Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Алжирын ерөнхийлөгч сонгуульд улиран өрсөлдөх хүсэлтэй байна

  Б.Оюун 2019-02-11 782

Алжирын ерөнхийлөгч, 81 настай Абдель Азиз Бутефлика улс орондоо удахгүй болох ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин улиран өрсөлдөх болно гэдгээ мэдэгджээ. Бутефликагийн хувьд энэ нь ерөнхийлөгчийн суудалд 5 дахь удаагаа улиран суух гэсэн оролдлого болох юм.

Алжирт ирэх 4-р сард болох сонгуульд нэр дэвшин өрсөлдөх болно гэдгээ Бутефлика иргэддээ хандан хийсэн улс орны нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдлын талаарх илгээлтийнхээ үеэр мэдэгдсэн байна.

81 настай Абдель Азиз Бутефлика 6 жилийн өмнө зүрхний шигдээс туссаныхаа дараанаас олон нийтийн дунд төдийлөн ил гарахгүй байгаа юм. Бутефлика улсынхаа төрийн тэргүүнээр анх 1999 онд сонгогдож, өнөөдрийг хүртэл төрийн эрхэнд суусаар байна.

Абдель Азиз Бутефлика анх 1999 онд улсынхаа тэргүүнээр сонгогдсоноосоо хойш 2004, 2009 болон 2014 онуудад ерөнхийлөгчийн суудалдаа улиран сонгогдож байжээ. Энэ хугацаанд тэрээр улс орондоо эрх баригчид болоод исламын хөдөлгөөний хоорондын зэвсэгт тэмцлийг зогсоож, улс орондоо аюулгүй тогтвортой байдлыг эргүүлэн тогтоож, гадны хөрөнгө оруулагчдыг төвлөрүүлж чадсан юм.

Алжирын ерөнхий сайд Ахмед Уяхья ерөнхийлөгч Бутефликагийн эрүүл мэндийн байдал түүнийг ерөнхийлөгчийн эрх үүргээ гүйцэтгэхэд нь огтхон ч саад учруулалгүй, тэрээр саруул ухаан, зүтгэлээрээ улс орноо удирдан жолоодох чадвартай гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Түүнчлэн Бутефликаг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөх гэж байгааг Алжирын эрх баригч эвсэлд нэгдэгч нам хүчнүүд болох парламент дахь олонхи болох Үндэсний чөлөөлөх фронт, Үндэсний Ардчилсан эвсэл, мөн түүнчлэн Алжирын Үндэсний хөдөлгөөн болон Алжирын мөрөөдлийн төлөөх эвсэл дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

Алжирт ирэх 4-р сарын 18-нд болох ерөнхийлөгчийн сонгуульд энэ улсын одоогийн төрийн тэргүүнээс гадна чөлөөндөө гарсан армийн генерал Али Гедири нэр дэвшин өрсөлдөж байгаа юм. Тэгвэл Алжирын улс төрийн сөрөг хүчний гол нам болох “Социалист хүчний фронт” нам ирэх сонгуулийн үйл явцад хориг тавих болно гэдгээ мэдэгдэж байгаа юм.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө