Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Иран улс Ливанд зэвсэг нийлүүлэхэд бэлэн

  Б.Оюун 2019-02-11 837

Ираны гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф Ливан улсад ажлын айлчлал хийхээр хүрэлцэн иржээ. Түүний айлчлалын гол зорилго нь Иран улсаас Ливанд зэр зэвсэг нийлүүлэх асуудлыг хэлэлцэх явдал гэдгийг олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолж байна. Жавад Зариф Бейрутад саатах хугацаандаа Ливаны эрх баригчидтай хэд хэдэн үе шат бүхий уулзалт, яриа хэлэлцээрүүд хийж байгаа юм.

Ираны гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф Бейрутад хийсэн мэдэгдэлдээ, хэрвээ Ливан Иран улсад хандан цэрэг зэр зэвсгийн тусламж хүсвэл Тегераны тал хүсэлтийг тэр даруй хүлээн авахад бэлэн гэдгээ мэдэгдсэн байна. Haaretz сонины мэдээлснээр Зариф энэ талаар мэдэгдэхдээ цэрэг, батлан хамгаалахын тал дээр Иран улс Ливанд дэмжлэг туслалцаа үзүүлэхэд хэзээд бэлэн гэдгийг онцолжээ.

Ираны гадаад хэргийн сайдын Ливан улсад хийж байгаа ажлын айлчлалын хөтөлбөрт энэ улсын эрх баригчидтай уулзахаас гадна гадны улс орнуудад алан хядах, террорист байгууллага гэгддэг “Хезболла” бүлэглэлийн албаны төлөөлөгчидтэйхийх уулзалт багтжээ.

Ираны гадаад хэргийн сайдыг дагалдан Ливанд Ираны 30 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг яваа юм. Жавад Зариф айлчлалынхаа гол зорилгыг Ливаны шинэ засгийн газартай цаашид бүх талаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж, шаардлагатай тохиолдолд цэрэг, зэр зэвсгийн тусламж үзүүлэхэд татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлэх явдал байгаа юм.

Мухаммад Зариф Бейрутад хийж байгаа айлчлалаа Ливан дахь Ираны ЭСЯ-нд Хезболла бүлэглэлийн албаны төлөөлөгчдийг хүлээн авах уулзалтаар эхлүүлжээ.

Түүнчлэн өнөөдөр Ливаны ерөнхийлөгч Мишель Аун, ерөнхий сайд Саад аль Харири болон Ливаны гадаад хэргийн сайд Жебран Басиль нартай уулзах юм. Мөн зарим хэвлэл мэдээллийнхэний дамжуулж байгаагаар Ираны гадаад хэргийн сайд “Хезболла” бүлэглэлийн толгойлогч Хасан Насраллатай уулзахаар төлөвлөж байгаа гэнэ.

Ираны гадаад хэргийн сайд Ливан улсыг зорихоосоо өмнө Сирийн хамтрагч Валид Муаллемтай мөн уулзаж, Тегеран Дамаскад өргөн хүрээний тусламж үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлж байжээ. Энэ уулзалтын үеэр Иран, Сирийн талууд гадны улс орны нөлөөнөөс ангид байж, улс орныхоо тусгаар байдлыг хамгаалахад хамтарч ажиллан, Тегераны талаас Дамаскад улс орноо сэргээн босгоход нь бүх талаар дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлж, гадны халдан довтлогчдоос хамгаалах, аюулгүй байдлыг сахихад хамтарч ажиллахаар тогтжээ. 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө