааны хүрээнд Моссад Иранаас өөрийн нууц ажилтныг гаргаж, дүрвэгсдийн дунд нуун, улмаар АНУ руу гаргажээ.

Ийнхүү нууцаар гаргасан агент сүүлд Английн талд Иран улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс батлан гаргасан хоригийг дагаж мөрдөж, үүргээ биелүүлж байгаа талаар мэдээлсэн байна. Ираны цөмийн асуудлаарх олон талт гэрээнээс өнгөрсөн оны 5-р сард АНУ нэг талт байдлаар гарсан.

Ираны цөмийн эрдэмтдийн амь насанд халдах гэсэн хэрэг 2010 оноос хойш 5 удаа гарсан гэж үздэг. Ингэхдээ эрдэмтдийн амь насанд шууд болон шууд бусаар халдаж байжээ.

2012 оны 8-р сард Ираны телевизээр цөмийн 5 эрдэмтний аминд халдахад оролцсон хэргээ хүлээсэн Ираны иргэдийн мэдүүлэг бүхий бичлэгийг гаргаж байжээ. Тэрхүү бичлэгэн дээр Ираны эрдэмтдийн эсрэг халдлагыг зохион байгуулахад оролцсон хүмүүс Израилийн Тель Авивын дор байрлах тусгай баазад бэлтгэл хийснээ хүлээсэн байна.

Ираны цөмийн эрдэмтдийн аминд халдсан дээрх тохиолдлуудыг яг нэг арга барилаар үйлдсэн болохыг тогтоожээ. Халдлагыг зохион байгуулагчид гурван хэсэг болон хуваагдаж, эхнийх нь эрдэмтдийн сууж яваа машины урдуур орж, хурдыг нь сааруулж, улмаар араас нь мотоциклтой хүмүүс ирж машиныг нь дэлбэлэн, улмаар халдлагын газраас холгүй 3 дахь хэсэг нь хүлээж, аливаа эрсдэл гарахаас хамгаалан ажилладаг байна.

Ираны эрдэмтдийн аминд халдсан хэргүүдийн цаана Америк, Израилийн тусгай албад байгаа гэж гэрчүүд нэг бус удаа мэдүүлж байжээ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө